Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Хэвлэл мэдээллийн ёс зүйн форумыг тав дахь жилдээ зохион байгуулсан. Энэ үеэр төрөөс хэвлэлийн эрх чөлөөг хумих оролдлого хийсээр байгааг онцолсон юм.
“ГЛОБ ИНТЕРНЭШНЛ” ТӨВИЙН ХУУЛЬЧ Б.ПҮРЭВСҮРЭН: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ БООМИЛСОН ХУУЛИЙГ ҮЕ ҮЕ ОРУУЛЖ ИРДЭГ ЖИШИГ ТОГТЧИХЛОО
Өнөөдөр Монголд хэвлэлийн эрх чөлөөг хангах, хамгаалах гэхээсээ илүү хязгаарлах оролдлогууд давамгайлж байна. Хэвлэлийн эрх чөлөөний индексийг Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас гаргадаг. Энэ индексээр Монголын хэвлэлийн эрх чөлөөнд хамгийн том нөлөө үзүүлж байгаа зүйл нь улс төрийн нөхцөл байдал болж байна. Улс төр эдийн засаг хоёр нь хоорондоо холилдчихсон байна. Мөн хууль эрх зүйн орчин асуудал дагуулж байна. Үе үехэн Засгийн газраас хуулийн төслүүд санаачилдаг, УИХ-аар баталдаг жишиг тогтчихлоо.
Г.ГҮНЖИДМАА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ: ЭРХ ЗҮЙН ОРЧИН ХАЛТАЙ БАЙГААГААС ШАЛТГААЛЖ, ОЛОН НИЙТИЙН ДУУ ХООЛОЙ “ХУМИГДАЖ” БАЙНА
Эрх чөлөөний цаана хариуцлага бас байдаг. Хариуцлагын систем хэрхэн явж байгаа вэ, бидэнд ямар алдаа дутагдал байна гэдгийг энэ удаагийн форумаар эргэн харж байна. Алдаа байна. Үүнийг бид залруулж байх ёстой. Хэрэвзээ санамсаргүй алдаа гаргасан бол уншигчаасаа уучлал гуйдаг тогтолцоо, механизм Монголд бий болоод найм дахь жил рүүгээ орж байна. Үүнээс гадна, санаатай бөгөөд мэдэхгүйгээсээ хийсэн олон алдаа байдаг. Үүнтэй холбоотой эрх зүйн ямар зохицуулалтууд Монголд үйлчлээд байна. Эрүүгийн хуулийн “Гүтгэх” заалтын хэрэгжилт ямар байна гэдгийг бид хөндөж байна. Эрүүгийн хуульд ийм зохицуулалт байх нь буцаад нийтийн төлөө дуугардаг, олон нийтийн төлөө шүүмж өрнүүлдэг хүмүүст цензур болж очдог. Цензур өндөр байх тусам хараат бус сэтгүүлчид, олон нийтийн идэвхтнүүдэд маань хаалт болж очдог. Тиймээс бид хэвлэл мэдээлэлд ээлтэй хууль орчныг бий болгоход анхаарах ёстой” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.