Он солигдох мөчид төрийн тэргүүний хэлсэн үг хамгийн их анхаарал татдаг. Ерөнхийлөгчийн үг зөвхөн мэндчилгээ төдий бус, дотроо том мессеж агуулж байдаг юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн он солигдох мөчид хэлсэн үгнээс харвал энэ онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийх нь, мөн Төрийн өмчит компанийн хуулийг батлах ажлыг урагшлуулахад шахалт үзүүлэх нь гэж харж болохоор байлаа.
ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛЪЯ БУЮУ ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛЬЕ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ “Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн. Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна” гэсэн юм. Эндээс харвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2023 онд багтаан хийх нь чухал гэсэн байр суурьтай байгааг нь харж болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог болгох, УИХ-ын гишүүдийн тоог 100-аас дээш болгож нэмэгдүүлэх асуудал хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд энэ өөрчлөлтийг хийж, жижиг намуудад боломж олгох, нөгөөтэйгүүр парламентын гишүүд нөлөөнд автдаг байдлыг үгүй хийж, гишүүдийн тоогоо нэмэх асуудлыг Төрийн тэргүүн дэмжих нь гэж харж болохоор байна. Нөгөө талд ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, хүчтэй Ерөнхий сайдтай Засгийн газар бий болгох" асуудлыг ч хөндсөн. Нэг үгээр "Тэдний үг огтлолцлоо".
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛЪЯ
Түүнчлэн “Өнөөдөр Тавантолгойн нүүрсний орд газартай холбоотой хууль бус үйлдлийг таслан зогсоож, сахилга хариуцлага, дэг журмыг чандлан тогтоохын төлөө төр, засаг, хууль хяналтын байгууллага, ард түмэнтэйгээ хамтран тэмцэж байна.Цаашид баялагтаа эзэн монгол байхын тулд стратегийн орд газрууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд ард түмний хяналтыг тогтоож, ил тод, нээлттэй болгох ёстой” гэж хэлсэн. Энэ үг бол Төрийн өмчит компанийн тухай хуулийг УИХ яаралтай батлах нь зөв гэсэн утгатай мессеж байв. Үүнээс гадна “Ард иргэддээ байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурал, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн нь Ерөнхийлөгч тогтолцоо, хяналтыг хуулиар өөрчлөх замаар сонгуулийн амлалтаа биелүүлэх чухал гэж “ухаарсны” нэг өнцөг байв.
ТОМЧУУДЫН ТОЛХИЛЦООН НЭГ ТАЛДАА ГАРАХ ОЙРТЖЭЭ
Ерөнхийлөгчийн үгэнд “Хот айл муудалцахад холын дайсан баярладаг” гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн. Иймээс бид эвийг сахиж, зөвийг эрхэмлэх нь юу юунаас илүү чухал билээ. Бидний цөөхөн Монголчууд бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, бие биедээ тусалж, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай. Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээн Их Эзэн Чингис хаан сургасан билээ” гэсэн нь ч цаагуураа “Би Л.Оюун-Эрдэнэтэй учраа олж байгаа. Сонгуулийн тогтолцоогоо ч сайжруулъя. Парламентаа бэхжүүлж гишүүдийн тоогоо нэмье. Ерөнхий сайдын эрх мэдлээ ч нэмье. Сонгодог парламентын тогтолцоо руугаа явъя” гэж хэлсэн мессеж байв. Товчхондоо нүүрсний хулгайн дүйвээнээр толхилцсон “томчууд” хамтарч байж, өнөөгийн гажуудлаа засна гэдгээ харуулахыг зорьсон гэж хэлж болохоор.
ГОЁ ҮГС ХЭЛСЭН Ч ИХЭНХ НЬ УУРЛАЖ ХҮЛЭЭЖ АВЛАА
Хэдийгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх он солигдох мөчид тогтолцоог өөрчлөх олон зүйлсийг онцолсон ч түүний нэр хүнд нийгэмд ихээхэн муу байгааг цахим орчноос харж болохоор байлаа. Цахим орчинд уурласан дүрс бүхий “эможи”-г шууд дамжуулалт болгоны доор ихэнх хувийг нь эзэлж байв. Өөрөөр хэлбэл ард түмэн “У.Хүрэлсүхийг бид сонгоогүй. Хуйвалдааны замаар, сонголтгүй сонголт тулгаж төрд гарч ирсэн хүн шүү, та” гэж хэлсэн явдал боллоо. Нөгөөтэйгүүр 2020 онд сонгуулийн амлалт өгчихөөд хариуцлагаас зугтаж үлдсэн нь байж боломгүй үйлдэл гэх шүүмжлэлт үгсийг ч олон нийт түүнд хаяглаж байлаа.