Богд уулын тусгай хамгаалалттай газрын бүсийн маргааны улмаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 400 гаруй айл 93 га газраа алдахад хүрчээ. Иргэд Баягаль орчин, аялал жуулчлалын яам, харьяа байгууллагууд, Дүүргээс сонгогдсон гишүүдэд олон удаа хандсан ч нааштай хариу авалгүй, тодорхой шийдэлд хүрэлгүй байсаар өдийг хүрсэн байна. Газрын маргааны улмаас газраа алдахад хүрсэн иргэд 400 гаруй иргэн гарын үсэг зурж, XI хорооны Засаг даргадаа хүргүүллээ.
Ж.БАТБИЛЭГ: 10, 20 ЖИЛ АМЬДАРСАН ГАЗРААС НЬ ИРГЭДИЙГ ХӨӨН, БУЛААЧИХЛАА
Баянзүрх дүүргийн XI хорооны Засаг дарга
Иргэд юунд бухимдаж байгаа вэ гэвэл би дахиад хэлье. Яагаад Бага тэнгэрийн ам, Туулын бургас дагуух бургасыг хядаад эрх мэдэлтэй хүмүүс хүссэн байрлалдаа газар авдаг юм бэ. 0.7 га газар дээрээ 10, 20 жил амьдарсан жирийн иргэд яагаад газраа булаалгах ёстой юм бэ.
Туул гол дагуу 4.5 га газар “Өү Юү Жи Си Си Си Си” гэдэг компанийн нэр дээр байна. Яг тэр 4.5 га газраас гадагш, уг нь олговол олгож болохоор газарт манай иргэд амьдарч байгаа. Гэтэл Туул голын эрэг дагуу, голын хажууд, хүмүүс амарч зугаалдаг газар 4.5 га газар олгочихсон байна. Үүнд иргэд бухимдаад байгаа юм. Туулын бургасыг хядсан, Туулын бургас дагуу С.Амарсайхан газар авчихсан. Тэгсэн атлаа иргэдийг 10, 20 жил амьдарсан газраас хөөн, булааж авахаар санаархаж байна. Энд л гол асуудал байгаа юм. Иргэд бухимдах нь зөв.
Би олон удаа харьяа байгууллагуудад хүсэлт хүргүүлсэн. Энэ асуудлыг шийдэх, шийдвэрлэх талаас нь уйгагүй хөөцөлдөж байгаа.
БОАЖЯ “НҮҮХГҮЙ БОЛ АЛБАДАН ЧӨЛӨӨЛНӨ” ГЭСЭН БИЧИГ ҮРГЭЛЖ ИРҮҮЛДЭГ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирсэн хариу нь энэ байна. 2023 оны гуравдугаар сарын 1-нд 08/1106 тоот ийм бичиг ирлээ. Албан бичигт “Богд хан уулын дархан цаазат газрын зарим хэсгийг улсын тусгай хамгаалалттаас гаргах боломжтой. Харин улсын тусгай хамгаалалтад нэмж авах саналыг дэмжих болно” гэсэн байна. Тэгэхээр манай иргэдийн эрх ашиг энэ дээр яалт ч үгүй хөндөгдөж байгаа юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэдэд байнга шаардага хүргүүлж байгаа. “Нүүхгүй бол албадан чөлөөлнө. Манай газрыг чөлөөл” гэж шахаж, шаардаж байна.
“КАБЕЛЫН ШОНГ БОГД УУЛЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛЫН БҮСИЙН ЦЭС ГЭЭД АНДУУРЧИХСАН”
XI хорооны иргэн
Богд уулын тусгай хамгаалалттай бүсийг 1996 онд батласан 21 дүгээр шон энэ байна. Үүнийг хаа байгаа Туул голын дагуу байрлуулсан шилэн кабелын шонтой андуурчихсан. Интернетийн байгууллага нь “Энэ бол манай шон. Богд уулын хилийн шон биш” гээд хэлээд байхад тоодоггүй.
Шилэн кабелын шонгоор Богд уулын хилийн цэсийг тогтоочихсон. Би үүнийг андуурсан бус санаатайгаар ингэж тогтоосон гэж хардаж байгаа. Тэгээд энэ бүсэд 400 айлын 73 га газар орчихлоо. Манайх гэхэд энэ хэсэгт байна.
Иргэд бид одоо газраа л авах хүсэлтэй байна. Монгол Улсад хууль хэрэгжээсэй. Үнэндээ бид газрын наймааны золиос болчихлоо. Тусгай хамгаалалттай бүс гэж биднийг нүүлгэчихээд эрх мэдэлтэй, мөнгөтэй хэн нэгэнд өгчихвөл яах юм бэ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Энэ шударга зүйл яавч биш. Тиймээс бид 10 гаруй жил тэмцсээр ирлээ” гэв.
Ц.ГОМБОДОРЖ: С.АМАРСАЙХАН БОАЖЯ-НД НӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭХ ХАРДЛАГА НАДАД ТӨДИЙГҮЙ ИРГЭДЭД БИЙ
Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч
Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хэн нэгэн нөлөөлөөд байна гэж би хардаж байгаа. Хамгийн ашигтай, хамгийн аятайхан байрлалуудыг өнөөдөр хэн эзэмшиж, ашиглаж байгаа билээ. Та нар өөрсдөө надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Ерөөсөө л С.Амарсайхан шүү дээ. Улс, хуулийн нэр барьж иргэдийг нүүлгэчихээд газрыг нь онцгой хамгаалалтын, дархан цаазтай бүсээс нь гаргачихна, тэгээд хувьдаа эзэмшчих вий гэж би гэлтгүй манай иргэд хардаж байгаа. Ийм заваан юм яваад байгааг л таслан зогсоож, иргэдийнхээ төлөө шийдээд өгчихье гээд тэмцэж явна.
Б.НОРЖМАА: АЙЛУУДЫН ХАШАА, БАЙШИНГ ДӨРВӨН УДАА АЛБАДАН БУУЛГАСАН
XI хорооны иргэн
“Өү Юү Жи Си Си Си Си” чинь С.Амарсайханы хамаарал бүхий “Оюуны ундраа” компанийнх. Энэ компани бүх айлуудын хашаа, блок, хөрөнгийг нь дөрвөн удаа буулгасан. Иргэд маш их эд хөрөнгөөрөө хохироод үлдсэн. Бидний яг амьдарч байгаа газрыг өөр хүмүүст давхардуулаад олгочихсон байгаа. Одоо хүртэл тэр айлууд нь амьдарч байна. Монголд ер нь шударга юм гэж байна уу.
2019 оноос хойш Баянзүрх дүүргийн газрын алба “Энэ газар манайх бус Богд уулын харьяа болчихсон байна” гэдэг. Тэгээд л бидний 10 гаруй жил амьдарсан газар Богд уулын харьяа болчихсон. 2008 оноос хойш би иргэдийнхээ төлөө 15 жил явж байна. Цаашдаа уйгагүй тэмцэнэ. Үр дүнг нь заавал үзнэ.