Монголын хууль хяналтын байгууллага шударга ажилладаг эсэхэд эргэлзэх нэг шалгаан өчигдөр тодорхой болов. Нүүрсний хулгайн гэх хэрэгт эрх баригч МАН-ын цөөнгүй гишүүн холбогдсон ч тэдний нэрийг хав дараад өнгөрлөө. Харин эрх баригчид намдаа нөлөөгүй таван гишүүнээ зарлаж, бусдыгаа үлдээв. Гэтэл МАН-ын гишүүдийн өгсөн тайлбар нь ч өөрсдийгөө илтэд өмөөрсөн, амьдралаас тасарсан гэмээр байлаа. “Нүүрс гэгчийг би огт мэдэхгүй. Тавантолгойн орд гэж хаана байдгийг ч санахгүй байна” гэх зэргээр тайлбар хэлсэн нь эрх баригчид, гишүүд нь олон нийтийг доромжилсон үйлдэл боллоо. МАН-ынхан өөр дотроо байгаа хулгайгаа нууж, таван хүнийг нэрлэдэг юм байж. Гагцхүү тэр тав нь бүрэн эрхээсээ түдгэлзээд, хууль журмынхаа дагуу шалгуулах л ёстой. Гэтэл нэр цэвэр үлдэх гэсэн мэт тавлангуй мэдэгдэл хийгээд эхэлсэн нь зүйд нийцэхээргүй байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар нам дотроо өгөөшинд явсан байж болох ч хуулийн хариуцлагаа үүрэх л учиртай. Харин тэдний ард үлдсэн хүмүүсийг ч хуулийнхан сугалж гаргаж ирэх л ёстой юм.
Нөгөө талаар, АТГ-ынхан асуудалд хэрхэн ялгавартай ханддаг, дээрээс өгсөн дохиураар ажилладгийн дохио өчигдөр бас л харагдав. Учир нь нүүрсний хулгайч гэж зарласан хүмүүс нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй АН-ын гишүүд байлаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайд зөвхөн сөрөг хүчний нам нь л буруутай мэт аашлав. Уг нь сүүлийн 6 жил дараалж, МАН төрийн эрхийг барьсан байдаг. Гэтэл зөвхөн АН-ын хүмүүсийг сугалсан нь эрх баригч нам хэрхэн ялгавартай ханддагийн жишээ боллоо. МАН “шүдгүй” хэдэн гишүүнээ шидэж өгчихөөд үлдсэнд нь АН-ын хүмүүсийг нэрлэж орхисон нь санаандгүй биш зүйл байлаа. Гэтэл Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт зэрэг одоо давхар дээл нөмөрч буй, гишүүн, сайд нарын олон хүний нэрс ч нүүрсний хэрэгт хамааралтай этгээдээр нэрлэгдэх учиртай байв. Харамсалтай нь, нэрийг нь хав дараад өнгөрлөө.
Нүүрсний гэх хэрэг 2010 оноос буюу Сү.Батболдын Засгийн газрын үеэс эхлэлтэй. 10 жил өнгөрчихөөд байхад энэ хэргийг мухарлаж, нэг талд нь гаргаж чадаагүй л байна. Өнгөрсөн хугацаанд нүүрсний нэг тодотголтой хэд хэдэн хэрэг хуулийн байгууллагуудаар дамжсан ч өнөөдөр нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй л байна. Энэ хэрэгт АН болон МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэрс яригддаг. Хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж эхэллээ гэдэг ч төд удалгүй замаасаа сарниж ирлээ. Үүний цаад учиг зангилаа, шалтаг шалтгаан юу байж болох вэ?
Монгол улс 2006 онд авлигатай тэмцэх байгууллагатай болсон. АТГ байгуулагдаад 15 жил хэдийнэ өнгөрсөн ч энэ байгууллага зөвхөн ялсан намынхны дохиураар хөдөлдөг болсон нь олон нийтэд ил байна. Уг нь хуулийн байгууллага хэн гэдгээс үл хамаарч, хуулийн хариуцлага тооцох учиртай. Гэвч тэд зөвхөн эрх баригч намынхны толгойг илдэг ажилтай болсон нь ч нууц биш. Тиймээс АТГ болон хуулийн байгууллагууд шударгаар ажиллаж, нүүрсний сүлжээтэй холбоотой бүх хүнийг хариуцагчаар татаж, шалгахыг олон нийт шаардаж байна. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд давуу эрх олгодог хуулийн байгууллагатай байвал бид хөгжлийн тухай, цэвэр нийгмийн тухай ярих ч хол байна.