-УУЛЧИН ХҮН УУЛАНДАА ЖАРГАЛТАЙ, БИ БОЛИХ БОЛООГҮЙ ЭЭ-
“Бид дөрвөн цаг авирч мөсөн хананы толгойд хүрлээ. Тэндээс ачаагаа цаснаас аван нэмж үүрээд цааш мацаж эхлэв. Ачаа маань толгойноос дээш магадгүй 40-өөс 50 см өндөр бөгөөд өвдөг чичрэн арай чүү л алхаж байв.
Хяр даган цас мөсөөр хучигдсан өндөр хясаануудыг өгсөж нэг, уруудаж нэг авирсаар хоёр дахь хясаан дээр гартал цаана нь дахин харандаа шиг шовх цагаан хясаа харагдлаа… “Би бол Денали, миний зулайд тийм ч амархан хөл тавихгүй шүү” гэж уул өдөр бүхэн бидэнд сануулж байв. Бидний хажууд 600 гаруй метр өндөр, 60-70 хэмийн налуу мөсөн хана зүрхэнд шар ус хуруулан цайрч харагдлаа.
Энэ бол Денали пасс. …Би шантарч “No” гэж хашгиран, сөхрөн суугаад уйлж гарлаа” хэмээн уулчин Бадамгаравын Гангаамаа Деналид авирсан талаараа тэмдэглэлдээ бичсэн байдаг.
Дэлхийн зулай гэгддэг Эверестэд гарсан Монголын хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны уулчин, дэлхийн долоон тивийн ноён оргилд мөрөө гаргасан анхны монгол хүн түүнийг оргилд авирах бүрд тулгардаг олон, олон бэрхшээлүүдийн ганцхан жишээ нь энэ. Тэрбээр ийм олон саад бэрхшээлийг даван туулсаар өнөөгийн амжилтад хүрсэн. Цаашдаа ч эмэгтэй хүнд ахадсан гэмээр хүнд, хүнд сорилтууд, оргилууд түүнийг хүлээж байгаа нь мэдээж.
Хамгийн бартаа саад ихтэй, жигүүртнээс өөр амьтан мөрөө гаргахад бэрх оргилд гарч, өөрийгөө ялдаг уулын спорт, уулчин хүний амьдрал амаргүй. Ийм амаргүй замналаар замнаж, амжилтын төлөө зүтгэж яваа Монголын хамгийн шилдэг уулчдын нэг бол яах аргагүй Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа. “Өрөг.мн” сайтаас бэлтгэн хүргэдэг спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт түүнийг урьж ярилцлаа.
БИ ӨГЛӨӨ 06.00 ЦАГТ БОСДОГ
–Та шинэ өдрийг хэрхэн эхлүүлдэг вэ. Өглөө хэдэн цагт босдог вэ?
-Өглөө ер нь эрт босдог. Ууланд авирах хугацаанд өглөө бүр эрт босдог. Ирсний дараа ч тэр хэмнэлдээ бүр орчихдог. Би ер нь өглөө 06.00 цагт босдог. Заримдаа тэрнээс ч эрт босно.
-Б.Гангаамаа гавьяат хамгийн өндөр, бартаа саад ихтэй оргилд гарч, өөрийгөө сорьдог. Өөртөө их итгэлтэй, зоригтой гэж хүмүүс таныг үнэлдэг. Та ер нь хэр зоригтой вэ?
-Болгоомжлол бол мэдээж байна. Гэхдээ айж болохгүй. Хэрвээ айдастай явах юм бол оргил дээр хэзээ ч гарч чадахгүй. Юун тэгэх нь байтугай урагшаа ч гишгэж чадахгүй шүү дээ. Тиймээс айдсаа даван туулах ёстой.
"ОРГИЛД НЬ ГАРНА, БИ ЧАДНА" ГЭЖ Л БОДДОГ
-Өчүүхэн анхаарал, болгоомжлол алдахад амиа ч алдах эрсдэлтэй спорт шүү дээ. Танд хэрвээ айдас мэдрэгдвэл түүнийгээ хэрхэн даван туулдаг вэ?
