Манай улс Азийн физикийн 23 дугаар олимпиадыг зохион байгууллаа. Тус олимпиад онолын болон туршилтын бодлогын хоёр хэсгээс бүрддэг юм байна. Бүх бодлогыг монголын багш нарын баг зохиосон. Зарим улс Европын холбооноос дэмжлэг авах гэх мэтээр бусад улсуудтай хамтарч бодлогоо зохиох тохиолдлууд байдаг. Харин манай эрдэмтэд бодлогоо өөрсдөө зохиож, олон улсын багийнхнаар 100 хувь хүлээн зөвшөөрүүлж чаджээ. БНХАУ тэргүүтэй улсууд олимпиадын бодлогыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ "Бодлого хэт хүнд байна" гэсний дагуу туршилтын нэг бодлогыг хассан гэж олимпиадын бодлогыг зохиосон эрдэмтэн, доктор М.Ганбат ярилаа. Азийн физикийн 23 дугаар олимпиадыг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулсан юм. Улсын физикийн олимпиадын хорооны дарга, Азийн физикийн 23 дугаар олимпиадын зохион байгуулах хорооны гишүүн М.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр “Бидний бодлого дээр гадны улсууд ямар ч эсэргүүцсэн сөрөг санал гаргаагүй нь бахархал гэж хэлж болно. Монголын талаас зохиосон туршилтын бодлого хүнд байна гэж Хятад, Австрали, Израйль зэрэг орны багууд бидэнд саналаа хэлсэн. Тэр хүмүүсийн бодлого хүнд байна гэж хэлж байхыг өмнө нь би сонсож байгаагүй. Энэ бол бас нэг бахархал. Хоёр туршилтын бодлогыг 5 цаг бодох ёстой байсан. Харин тухайн орнууд “Энэ бол 10 цаг бодох бодлого байна” гэсэн.
Нобелийн шагналтан Монгол ирээд нано бүтцийн тухай ярьж байна. Харин манайх майкро бүтэц буюу 1 мм-ийг 1 сая хуваасны нэгтэй тэнцэх, нүдэнд харагдахгүй объектийн хэмжээг дунд сургуулийн түвшний багажаар хэрхэн мэдрэх тухай туршилтыг бодлогодоо оруулсан байсан. Олимпиадын бодлого ихэвчлэн 3 утгат оронтой байдаг. Харин бид 7 утгат оронгоор бодлогоо зохиосон. Гэтэл ийм нарийвчлалтай туршилтыг ийм багажаар хийнэ гэж байхгүй гээд эхлээд багууд их эсэргүүцсэн. Бодолтын танилцуулгын явцад багууд маань туршилтын бодлогоо улам их ойлгосон. Гэхдээ хоёрдугаар бодлогын төгсгөлийн 3 онооны бодолтыг хассан. Тэр нь манай бодлогын амин сүнс нь байсан юм. Бараг шинэ нээлт гэж хэлж болохуйц бодлого байсан. Тэр бодлогын тайлбарыг эрдэмтэд анх удаа харсан. Ингээд багуудын хүсэлтийн дагуу бодлогоо хөнгөрүүлэх болоход тухайн санал гаргасан улсуудын багууд ирж уучлал гуйсан. Маш сонирхолтой бодлого зохиосон байна гээд Австрали, Хятад, Орос зэрэг орны олон баг хамгийн түрүүнд энэ туршилтын багажийг чинь авъя гэж баяр хүргэсэн. Азийн физикийн олимпиадыг бид зохион байгуулснаар физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр болж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.