“Гашуун яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бид жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээг урилаа. Түүний амьдралд өнөөдрийг хүртэл үзэж туулсан хүнд бэрх зүйлс, алдаж, онож байсан үеүд, үүний ард хэрхэн гарсан түүх, үлдсэн сургамжуудынх нь талаар ярилцлаа.
-Урлагийн амьдралд хөл тавиад 10 гаруй жил болсон байна шүү дээ. Энэ хугацаанд шантарч байсан үеүд бий юу?
-Анх урлагийн сургуулийг төгсөөд, “Би ингээд жүжигчин болчихлоо” гэж боддог юм билээ. Дипломоо аваад л хоёр хоногийн дараа юу хийх билээ гэж бодогдсон. Тэгээд л ажиллаад явахад ганц бие хүнд цалин орлого нь болоод байсан. Харин гэр бүл, эхнэр хүүхэдтэй болоод ирэхээр жинхэнэ толгой руу тогшоод авдаг юм билээ.
Уран бүтээлээ хиймээр байдаг. Амьдралаа авч явмаар байдаг. Тэр үедээ их шантарч байсан. Гэхдээ “Больчихъё” гэж бодоогүй. Ямар ч байсан “болгочихъё” гэж эхлээд бодсон. Найзуудтайгаа нийлж хүргэлтийн хоол зарах гэж үзсэн. Хөөсөн чихрийн машин аваад түүгээрээ хөөсөн чихэр хийгээд л ажиллаж үзсэн. Энэ болгонд мөнгө л хэрэгтэй шүү дээ. Амьдралд мөнгө хэрэгтэй учраас тэрийг л яаж цалингаасаа гадна нэмэлтээр олох вэ гэж эрэл хайгуул хийж явж байсан юм. Солонгос руу хүртэл ажил хийх гэж явж үзсэн.
-Залуус ярьдаг шүү дээ. Солонгост очоод л ажил хийчихвэл амьдрал нь цэцэглэчих гээд байгаа юм шиг яриад байдаг. Ер нь яг очоод ажиллаад үзсэн хүний хувьд үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Би өөрөө яг тийм бодолтой байсан. Очоод яг алаад өгье. Солонгост ажил их гайгүй байдаг гэсэн. Хялбархан, нэг их зовдоггүй гэсэн энэ тэр гээд ганц нэг зүйл сонсчихсон. Очоод өдөр болгон ажилтай байх юм шиг бодоод л. Нэг өдрийн 200 мянган төгрөгийн цалинтай гэхээр шууд 30 хоногоороо үржүүлээд, өдөр алгасахгүй ажиллах юм шиг тооцоод л. Би тийм мөнгөтэй ирэх юм байна. Ирээд л ингэнэ тэгнэ гээд нэг талдаа дэврүүн ч юм шиг, хөнгөн ч юм бодол сэтгэхүйтэй явдаг. Очоод л яг хөрсөн дээрээ буухаар тийм биш байдаг. Ер нь очоод л алгадуулдаг юм билээ. Хэл ус мэдэхгүй болохоор ажиллаж байхдаа өөртэйгөө их ярьдаг байсан. Тэр үед, Би Монгол Улсын их дээд сургуульд, дээд боловсролыг ээж аавынхаа мөнгөөр дөрвөн жил сурч, жүжигчин мэргэжил эзэмшсэн. Гэтэл солонгос жүжигчид яаж амьдарч байна. Мэдээж хүн ам олон, ашиг орлого өөр байж болно. Гэхдээ чи монголд ийм мэргэжил эзэмшчихээд яагаад солонгост хар ажил хийгээд явж байгаа юм бэ гээд л өөрөөсөө асуугаад эхэлж байгаа юм. Эндээс л миний эргэлт эхэлсэн.
-Хүн ажил хийж үзээд, ядарч, зүдэрч үзэхээрээ их өөрчлөгддөг юм шиг санагдсан. Таны хувьд?