-Явахаасаа өмнө айдсаа давах ёстой. “Би айж болохгүй. Заавал чадах ёстой. Хүн яваад байгаа юм чинь би яагаад чадахгүй гэж” гэдэг ч юм уу. Эсвэл “Хүн үхтлээ хаа ч байсан юм бэ” гэх мэт үгнүүдийг өөртөө хэлж, айдсаа давдаг, өөрийгөө зоригжуулдаг.
-“Ингээд л бүх юм дууслаа. Амиа ч алдах вий” гэж үнэхээр айсан, хүнд тохиолдолд орсон удаа танд бий юү?
-Яг тийм аймар хүнд байдалд орсон тохиолдол надад нэг их байхгүй. “Явна, гарна, чадна” гэсэн зорилготой явдаг. Авиралт хийхээсээ өмнө “Цаг агаар сайхан байгаасай” л гэж боддог. Бусдаар бол өөртөө итгэдэг.
-Монголын уулын спортын түүхэнд анхны тодотголтой ямар, ямар амжилт гаргаад байгаа билээ?
-Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестэд авирсан Монголын хоёр дахь монгол хүн, анхны эмэгтэй уулчин. Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн.
K2 оргилд гарсан Монголын анхны уулчин, одоогоор ганцаараа байгаа. Долоон тивийн долоон ноён оргилын нэг нь болох далайн ноён оргил Карстенз пирамидад гарсан анхны монгол хүн. Одоогоор дэлхийд алдартай ийм дөрвөн амжилтын анхдагч болоод байна. Монгол уулчин миний амжилтыг давтаасай, "дүү"-тай болсох сон гэж чин сэтгэлээсээ хүсдэг.
За, тэгээд эх орныхоо дээвэр Алтай таван богдын Хүйтэн ууланд хамгийн олон удаа олон удаа оролдлого хийсэн. Нийт 74 удаа оролдлого хийн, 58 удаа оргил дээр нь гарсан.
ЭХЛЭЭД БҮТЭЛГҮЙТСЭНИЙ ДАРАА “ЭВЕРЕСТ РҮҮ ДАХИЖ АВИРАХГҮЙ” ГЭЖ БОДСОН
-Та Эверестийн оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин. Хоёр дахь удаагийн оролдлогоороо гарсан. Эверестэд монгол эмэгтэй хүн гарна, би чадна гэх итгэл хэзээнээс танд төрсөн бэ?
-Эверестийн оргилд гарахыг монголчууд олон жил мөрөөдсөн. Мэдээж манай ахмадуудаас эхлээд л мөрөөдөж байсан. Тэр мөрөөдлийг нь хамгийн анх 2005 онд Г.Өсөхбаяр маань биелүүлсэн. Эверестэд гарсан анхны монгол хүн. Би 2006 онд эмэгтэйчүүдийнхээ багийг аваад явж байсан, Эверестийн хойд талаас нь авирах гээд. Тухайн үед амжилттай болоогүй. Гэхдээ Эрдэнэтогтох маань 8700 метрт хүрч, тухайн үед эмэгтэйчүүдийн дээд амжилтыг тогтоож байв.
Дараа нь би 2011 онд олон улсын багт ороод авирсан. Тэгээд амжилттай болж Эверестэд гарсан хоёр дахь монгол хүн, анхны эмэгтэй уулчин болсон. Монголын уулчдын олон жилийн мөрөөдөл 2005, 2011 онд тэгж биелж, Эверестэд хөл тавьж байлаа.
-2006 онд буцаж ирээд “Эверестэд авирахаа больё. К2 руу авирдаг ч юм бил үү” гэж бодсон юм билээ. Тэр бодол нь өөрчлөгдөхөд, Эверест рүү дахин авирахад юу хамгийн их нөлөөлөв?
-Эверестэд 2006 онд анх авирч ирээд “Хангалттай, больё” гэж бодсон. Яагаад гэвэл тэр жил нэлээд ачаалал авсан учраас. Яагаад ч юм бэ “Больё” гээд бодон, “Хэрвээ авирвал К2-т авирна” гэж төлөвлөсөн. Тэгсэн чинь надад зардал мөнгө олдоогүй. Тэр жил буюу 2008 онд К2-ын Лонхны хүзүүнээс мөс тасарч унасны улмаас олон уулчин нас барсан. Би тухайн үед яваагүй нь болсон байна лээ.
