Өнгөрсөн оны усны тоо баримтын мэдээгээр 362 гол горхи, булаг шанд ширгэсэн байна.
Өрөг.мн сайтын сурвалжлах баг Туул гол дагуух хүмүүсийн хаясан хог, бохирдлын асуудлыг энэ удаа хөндлөө. Гол хавиар нойлын цаас, архины шил, эмэгтэйчүүдийн хэрэглэл, бэлгэвч гэх мэт маш их хог хаягдал бий болжээ. Бид нийслэл хотын төвөөс 10-20 км яваад л уултай, устай, модтой сайхан газруудад ирээд салхилах боломжтой нөхцөлд амьдардаг. Гэвч бидний ухамсаргүй үйлдлээс болж Туул голын эрэг дагуу газрууд яг л хогийн цэг шиг байдалтай байна. Хотын төвөөр бид цэмцгэнэсэн соёлтой сайхан залуусын жишгээр явдаг хирнээ гол устай газраар камергүй, олны нүдэнд өртөхгүй гэсэн шиг бүх хог хаягдлаа үлдээчхээд явж байна.
Иймд та бүхэн ядаж л бие засаж байгаа бол хэрэглэсэн цаасаа жижиг уутанд хийгээд буцаад аваад явж хэвшээрэй. Байгаль бидний ирээдүй, үр хүүхдэд үлдэх өв учраас байгаль, эх дэлхийдээ хайртай байхыг иргэд уриалж байна.
АМРАГЧИД…
- Хүмүүс цаас юм чинь байгальд шингэнэ. Хоолны үлдэгдэл юм чинь шингэнэ гэдэг. Жишээ нь манайх бүх хог, хоолны үлдэгдлээ хайрцганд хийчихсэн байгаа. Хоолны үлдэгдэл юу ч бай нохой шувуу иднэ гэж бодох хэрэггүй. Зүгээр л аваад явчих. Манай гэр бүл хог хаягдлаас болоод бургас руу явж чадахгүй байна. Гол руугаа ч явж чадахгүй эндээ ногоон зүлгэн дээрээ сууж байна.
- Харахад эргэн тойронд хогийн цэг байхгүй учраас би хогоо уутанд хийсэн байна. Авч яваад байрныхаа гадаа хогийн цэг дээр хаяна. Энд нэгдсэн хогийн цэг байхгүй. Үүгээр хоттой ойр учраас дандаа архидан согтуурч байгаа хүмүүс ирдэг юм байна. Модон дунд явахад битүү хог. Эрсдлээ бодож, үр хүүхдэдээ бид өөрсдөө үлгэрлэл болно. Хүүхэд бидний тусгал учраас хоггүй зуныг хаяглацгаая гэж уриалъя даа.
- Сая гол дотор архины шилнүүд байсан. Манай найзууд хөлөө гэмтээхээс их айж байгаа. гол дотор архины шилээ хаядаг ах эгч нарыг ухаан муутай гэж бодож байна. томчууддаа хандаж хэлэхэд гол дээр ирсэн бол хогоо авч яваарай.