Дэлхийн ноолуурын нөөцийн 40 гаруй хувийг дангаараа хангаж, жилд 1,2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олдог манай улс ноолуураа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож чадахгүй байна. Тодруулбал, ноолуурыг дотооддоо самнаж боловсруулдаггүй, шууд угаагаад БНХАУ руу гаргаж байгаа юм. Тиймээс ноолуурыг дотооддоо самнаж боловсруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, техникийн зохицуулалтыг батлах хэрэгтэй болоод байна.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Манай улс угаасан ноолуурыг экспортод гаргаж байна. Цаашид шатлалаа ахиулж, самнасан ноолуур экспортлохоор зорьж байна. Ингэснээр шинээр 4-5 мянган ажлын байр бий болно. Өнгөрсөн жил угаасан ноолуур гаргахад 310 сая доллар Монгол улсад орж ирж байсан бол самнасныг гаргаснаар энэ тоо 500 сая доллар болж нэмэгдэнэ. Манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн 45 хувийг дангаараа бэлддэг. Гэвч үүнийгээ түүхийгээр нь гаргаад байж болохгүй. Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Тиймээс техникийн зохицуулалтыг баталж, самнасан ноолуур гаргах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй” гэлээ.
2021 ОНД 11,5 ТОНН НООЛУУР БЭЛТГЭЖЭЭ
Манай улс жилд дунджаар 10 тонн ноолуур бэлтгэж байна. 2020 оны байдлаар ямааны тоо толгой 27 саяд хүрч, 11,5 тонн ноолуур бэлтгэсэн байна. Ингэснээр 219,5 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. Эдгээрийн 84 хувь нь угаасан ноолуур, 7,7 хувь нь самнасан ноолуур, 7,9 хувь нь бэлэн бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт ноолуурынхаа 90 орчим хувийг шууд гаргаж, бид асар их нөөцтэй ч бэлтгэгч орон хэвээр байна. Засгийн газар солигдох тоолонд ноолуурын техникийн зохицуулалтыг цуцалж, өөрчилж ирсэн нь асуудлын гол шалтгаан болсон юм.
НАРИЙН ШИРХЭГТЭЙ НООЛУУР БЭЛТГЭХЭД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Манай улс 1 кг ноолуурыг 30-60 ам доллараар экспортод гаргаж байна. Цаашид үүнээс илүү өндөр үнээр ноолуураа борлуулахын тулд ноолуурын гарцанд биш, чанарт анхаарах хэрэгтэй байна. Дэлхийн зах зээлд илүү нарийн ширхэгтэй ноолуур үнэд орж байна. Тиймээс малын үүлдэр угсааг сайжруулахад анхаарах чухлыг судлаачид хөндөж байгаа юм. Монгол ямааны ноолуурыг ангилж үзвэл:
30 хувь нь 15,5 микроноос доош буюу дээд /Super A/ зэрэглэл
40 хувь нь – 16,5 -18 микрон буюу нэгдүгээр зэрэглэл
30 хувь нь 16,5 -18 микрон буюу 2,3-р зэрэглэлд багтаж байна. 1991 оноос хойш Монгол ямааны ноолуурын гарц 40 хувиар өссөн хэдий ч нарийн ширхэгт чанар нь 1,2-1,8 микроноор бүдүүрчээ. Гэтэл ноолуурын чанар ганцхан микроноор өөрчлөгдөхөд л дэлхийн зах зээл дээрх үнэ нь 6-10 доллараар хэлбэлздэг байна. Тиймээс ноолуурыг чанараар нь ангилж бэлтгэх, аль аймгаас бэлтгэсэн бэ гэдэг гарал үүслийг нь тодорхой болгох чухал гэж үзэж байна. Ингэснээр бид олон улсын зах зээл дээр ноолуур, ноолууран бүтээгдэхүүнээ илүү ахиу үнээр худалдаах боломж бүрдэх юм.