Тэгэхэд надад “Эверестэд ч гарч чадаагүй байж К2-т авирч байгаад үхчихвэл яах юм бэ” гэж бодогдсон. Тэгээд шууд төлөвлөгөөгөө өөрчлөөд, Эверест рүү авирахаар болсон.
-Б.Өсөхбаяр гавьяат Эверестийн урдаас авираад оргилд нь гарсан. Та хойноос нь авирсан. Хойд талаас нь гарвал танд эвтэйхэн санагдаж байв уу?
-Эрэгтэйчүүд урдаас нь авирсан бол эмэгтэйчүүд хойд талаас нь гаръя гээд. Би 2006 онд хойд талаас нь оролдлого хийсэн тул надад илүү дотно, танил санагдаж байлаа. Би зам давтахгүйг хичээсэн. Тиймээс хойд талаас нь авирсан, амжилттай болсон.
ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД МОНГОЛ ХҮН ГАРСНЫГ МЭДҮҮЛЬЕ ГЭЖ БОДООД “MONGOLIA” ГЭЖ ХАШХИРЧ БИЛЭЭ
-Олон жилийн мөрөөдлөө биелүүлж, Эверестийн оргилд гарахад юу бодогдож байв?
-Би үүр шөнийн заагаар, харанхуй байхад оргилд нь гарсан. “Оргил дээр нь ямар ч байсан гарчихлаа” гэж л бодсон. Өөр юм бодох, огших, омогших боломж, зав үнэндээ байгаагүй ээ. Намайг Эверестэд гарахад орой дээр нь хоёр хүн байсан. Ямар ч байсан монгол хүн гарч ирлээ гэж мэдүүлье гээд “Mongolia” гэж хашхирсан. Багны цаанаас сайн сонсогдсон эсэхийг мэдэхгүй. Тэгээд л овооны зүүн талд нь суугаад, Монголынхоо далбааг гаргаад, бушуухан баримтжуулъя гэж л бодсон. Тэгээд зургаа даруулсан. Оргилоос бууж ирсний дараа л үнэхээр их омогшил, баяр, бахдал төрдөг, “Нээрэн би чадчихлаа гэж үү” гэж бодогддог.
-Оргил дээр гарах авиралтын дөнгөж нэг хэсэг. Тийм өндөр оргилоос буух бас л шаггүй. Эверестээс буухад ямар хүндрэл, бэрхшээл гарав?
-Ёстой тийм шүү. Авиралтын 50 хувь нь гарах, 50 хувь нь буух. Эверестийн оргил дээрх талбай тийм ч том биш. Доороос хүмүүс өгсөж ирж байсан тул манай шерпа “Гангаа бууя, бууя” гэсэн Тэгээд буусан. Уруудаж явсаар гуравдугаар степ гэдэг дээр ирэхэд нас барсан уулчдын цогцсууд харагдаж эхэлсэн. Манай шерпа “Гангаа битгий хар” гэсэн. Яг хажууд, нүдний өмнө байгаа юм чинь яах вэ дээ. Ямар нүдээ анилтай биш. Харахаас өөр аргагүй. Дээшээ хамт авирч байсан нэг уулчин буцаад ирэхэд нас барчихсан байсан. Хадны завсар толгойг нь цасаар дараад үлдээчихсэн байлаа. Гэгээтэйд авираагүй нь болж, хурдан бууя гэж бодсон.
-Эверест рүү авирч байгаад нас барсан уулчдын цогцсыг буцаагаад авч явах боломжгүй. Тиймээс тэнд байгаа нь тэр үү?
-Тийм. Ер нь тэгээд Эверестэд үлдээдэг шүү дээ. Угаасаа авч буух боломжгүй. Катмандуд ирсний дараа “Монголд ямар байгаа бол” гэж бодож, догдолсон. “Монголдоо бушуухан очих юм сан” гэж бодож байлаа. Монголд намайг үнэхээр гоё угтсан, хүлээж авсан.
