УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ёс бус үйлдлүүд олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Хамгийн сүүлд тэрээр хүүхдээ зодож буй бичлэг нь цахим сүлжээнд цацагдлаа. Хүүхдийн эрх ярьдаг, хууль баталдаг хүн өөрөө ийм доголдол гаргасан нь байж боломгүй. Иймээс УИХ-ын ёс зүйн дэд хороо яаралтай хуралдаж, хариуцлага тооцохыг олон нийт шаардаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн бие махбодийн болоод сэтгэл санааны хүчирхийлэгч хүн хууль тогтоох байгууллагад байх ямар ч боломжгүй хэмээн сануулсаар байна.
Түүний хувьд гэр бүлийн асуудал, дуулианд холбогдсоноос гадна нүүрсний хулгайн хэрэгт ашиг сонирхол нэгтэй буюу хамаарал бүхий этгээд нь уул уурхайн салбарт холбоотой учир хардлагад өртөж буй. Гэвч УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Би төрөөс хулгай хийгээгүй гэдгээ баттай хэлнэ” хэмээн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгдсэн байдаг. Энэ нь түүний хуулийн хариуцлага яригдаж буй асуудалдаа өгсөн тайлбар байлаа. Өөрөөр хэлбэл, нүүрсээр ашиг сонирхлоо зангидсан гишүүд хариуцлага хүлээх үү гэх хардлагад тэр өөрийн хариултаа өгсөн юм.
Хоёрдугаарт, Ч.Ундрам гишүүн гэр бүлийн асуудалдаа ч зүйд нийцсэн тайлбар өгөх болов уу гэх олон нийтийн хүлээлт байсан. Гэвч тэр өөрийгөө эрс өмөөрч, ард түмнийг загнасан. Тэрбээр “Би төрийн ордонд архи дарс уугаад хүний аминд хүрчихээ юу. Би чөлөөт цагаараа, гэртээ нөхөртэйгээ ярьсан асуудлыг яагаад дэвэргээд яриад байгаа юм бэ? Нүүрсний хулгайгаа ярь л даа” хэмээсэн нь хариуцлага үүрсэн УИХ-ын гишүүнээс гарамгүй үг байлаа.
Ч.Ундрам гэдэг хүн ард түмний итгэл, дэмжлэгийг авч УИХ-д сонгогдсон. Тиймээс ч иргэн Ч.Ундрам байхаа больсон гэсэн үг. Тэр бол хууль тогтоогч Ч.Ундрам. Тиймээс парламентын гишүүний ёс зүйн кодыг баримталж, үүргээ ухамсарлах учиртай. Бүхэл бүтэн тусгаар улсын хуулийг тогтоодог хүн алхаа гишгээ бүрээ цэгнэх учиртай. Гэвч тэрээр хүүхдээ биемахбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд оруулсан, гэр бүлээс гадуурх харилцаатай гэх, мөн уул уурхайн асуудлаар шалгагдах шаардлагатай гишүүдийн тоонд багтсан зэрэг гурван асуудалд зэрэг холбогдоод байна. Гадны улс төрчид дуулиан шуугианд холбогдохдоо ийм л тайлбар хэлж, сонгогчдооосоо уучлал гуйдаг. Энэ нь тухайн улстөрчийн зөв бурууг дэнсэлж байгаа хэрэг биш. Зүгээр л ёс зүйн хариуцлага хүлээж байгаа нь тэр юм. Цаашлаад хуулийн болоод улстөрийн хариуцлага хүлээдэг. Гэвч одоогоор түүний хувьд өөрийгөө хаацайлснаас өөрөөр өөр тайлбар хийгээгүй байна. Тиймээс УИХ-ын ёс зүйн дэд хороо яаралтай хуралдах, улмаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамд хариуцлага тооцох асуудлыг ярьж эхлээд байна. “Та бол хууль тогтоогч Ч.Ундрам. Иргэн Ч.Ундрам биш” хэмээн анхааруулсаар байна.
Шинэчлэн баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хүргэж байна.