-Эргээд монголдоо ирэхэд хүнтэй харьцах харьцаа хүртэл их өөр болсон байсан. Өмнө нь өөрийгөө жүжигчин гэж бодоод л, их зантай байсан байж магадгүй. Эргэж ирээд өөрийгөө хэн ч биш гэдгийг ойлгосон. Монголд ч бай солонгост ч бай чи ерөөсөө хэн ч биш. Яагаад гэвэл юм хийж бүтээж, өөрийгөө харуулж, таниулж, хийж гавьсан юм байхгүй. Урсгалаараа өдөр хоногийг өнгөрөөж, сарын тогтмол цалин аваад л явж байгаа. “Жижгээ чи хэн ч биш юм байна” гэдгийг ойлгоод л, өөрийгөө голох мэдрэмжүүд маш их байсан.
-Энэ үедээ юу хийдэг байсан бэ?
-Яагаад ч юм өглөө эрт босмоор санагдаад л, юм хийж, нэг зүйл ч гэсэн уншчихмаар санагдаад л. Нэг юм ч гэсэн илүү үзчихмээр санагдаад. Ингэж үзэж, уншиж байж, өөрийгөө дайчилж байж тэр болгон маань эргээд надад хэрэг болох юм шиг санагдаад л. Их цангасан хүн орж ирж байсан.
-Одоо таны амьдрал жигдэрч амжив уу?
-Хүний амьдралд санамсаргүй үүсдэг том асуудлууд байдаг юм байна. Яаж ч болдоггүй. Хэдий мөнгө төгрөг байгаад шийдээд дууслаа ч гэсэн сэтгэл санааны хувьд байж болдоггүй асуудлууд байдаг юм байна. Наанаас харахаар хүний амьдрал аз жаргалтай. Инээж ханиагаад л, ямар ч асуудалгүй яваад байгаа юм шиг боловч хүн бүрийн л ард асуудлууд байдаг. Надад ч тийм асуудал бий. Амьдрал их гоё жигдрэх гээд байгаа юм шиг болоод ирэхээр гэнэт л асуудлууд гарч ирдэг. Гэхдээ зөвхөн надад биш хүн болгонд том, жижиг асуудлууд гардаг байх.
-Тулгарсан асуудлаа цухас ярьж болох уу?
-Дэмий байх.
-Та сая хэлж байна шүү дээ. Бүх зүйл маань яг сайхан жигдрэх гээд явж байтал гэнэт л… гээд. Одоо дахиад гэнэт л асуудлууд гараад л ирнэ шүү дээ. Үүнд та хэр бэлтгэлтэй болсон бэ?
-Одоо бол бэлтгэлтэй болсон. Өмнө нь энэ асуудлуудын ард гарахад хүнд. Ийм асуудал болохгүй ч юм шиг. Хүн болгонд асуудал тулгардаггүй. Цөөн хүнд л ийм асуудал ирдэг гэж боддог байсан бол одоо үгүй юм байна. Хүн болгонд асуудал тулгардаг юм байна гэдгийг ойлгосон. Одоо гэнэт асуудал гараад ирэх юм бол өмнөх шигээ ч юм уу шоконд ороод яах аа мэдэхгүй байхгүй. Харин эсрэгээрээ тайван байж, зөв гаргалгааг бодож байх л ёстой юм шиг байгаа юм. Ер нь хүний амьдралд асуудал байнга байна. Үүнд бол их бэлтгэлтэй байгаа.
-Хоёулаа таны цаашдын амьдралын мөрөөдөл зорилго юу байна? Энэ талаараа яриад ярилцлагаа өндөрлөе.
-Мөрөөдөл гэх юм бол их том зүйлийг мөрөөдөж байна. Би жүжигчин хүн. Тийм учраас өөрийнхөө уран бүтээлээр том тэсрэлт хийж, дэлхийн сонорт хүрсэн монгол уран бүтээлүүд хийхийг хүсэж байна. Оскарт уран бүтээлээрээ очихыг хүсэж байна. Хувийн амьдралынхаа хувьд эрүүл саруул өнөр өтгөн байж, хүүхдүүдээ зөв хүн болгож, боловсрол эзэмшүүлээд амьдрахыг хүсэж байна.
-Баярлалаа.