ШОРГООЛЖ ШИГ ХӨДӨЛМӨРМӨРЛӨСӨН МААНЬ МИНИЙ АМЖИЛТЫН НУУЦ
-Эмэгтэй байтугай эрэгтэй уулчин ч гаргахад бэрх, Монголдоо анхдагч олон, олон амжилт та гаргасаар явна. Таны амжилтын нууц юу вэ?
-Шоргоолж шиг л хөдөлмөрлөсөн гэж хэлмээр байна. Зохион байгуулалттай, төлөвлөгөөтэйгөөр хөдөлмөрлөсөн. Бараг цаг, минутаар, өнөөдөр тэдээс тэдэн цагийн хооронд тэнд очно, дараа нь тэдэн цаг бэлтгэлээ хийнэ. Энэ жил тэр уул руу авирна, хоёр жилийн дараа авирах уулынхаа төлөвлөгөөг ингэж гаргана, ивээн тэтгэгчээ ингэж, ингэж хөөцөлдөнө гээд нарийн төлөвлөгөө гаргадаг. Шоргоолж шиг маш их хөдөлмөрлөсөн минь үнэн. Ингэж хөдөлмөрлөж л амжилтад хүрсэн, одоо эргээд бодоход. Би маш их хөдөлмөрлөсөн. Дээр нь энэ тэнэг хүнийг бурхан харсан, ивээсэн гэж боддог (инээв).
“ҮХСЭН Ч ХАМААГҮЙ” ГЭЭД К2-Т ХАМГИЙН СҮҮЛД НЬ АВИРСАН
-Таны авирсан хамгийн хүнд, хэцүү оргилуудын нэг нь К2. Үнэхээр хэцүү болоод л “Алуурчин оргил” гэж хүмүүс хэлдэг байх. К2-ын хүнд, хэцүү яг юундаа байдаг юм байна вэ?
-К2 оргилыг хүмүүс “Алуурчин” гэж ярьдаг. Би тэгж хэлүүлэх дургүй. Яагаад гэвэл уул алуурчин байна гэж юу байх вэ дээ. Уул руу хүмүүс авирах гэж яваад гэнэдэж, хөл алдаж ч юм уу өөрийгөө эрсдэлд оруулдаг. Байгалийн жамаар болдог үзэгдэлд өртөж амиа алдах нь ч бий.
Эверестэд гарсны дараа “Seven summit” хийх гэж төлөвлөсөн. Энэ зорилгодоо хүрч, дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсны дараа өндрөөшөө Эверестэд гарчихлаа. Өргөөшөө “Seven summit” болчихлоо. Амжилт мөн үү гэвэл мөн. Одоо тэгвэл хамгийн хүнд, авултайд нь авираад үзье гээд К2 оргилд авирсан. Ер нь “Хамгийн сүүлд К2-т авиръя. Үхсэн ч хамаагүй” гэж төлөвлөсөн байсан юм. Яг төлөвлөгөөнийхөө дагуу авирсан, тэгээд зорилгодоо хүрсэн.
БИ ЗУНЖИН ХӨТӨЧ ХИЙН, ТАЛХНЫХАА МӨНГИЙГ ОЛДОГ, УУЛЫН ХЭДЭН БАГАЖНААС ӨӨР ЮМГҮЙ ХҮН
-Гадаадын уулс, дэлхийн ноён оргилд авирахад өртөг өндөртэй, олон хоног зарцуулна. Энэ бүх зардлаа хэрхэн бүрдүүлдэг вэ. Та ихэнхийг нь хувиасаа гаргадаг уу, ивээн тэтгэгч байгууллагаас бүрдүүлдэг үү?
-Би хувиасаа яаж энэ их мөнгийг гаргах вэ дээ. Одоо хүмүүсийн амьдралыг ийм, тийм түвшний гээд байгаа шүү дээ.
-“Улны айл” энэ тэр гээд үү?
-Аан, тийм. Би тийм баян битгий хэл ямар түвшний ч хүн юм бэ, мэдэхгүй. Өнөөдөр идэх талхныхаа мөнгийг ууланд хөтөч хийж олдог. Зуны хэдэн сар халтайтлаа ууланд хөтөч хийн, алхаж байж өвлийнхөө идэх талхныхаа мөнгийг олдог хүн шүү дээ. Уулын хэдэн төмөр багажаас өөр юмгүй ийм л хүн. Насаараа хөтөч хийж олсон мөнгөө буцаагаад ууландаа зарцуулдаг, талхандаа нэмэрлэдэг.
