Гашуун яриа нэвтрүүлэгт “Гэрэлтүүл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Ц.Ариунсанаа оролцлоо. Ухамсартай иргэн, хариуцлагатай төр, эрүүл тогтолцоотой нийгмийг бүтээх зорилгоор нэгдсэн тэд, олон нийтийг асуудлаа чимээгүй харж суудаг биш, тэмцдэг, дуугардаг байхыг уриалж байна. Чимээгүй хүлцэж суусныхаа гороор бид шударга бус нийгмийг өөрсдөө бүтээчхээд, бухимдсаар амьдарч буй талаар хэллээ.
-“Гэрэлтүүл” хөдөлгөөний тухай яриач?
Гэрэлтүүлэг хөдөлгөөн нь жагсаалаас үүдэлтэй. Тэнд танилцсан залуусын сайн дурын нэгдэл гэж болно. Бид нийгэмдээ сайнаар нөлөөлж, бүтээлүүдээрээ мэдлэг мэдээлэл түгээхийг зорьж байгаа. Мэдлэггүйгээсээ болж бид олон зүйлийг алдсан. Хөдөлгөөнөө ТББ болгохоор төлөвлөсөн.
Одоо тулгамдаад буй нийгмийн асуудал бол чимээгүй олон жил явсны үр дүн. Хэн нэгэн бидний асуудлыг шийдчих байх гэж найдаад л байсан. Одоо ч найдсаар байгаа. Энэ бүхнийг харж байхад хэн нэгэнд найдсанаараа өөрсдийнхөө мэдлэгийг тэлье, мэдлэгтэй байя гэж бид огт бодоогүй байгаа юм.
Жаахан улс төр сонирхохоор нэгнийгээ улс төржлөө, попорлоо гэдэг. Гэтэл одоо бүгдэд улс төржих шаардлага тулгарсан. Энэ шаардлагыг мэдэрсэн залуус мэдлэг боловсролоо тэлээд явж байгаа гэж харж байна. Нийт массаараа нөгөө л найдсан хэвээрээ хандлага явсаар л байгаа. Зарим хүмүүс тухтай аюулгүй байдлаа л илүү тавьдаг. Чимээгүй байвал аюулгүй, тайван амьдарна гэж найддаг байх.
-Тайван жагсаал хийхдээ эсэргүүцлээ биеэр үйлдэх урлагийн төрлөөр илэрхийлж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?
-Үйл хөдлөлийн урлагаараа ард түмнийг уриалж, ирсэн хүмүүсээ дөрвөн тал болгож зогсоогоод голд нь урлаг үзүүлж байгаа гол дүрээ зогсоогоод утсаар ороосон юм. Үйлдлийн урлаг гэдэг утгаараа явсан. Татах гэх мэт хэсэг нь төлөвлөгөөгүй байсан гэсэн үг. Татаж байгаа нь биднийг өдөр тутамд боомилж, эрх чөлөө дуу хоолойг маань хорьж байгаа дүр зураг. Үйлдлийн урлагт оролцож, дөрвөн талд зогссон хүмүүсийн нүд, амыг хар уяагаар боосон байгаа. Тэр нь “бидэнд үнэн зөвийг илэрхийлж хэлэхгүй байна. Олон зүйлийг биднээс нууж байна. Тэр утгаараа бидний нүдийг хааж байна. Яриулахгүй байна” гэсэн санааг харуулж байгаа юм. Жагсаалд очихоор албадан тараадаг, харлуулдаг. Эрүүл сэтгэлгээтэй сэхээтэн хүн жагсаал дээр чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх нь хомсдож байгаа юм. Энэ нөхцөл байдлыг тухайн цагт багтаагаад үйлдлийн урлагаар илэрхийлэх гэж зорьсон.
-Таны хувьд асуудлыг чимээгүй өнгөрөөснөөр алдсан зүйл байдаг уу?
-Нийгэмд шударга бус зүйл олон бий. Ажлын байрны бэлгийн дарамтыг би өөр дээрээ мэдэрч байсан.Шоконд ороод юу ярихаа мэдэхгүй хэсэг хугацаанд явсан. Илэрхийлээд асуудал болгоё гэхээр хүлээж авдаггүй. Би нэг студид ажиллаж байсан юм. Сарын хугацаатай төсөл байсан. Оройн цагаар их ажиллаж суудаг. Манай уран бүтээлчид ажлаа ярих гэж ууна. Тэр үед, “Илүү амжилттай байхын тулд миний дүү ахтайгаа явж болно” гэж хүндэлдэг байсан хүн маань хэлсэн.
АББД гэдэг үг миний хувьд хөндлөн зүгээр л агаар дээр явж байдаг үг байсан бол тэр үед надад маш хүчтэй мэдрэгдсэн. Энэ тухай би даргадаа ч хэлээгүй. Зүгээр ажлаа өгөөд л гараад явсан юм. Үүнийг жагсаалтай холбох юм бол энэ мэтчилэнгээр чимээгүй хохирч үлдсээр байгаад өөрөө маш их айдас тээсэн юм билээ. Жагсаалд хүмүүс уур бухимдлаа илэрхийлдэг шүү дээ. “Ажлаа хий” гэх зэргээр. Тэгэхэд би орилж чадахгүй байснаа анзаарсан.
– Жагсагчид хэр мэдлэг боловсролтой байна гэж харсан бэ?
-Нэг сарын жагсаалаар, жагсах эрхээ бататгахын тулд гарын үсэг цуглуулсан. Тэр үед хүмүүс ирж ярилцаж байгаа юм. Зарим нь “ал, цаазал, дүүжил” гэсэн маягтай байсан. “76 гишүүнийг гаргаж ирээд дүүжилнэ” гэх зэргээр хэтэрхий явцуу, арга барилгүй хандлагууд их бий. Тэр нь угаасаа биелэхгүй. Зүгээр л уур хилэн. Мэдлэггүй байдлаасаа болж гацаад байна гэж харсан. Иймээс өөрсдөөрөө тоглуулаад байна.
Мөн олон нийт өөрөө бодож сэтгэх дээрээ маш дутмаг байдаг. Үзэл бодолдоо үнэн ч байх нь их ховор. Өөрөө бодож сэтгэхгүй. Заавал нэг хүний ам дагуулж, юмны ард үлдчихээд байдаг. Үзэл бодол дээрээ алдаж болно. Мэдэхгүй байж болно. Гол нь дотроо илэрхийлж байж, юмаа гаргаж байж зөв буруу гэдгээ мэднэ. Гэтэл тийм биш.
-Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Бид цаашдаа сайт нээнэ. Бүтээлүүдээрээ дамжуулж дуу хоолойгоо хүргэнэ гэсэн үг. Бидний цаг үе ирсэн гэж хэлмээр байна. Манай бүлгэмд 17 настай залуу ч байгаа. Өөрсдийгөө огт голж болохгүй. Ямар нэг зүйлд эвдрээгүй, хайрцаглагдаагүй сэтгэлгээ хамгийн чухал байдаг. Тэгэхээр бидний цаг ирсэн. Ирээдүйгээ удирдах жолоогоо атгаж эхлэх хэрэгтэй. Бид нар чадна. Гэрэлтүүл хөдөлгөөнийг дагаарай.