“Өрөг хэлэлцүүлэг” нэвтрүүлэг “Экспортын боломжийг ашиглаж эдийн засгаа сэргээе” сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг бэлтгэн, та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээ “Экспортын боломж ба асуудал” сэдвээр бэлтгэлээ.
Нэвтрүүлгийн зочдоор:
- “Ханбогд” кашмерын Ерөнхий захирал Ч.Ганцэцэг
- Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны захирал Д.Баярсайхан
- Жимс, жимсгэний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Цэвэлмаа
- “Одь тан” компанийн Гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам нар оролцлоо.
Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны захирал Д.Баярсайхан хэлэлцүүлгийн үеэр ингэж ярьлаа.
-Арьс, ширний хэчнээн үйлдвэр байдаг вэ. Хэдэн орон руу экспорт хийж байгаа вэ?
-Монголын арьс ширний салбарт өнөөдөр эцсийн бэлэн бүтээгдэхүүн хийдэг 100 гаруй аж ахуй нэгж, хувь хүмүүс, 30 гаруй арьс шир боловсруулах үйлдвэр, 4-5 ноос боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Бидний тооцоогоор, Монголд жилд 15 орчим сая мал нядалдаг юм шиг байна. Статистик тоо бол арай өөр байдаг. Нядласан 15 ширхэг малын арьс, ширний зургаа орчим сая нь дулааны аргаар боловсруулсан махтай нь хамт урд хөрш рүү экспортолдог. 250 орчим мянган адуу, 500 орчим үхрийн шир, 15-30 мянган тэмээний шир, 4 орчим сая ямаа, 4 орчим сая хонины арьс бэлтгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, боловсруулах үйлдвэр дээр 8-9 сая арьс бэлтгэгдэж байгаа. Үүний зургаа орчим сая ширхэг арьсыг хагас боловсруулаад, Турк, Итали, Испани, БНХАУ зэрэг орнууд руу гаргаж байна.
Сонирхуулаад хэлэхэд, Европын зах зээл рүү экспортлогдож байсан арьс шир сая коронавирусийн хоёр жилийн үед зогсоогүй. Өөрөөр хэлбэл, Европын орнуудаас Монгол улс руу хүнсний бүтээгдэхүүн, алим жимс оруулж ирсэн машинууд буцаж гарахдаа манай улсаас боловсруулсан арьс ширээд аваад явж байсан.
-Хагас боловруулсан гэдэг нь яг ямар байдлаар гэсэн үг вэ?
-Хагас боловсруулсан гэдэг нь бүтээгдэхүүн хийхийн тулд будаад, эсгэдэг шүү дээ. Будахаас өмнөх дамжлага гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өртөг бага шингэсэн байна гэсэн үг. Өртөг шингэсэн бүтээгдэхүүний хувьд, өнгөрсөн хоёр жилийн хувьд бид цүнх бага хэмжээгээр Японы зах зээлд экспортоллоо. Монгол, Японы хоорондын хил худалдааны хөнгөлөлт байхгүйгээс, Монголд ажиллах хүчний хомсдолоос шалтгаалаад ч гэдэг юм олон шалтгааны улмаас энэ экспорт түр хугацаагаар зогсож байгаа. Коронавирусээс өмнө Казахстан, Оросын зах зээлд цүнх, жижиг эдлэл их хэмжээгээр гаргадаг байсан. Гэхдээ энэ нь гаалийн бүртгэлгүй гэсэн үг.
Хойд хөрш гаалийн хувьд Монгол Улсад хаалттай орон. Гааль худалдааны тарифын хувьд маш өндөр татвар авдаг.
-Япон Монголоос арьс, ширэн бүтээгдэхүүн дуртай орон. Бусад орнуудаас хамгийн боломжийн хэлэлцээртэй орон нь Япон.
-Уучлаарай, арьс ширний салбарын хувьд гааль худалдааны хэлэлцээр дээр үе шаттайгаар арьс, ширэн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд оруулахад буулгана л гэчихсэн байгаа болохоос тодорхой хэмжээгээр хөнгөлсөн зүйл байхгүй.
-Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гэж тусдаа бий. Тарифын хөнгөлөлттэй. Үүнийг ашигладаг уу?
-Тийм хэлэлцээр байдаг. Арьс, ширэн бүтээгдэхүүн дээр энэ хэлэлцээрийг хэрхэн ашиглах заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, Япон улс өөрийн дотоодын зах зээлээ хамгаалдаг маш сайн хуультай орон. Тиймээс бусад орноос, Монголоос орж ирж байгаа арьс, ширэн бүтээгдэхүүнээс дотоодын зах зээлээ хамгаалчихсан байна гэсэн үг.
-Японы бараа, бүтээгдэхүүн Монголд тарифын хөнгөлөлттэй орж ирдэг. Тэгэхээр энэ хэлэлцээр хэрэгжиж буй хугацаанд энэ заалтыг Монголд ашигтай байдлаар өөрчлөх боломжтой эсэхийг тодруулж, хандаж үзсэн үү?
-Өөрчлөх боломжтой, боломжтой. Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Төрийн байгууллагууд энэ хэлэлцээрийг үргэлжүүлэн хийгээд явах шаардлагатай байгаа.
-Арьс, ширний компаниуд экспортоо яаж нээдэг вэ. Төр, засгаас ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?
-Монголын таван хошуу малын арьс, ширний чанар дэлхийд гайхагддаг. Монгол ноолууртай яг адилхан. Тэгэхэр энэ чанарыг нь Европын орнууд маш сайн судлаж, мэдсэн. Тиймээс Итали, Испани улс Монголын арьс, ширийг хагас боловсруулсан байдлаар авах маш их сонирхолтой байгаа. Цар тахал, коронавирус, Орос, Укрианы дайны улмаас сүүлийн жилүүдэд арьс, ширнээс гардаг желатины хэмжээ маш их өсөж байна. Тиймээс бусад орон Монголоос арьс, шир түүхийгээр нь авах сонирхолтой ихтэй байгаа.
Бид экспортыг өөрсдөө нээж олохоос илүү бусад орон Монголын түүхий эдийн чанарыг мэдэж байгаа учраас авах сонирхлоо маш ихээр илэрхийдэг. Бид арьс ширээ заавал түүхийгээр нь гаргах гэж ер хүсэхгүй байгаа. Монгол Улс хөгжье л гэж байгаа бол аль болох нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн экспортлох хэрэгтэй. Арьс, ширний салбарынхны ч зорилго ийм.
Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 2016 онд батлагдсан. Энэ хуулийг баталснаар Монгол Улсад малын гаралтай түүхий эдийн чанар сайжирна. Өөрөөр хэлбэл, мал эрүүл болно гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь, энэ хүлээлт бидний хэмжээнд хүрэхгүй байна. Энэ хууль батлагдсанаар биднээс авдаг цаасны хэмжээ нэмэгдсэн. Хорио цээрийн бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авахад итгэмжлэгдсэн лабораторийн дүнг үндэслэж олгоно гэсэн байдаг. Хуулин дээрээ. Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газраас “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ” гэдэг юм дахиад нэмээд шаардах болсон. Бүрдүүлж өгөх бичиг, цаас л нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь өөрөө экспортлогчдод хүндрэл их учруулдаг.
Бид арьс ширийг хагас боловсруулаад Европын зах зээлд экспортлоход гадаадаас ачаа ачаад ирсэн машины бүрдүүлэлтийг маш яаралтай хийх шаардлагатай болдог. Нөгөө машин ачаагаа аччихаад хүлээгээд байдаг. Нөгөө олон цаасаа бүрдүүлэх гээд гүйх шаардлага тулгардаг. Энэ маш их хүндрэл үүсгэдэг.
-Бичиг баримтаа хэдэн байгууллагаас бүрдүүлдэг вэ?
-Лав 10-аад байгууллага дамждаг. Худалдаа аж үйлдвэрийн танхим шиг цахимаар олгочихдог болчихвол шаардлагатай бичиг баримтаа богино хугацаанд, цаг алдалгүйгээр бүрдүүлэх боломж бүрдэнэ.