Гадаадын нэг ууланд авирахад хамгийн багадаа 4-5 сая төгрөгийн зардал гардаг. Би зардлаа хэмнэхийн тулд хамгийн хямд, төсөр бүхнийг сонгож явдаг. Жишээлбэл, би Эверестэд шерпатай авирсан, өндөр зардалтай гээд барууны хөтөч аваагүй. К2-т ганцхан шерпа хөлслөөд л авирсан. Тэгсэн ч гэсэн өртөг өндөртэй. Бусад оргилд ихэнхдээ өөрөө суралцаж авирсан. Заримд нь өөрөө хөтөч хийлээ. Спонсоргүйгээр би энэ амжилтад хүрэх боломжгүй. Туслаж, дэмжсэн бүх хүнд маш их баярлаж явдаг.
“НЭГ ДАЛБАА САЯ ТӨГРӨГ” ГЭЭД ТОР ДҮҮРЭН ДАЛБААТАЙ ЭВЕРЕСТ РҮҮ ЯВЖ БАЙЛАА
-Монголын бүхий л спортын тамирчдад тулгамддаг асуудал бол санхүүгийн бэрхшээл. Нэг авиралт хийх, тэмцээнд оролцох гээд дэмжлэг хүсэхэд байгууллагууд зөвшөөрдөг. Дахиад гуйхад дэмждэг нь хэд билээ. Энэ бол яалт ч үгүй хамгийн бэрхшээлтэй асуудал шүү дээ.
-Тийм ээ. Ер нь нэг уулын авиралт хийхэд нэг л удаа гуйдаг. Дахиад дэмжээч гээд хэлэхэд хэцүү. Дахиад өөр хүнээс, өөр газраас гуйна. Янз бүрийн, олон байгууллагын хаалга татна. Олон хүнээс гуйна шүү дээ. Жишээлбэл, 2011 онд Эверестэд авирахад хэд, хэдэн газраас мөнгө босгоод ч хүрэхгүй. үүлдээ ивээн тэтгэх байгууллага тэр бүр олдохоо болив. Тэгэхээр нь шууд “Эверест рүү далбаагаа өгч явуулах хүн байна уу. Нэг далбаа сая төгрөг” гэж хүртэл явсан. “Номин”-гийн шар тор дүүрэн далбаатай, нөгөөдхийгөө үүрч дийлэхгүй юм, юм л болж байлаа.
Дэлхийд 8000 метрээс дээш өндөртэй 14 оргил бий. Би тэдгээрээс топ таван оргилд нь авирахаар төлөвлөсөн байсан. Гурав дахь нь болох Канчинжунгад авирахаар төлөвлөсөн ч 2019 онд мөнгө олдоогүй. Мексик найз маань хамт авирахыг маш их хүссэн дээ. Харин 2022 онд хувийн шалтгаанаар явж чадаагүй. Бүр нислэгийн билетээ авчихсан байсан шүү дээ, уг нь.
ОТГОНТЭНГЭРИЙН ОРГИЛД ЭМЭГТЭЙ ХҮН ГАРЧ БОЛОХГҮЙ ГЭХ НЬ МУХАР СҮСЭГ
-Эмэгтэй хүн Отгонтэнгэрийн оргилд гарч болохгүй гэж цээрлэдэг хүн олон. Та Очирваань хайрханд анх авирахдаа энэ талаас нь айж, болгоомжилж байв уу?
-Эмэгтэй хүн гарч болохгүй гэж хэзээ, хэдэн оноос, хэддүгээр зуунаас яаж тогтоосныг мэдэхгүй. Эмэгтэй уулчин надаас өмнө гарч байсан. Эмэгтэй хүн гарч болдоггүй гэх үг, яриа бол жаахан өрөөсгөл санагддаг. НҮБ-ын Хүний эрхийн хурал дээр хүртэл энэ талаар яриа болж байсан. Цэвэрхэн аялах, авирах, зөв шүтэх бол зөвхөн эмэгтэйчүүдэд бус бүх хүнд хамаатай зүйл. Үүнийг баримтлаад, шүтээд, хүндэтгээд явах өөр хэрэг. Эмэгтэйчүүд ч гэсэн бусадтай л адилхан хүн шүү дээ.
