2019 оноос хойш гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн ч бид агаараар биш угаараар амьсгалсаар өнөөдрийг хүрлээ.
Зурагт, Баянхошуу, Хайлаастын бүсэд агаарын бохирдол хамгийн өндөр үзүүлэлтийг сүүлийн хоёр долоо хоног зааж байна. Өөрөөр хэлбэл эдгээр бүсэд агаарын чанар “улаан” буюу 400-аас дээш бохирдолтой гэсэн үзүүлэлтийг зааж буй юм.
Агаарын чанар муу байгаа үед PM 2.5 нь их заадаг. Энэ нь хамгийн жижиг бохирдуулагч боловч хамгийн аюултай нь. Учир нь уушгины эдэд гүн нэвтэрч, цусанд нэвчих боломжтой. PM 2.5 нь түүхий нүүрс шатаах, шороон шуурга, ой хээрийн түймэр зэргээс үүдэлтэй бөгөөд астма, зүрхний өвчин болон амьсгалын замын өвчин үүсгэдэг.
СУРАХ ЭРХИЙГ БООМИЛСОН АГААРЫН БОХИРДОЛ
Өчигдөр ХӨСҮТ-өөс хичээл сургууль эхэлсэн учир ирэх долоо хоногт томуугийн дэгдэлт нэмэгдэхийг анхааруулж, маск зүүхийг уриаллаа. Учир нь ханиад томуу их байгаагаас цэцэрлэг, сургуульд явах хүүхдүүдийн ирц эрс буурсан байна. Энэ нь агаарын бохирдолтой шууд холбоотой асуудал юм. НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албаны эрдмийн шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнийн мэдээлснээр, “Агаарын чанар муу байхад ханиалгах, найтаах, хамар загатнах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хүхэрлэг хий, азотын давхар ислүүд үнэртэхээр хамрын салстад хөөнгө үүсгэж, хамар битүүрэх, нус гоожих зэрэг эхний шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь бохирдуулагч бодисуудын бие эрхтэнд цочрол үүсгэж байгаа нэг хэлбэр юм. Үүнээс цааш архаг хууч өвчтэй, зүрх судасны өвчтэй, уушгины бронхиттой хүмүүст цочрол өгч, өвчлөл дахих шалтгаан үүсгэж байна. Мөн бага насны хүүхдүүдэд амьсгалын замын өвчлөлийн халдвар үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна” гэсэн юм. Үүнээс харахад агаарын бохирдол нь зөвхөн эрүүл мэндэд хортой бус, сурч боловсрох үйл явц, цаашлаад бидний ирээдүй, цаг хугацааг боосон хөнөөлт дайсан болж байна.
АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭЭГҮЙ, ДЭМЖСЭН 39 ТЭРБУМЫН ТӨСӨВ
Тэгвэл нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас өгсөн мэдээллээр энэ онд 39.2 тэрбум төгрөгийн төсөв агаарын бохирдлыг бууруулахад тусгагдсан байна. Энэ нь сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөлт гэсэн зардлуудад л тусгагджээ. Өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагааны урсгал зардлуудад л зарцуулагдана гэсэн үг. Үүнийг агаарын бохирдолтой тэмцэх биш, дэмших төсөв гэхэд хилсдэхгүй. Уг нь Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах, арилгах гол арга зам бол гэр хорооллыг айл өрхүүдийн хатуу түлш хэрэглээг бүрэн зогсоох, улмаар орон сууцжуулах явдал. Энэ асуудлыг нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас сөхөхдөө, “Ирэх жилүүдэд гэр хорооллын айл өрхийн бүсэд орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус паркын шинэчлэлт зэрэг богино болон дунд хугацааны ажлууд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа” гэсэн юм.
Тэгэхээр бид ойрын хэдэн жилдээ, тодорхойгүй урт хугацаанд, утаатайгаа найзалж, хордож, эвлэрч явах болох нь. Гарц, шийдэл байхгүй ийм үед иргэн бүр өөрсдийгөө хайрлаж, агаарын бохирдолд бага хордох арга замаа мэддэг байх нь зүй.
ӨӨРСДИЙГӨӨ ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ
Хүн дотоод орчинд амьдралынхаа дийлэнх цаг хугацааг өнгөрүүлдэг. Тиймээс гэр, ажил гээд дотоод орчноо маш сайн хамгаалах нь чухал. Үүний тулд гэртээ болон ажлын байрандаа агаар шүүгч тавих нь дотоод орчны бохирдлыг 13-19 хувь хүртэл бууруулдаг гэсэн судалгаа бий. Гэрт амьдардаг бол гэрээ сайн дулаалах, үүдний амбаартай болох, рам, цонхоо сайн дулаалах, цонхондоо шүүгч, фильтер байрлуулах шаардлагатай. Мөн өдөр тутмын үйлдэлдээ анхаарах хэрэгтэй. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, гүн нойр авч, эрүүл, зөв хооллож, дархлаагаа дэмжих нь утаа, агаарын бохирдлоос сэргийлэх бас нэг арга юм.