Бид сургуулиа төгсөөд, ажлын байран дээр гараад, өөрөөр хэлбэл амьдралд хөл тавьсны дараа шантрах, гутрах гэх мэт олон асуудлыг туулдаг. Тэгвэл бид энэ удаа залуу үеийн төлөөлөл болгож сошиал маркетингийн менежер Ц.Анударийг урьж ярилцлаа. Түүнтэй бид ажил олгогч, залуусын хооронд үүсдэг үл ойлголцлын талаар ярилцсан юм. Мөн тэр цахим сүлжээнд хүмүүс нэгнээсээ төгс зүйлийг шаардаж, өө хайж амьдралыг илүү хэцүү болгодогт харамсдаг тухайгаа хэллээ.
-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Юу хийдэг хүн болох талаараа манай уншигчдад танилцуулаач?
-Сайн байна уу? би одоо 25 настай. Одоогоор дөрвөн ажил зэрэг хийдэг. Нэг байгууллагад үндсэн сошиал маркетер. Бас маркетингийн сургалт явуулдаг, инстаграм рийл хийдэг. Мөн байгууллагуудад зөвлөгөө өгдөг ийм хүн байна аа.
ТУХАЙН АЖИЛ БОЛОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ “ЧИ БОЛОХГҮЙ БАЙНА” ГЭСЭН ҮГ БИШ
-Залуус амьдралд хөл тавиад, ажил хийж үзээд “хэцүү” мэдрэмжүүдийг их авдаг шүү дээ. Таны ажлын гараа хэрхэн эхэлсэн бэ?
-Би төгсөхөөсөө нэг жилийн өмнө дадлага хийж, ажиллаж эхэлсэн. Энэ асуудал төгсөөд ажлын байран дээр гарч байгаа бүх залууст тулгардаг байх. “Би чадахгүй” гэдгээ олон удаа мэдрэх их хэцүү. Би ажил хийж эхлэх үедээ өдөрт 2-3 удаа хүмүүсээс нууцаар уйлдаг байсан. “Би чадахгүй юм байна” гэж мэдрээд, уйлж маш олон удаа уналтад орж байсан. Одоо тэр үеийн өөрийгөө харах юм бол аливааг хүлээж авах тал дээрээ маш сул байсан юм билээ. Нэг удаа хамгийн анх ажилласан байгууллагын маань захирал, нэг ажлыг яаж сайжруулах тухай надаас асууж байсан юм. Намайг өндөр дуугаар загнаагүй, муухай ч хараагүй, намайг яагаа ч үгүй. Тэгэхэд би урд нь том том нулимс унагаад уйлаад сууж байгаа юм. Аав, ээждээ эрхэлж байгаа юм шиг. Одоо тэр үеийг бодохоор, би бүр “арай арай” гэж боддог. Тэгэхээр залуучуудын хувьд, тухайн ажил болохгүй байна гэдэг нь “чи болохгүй байна” гэсэн үг биш. Тухайн ажлыг яаж сайжруулж болох вэ гэдэг л асуудал. Тийм болохоор хувь хүн дээрээ хүлээж авалгүй, ажилдаа анхаарч сурах ёстой байдаг юм билээ. Өөртөө урам хугарна гэдэг маш хэцүү.
-Өөртөө урам хугарч байсан үеийнхээ тухай яриач?
-Урам хугарч байх үедээ сэтгэлээр унаад, хоол идэхгүй маш удаан явж, ходоод өвдөөд, 10 кг хассан. Нэг зүйл мартагддаггүй юм. Анх корона дэгдээд Улаанбаатар хотод тэг зогсолт болсон. Тэр үед би ходоод өвдөөд алхаж чадахгүй, сөхрөөд уйлж байсан юм. Тэгэхэд л “би болохоо байж байгаа юм байна. Жаахан өөрчлөхгүй бол болохгүй юм байна” гэж бодоод , ажлаас ирж байгаа зүйлсийг шууд “чадахгүй юм байна” гэж хүлээж авахаас илүү, үүнийг яаж сайжруулж болох талаар бодож, захирлынхаа үгийг сонсдог болсон. Сэтгэлээр унах байдал саяхныг хүртэл үргэлжилсэн. Энэ асуудал бүх залууст тулгардаг байх гэж бодож байна. залуусын хувьд анхны байгууллага их чухал. Аз болоход би анхны байгууллагаасаа маш их зүйлийг сурсан.
Ганцхан зүйлийг хийж сурахын тулд би өглөө 5:00 цагт ажил дээрээ ирээд, 23:00 цагт явдаг байсан. Одоо тэр ажлыг би 30 минутад хийж чадна. Оролдлого хүнийг хэзээ ч хуурдаггүй. Үүнийг орхигдуулахгүй хичээж чадах юм бол нэг мэдэхэд л давсан байдаг.
ЗАЛУУЧУУД ЗААВАЛ ЗАГНУУЛЖ БАЙЖ СУРАХ АЛБАГҮЙ
-Сүүлийн үед ажил олгогч залуусын хооронд сэтгэлгээний ялгаа ч гэх юм уу үл ойлголцол байгаа харагддаг. Энэ асуудал яагаад үүсдэг гэж бодож байна вэ?