Яг эмэгтэй хүн гарчихлаа гээд байгаль дэлхий хилэгнэнэ гэж юу байх вэ дээ. Энэ бол үнэхээр мухар сүсэг. Тухайн хүн яаж бодох, ямар өнцгөөс харахаас шалтгаална. Отгонтэнгэр хайрхан маань хилэгнэх бус харин ч намайг түшиж, харж явдаг гэж боддог. Үнэхээр хилэгнээд уурласан бол өнөөдөр Гангаамааг арчаад хаячих байсан байх.
-Завханд ган, зуд болоход “Эмэгтэй уулчин гарснаас боллоо, хайрхан хилэгнэлээ” гэж цээрлэж байхтай таарч байлаа. Тэгж цээрлэж, таныг, эмэгтэй уулчдыг шүүмжилсэн удаа бий юү?
-Ёстой байхгүй. Хүмүүс тэгж цээрлэдэг гэж үү. Би анх удаа л сонсож байна. Отгонтэнгэр хайрхныг зөвхөн нутгийн иргэд бус монгол түмэн даяараа дээдэлдэг, хүндэлдэг, залбирдаг. Үүнийг уулчид гэлтгүй хүн бүхэн ойлгож, хүндэтгэх ёстой. Дэлхий нийтээрээ бүх ууланд авирч байна. Ганцхан Кайлашт гардаггүй, гороолдог. Үүнтэй адил Монголд ганцхан Отгонтэнгэрт гардаггүй, гороолдог болговол би лав дэмжинэ.
-Та ер нь одоо Отгонтэнгэрт авирч байгаа юу?
-Би огт авирахаа больчихсон. Одоо зөвхөн гороолдог.
ЯМАР Ч БАЙСАН ДАХИАД ТАВАН ЖИЛ АВИРНА
-Мэдээж оргил бүхэн өөр, өөрийн гэсэн онцлогтой, хүнд, бэрх. Хамгийн хэцүү, “Больдог ч юм бил үү” гэж бодоход хүртэл хүргэсэн оргил аль нь вэ?
-“Эверестэд авирчихлаа, К2 осолтой, хүмүүсийн хэлдгээр “Алуурчин” гэгддэг. Больё гэж хэлэх байх” гэж хүмүүс бодож л байсан байх. Намайг К2-т авирахад олон хүн дургүй байсан. Би тэгж бодоогүй. Явна л гэж бодсон. Одоо ч би “Больё” гэж бодохгүй л байна. 8000 метрээс дээш өндөртэй дахиад нэг оргилд гарах сан гэж бодож сууна.
-“Больё” гэж бодохгүй байна гэлээ. Дахиад хэдэн жил ууланд авирах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ямар ч байсан дахиад таван жил авирах нөөц, боломж надад бий. Тэрнээс цааш юу болох нь уу. Нас, цаг нь болохоор зодог тайлах байх.
-Сүүлд таны нэрийн зоос гарсан. Уулчдаас анх удаа нэрийн зоостой боллоо. Ер нь спортын, уулчин хүн ийм зоос гаргах ямар онцлог, ач холбогдолтой вэ?
-Ямар ч байсан Монголын уулчдын түүхэнд зоостой, марктай анхны уулчин боллоо. Нээрэн энэ бас нэг анхдагч зүйл маань юм байна.
999 сорьцтой, цэвэр цагаан мөнгөн зоос гарсан байгаа. К2-т гарсан анхны монгол хүн болсон амжилтаар маань энэ зоосыг гаргалаа. Дэлхийн долоон тивийн ноён оргилд авирсныхаа дараа марк гаргасан, өмнө нь. Хоёр түүхэн амжилтаа нэгийг нь марканд, нөгөөг нь зоосонд мөнхөллөө. Үнэхээр баяртай байна.