-Зарим байгууллага залуусыг “чи чадахгүй” гээд шууд ажлаас нь халдаг. Удирдлагуудаас нь залуу үеэ хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага ажиглагдсан. Би дөрвөн жилийн хугацаанд хэд хэдэн байгууллагатай хамтарч ажиллаж үзсэн юм. ингэхэд, залуу хүн гаргалгаа олчихвол, илүү юм шиг байдлыг нь удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагыг мэдэрсэн. Мөн ажилдаа хэтэрхий бүдүүлэг үг хэллэг ашигладаг. Юм сурахын тулд ахмад үеийнхнээсээ хатуу үг сонсох ёстой гэдэг ч юм уу. Үүнийг би албагүй гэж боддог. Харин ч эсрэгээрээ залуучууд ямар газар байх ёстой гэхээр, чамаас ахмад ч гэсэн чиний хамтрагч шиг ажиллаж чаддаг газар байвал, чамд маш олон боломж нээгддэг.
Залуу хүн бүх зүйлд хүлцэнгүй байх биш, “болно” гэж бодож байгаа зүйлээ зоригтой илэрхийлэх нь чухал юм билээ. Энэ нь үр дүнтэй байх юм бол эргээд тэр нь сайшаал болох боломжтой.
-Гурван жил сэтгэлээр хямарсан талаар хэлж байна. Одоо хэр байна даа?
-Сүүлийн нэг жилд миний урам зориг ихээр нэмэгдсэн. Тэр нь юу гэхээр, саяхнаас эхлээд би инстаграм рийл хийж эхэлсэн. Зөвхөн удирдлагын даалгасан зүйл биш өөрөө юм хийх гоё юм билээ. Рийл маш сайн үзэлттэй. Хамгийн сайн рийл маань 2.6 сая хандалттай. Хоёр сарын хугацаанд 200-6000 дагагчтай болсон байгаа. Өөрөө юм хийгээд үр дүнд хүрэх юм бол маш их урам зориг авдаг. Хэн нэгэн чамайг сэтгэл гутрал, уналтаас гаргана гэж хүлээх бол маш бүтэхгүй зүйл.
Гэхдээ асуудал дуусаагүй ээ. Инстаграм рийл хийсний дараа дахиад л сэтгэл гутралд орсон. Яагаад гэхээр олон үзэлттэй рийлний доор намайг шалтгаангүй доромжилсон байсан. Би багаасаа хэлээ хазаж ярьдаг юм. Тэрэнд маань анхаарч, “Юм битгий ярь”, “Чи дуугүй бай” гэдэг ч юм уу. Тиймэрхүү дайралт их байсан. Үүнээс болоод би инстаграм руугаа ормооргүй. Стори хиймээргүй. Зураг постолмооргүй болж бүх ажлаа хаяж байсан.
ХЭН ГЭДЭГ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХҮНИЙ ТЭНЭГ ҮЙЛДЛҮҮД МИНИЙ НУУГДАХ ШАЛТГААН БАЙХ ЁСГҮЙ
-Буцаад рийлээ хийж эхэлсэн шүү дээ. Өөрийгөө хэрхэн зоригжуулсан бэ?
-Би яагаад алга болох ёстой юм гэж бодсон. Хиймээр байгаа зүйлээ хийнэ. Ээж аав маань намайг хэлгүй, дүлий төрүүлээгүй. Би ярьж чаддаг шүү дээ. Тийм болохоор би дуртай ажлаа хийнэ.
Ер нь хүмүүс цахим сүлжээнд нэгнийгээ төгс байлгах гэж их хичээдэг. Гэтэл төгс байх боломжгүй шүү дээ. Доромжилсон хүний хаяг руу ороод үзэхээр, тухайн хүн цахим орчинд өөртөө итгэлтэй биш хүн байгаа юм. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүний тэнэг үйлдлүүд миний нуугдах шалтгаан байх ёсгүйг ойлгосон.
-Нэг сар нуугдахад хүргэсэн муухай коммент нь юу байсан бэ?
-Хамгийн аймар сэтгэл өвтгөм коммент бол “хэлгүй, дүлий, тахир дутуу юм уу” гэж бичсэн байсан. Ямар шалтгаангүй “мал” гэж бичсэн байсан. Маш эвгүй хүмүүс чатаар их дарамталдаг. Эрхтнийхээ зургийг явуулах зэргээр. Цахим дарамтад над шиг 20 гаруй насны эмэгтэй хүн ер нь өртдөг байх. Хэн ч чатаар аймшгийн зураг авч, хараалын үгтэй коммент уншдаг байх. Үүнд сэтгэл зүйгээ бэлдэхийн тулд тэр хүмүүс угаасаа шалтгаангүй, өөртөө итгэлгүй хүмүүс гээд тоохгүй өнгөрөөж сурах ёстой юм билээ.
-Танд хэлэхийг хүссэн зүйл бий юу?
-Ээж аавынхаа итгэлийг алдахгүй, санааг нь зовоохгүй байх юм сан гэж их хичээдэг. Өөрийнхөө сонгосон зүйлд маш хариуцлагатай ханддаг. Сөрөг мэдрэмжийн дараа сайхан мэдрэмж ээлжилж байдаг шүү дээ. Тун удахгүй сайхан болно гэдгээ сайн мэддэг байх ёстой гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.