Монгол түмний хайртай, дуртай дуунуудын нэг бол яах аргагүй “Өнө мөнх орон”. Б.Шарав агсны алдарт “Сэтгэлийн эгшиг” хөгжимд яруу найрагч Л.Өлзийтөгс гайхалтай шүлэг бичсэнээр эл уран бүтээл мэндэлсэн.
“Өнө мөнх орон” дуу хэрхэн бүтсэнийг Л.Өлзийтөгс цахим хуудсандаа хуваалцжээ.
Тэрбээр “Дуучин Отгонжаргал нэг удаа эгчээрээ утасдуулаад манайд ирэв. “Сэтгэлийн эгшиг”-ийг дуу болгох хүсэлтэй гэнэ. “Шарав ах бид хоёр танаар үг бичүүлье гэж ярилцаад аа…” гэсэн.
“Ямар сэдэвтэй дуу болгох хүсэлтэй байна? гэсэнд “Та өөрөө л мэдээд ямар ч хамаагүй үг бичээд өг, хайрын тухай ч юм уу!” гэлээ.
Энэ хөгжмийг тэр үед хүмүүс “оршуулгын ая” гэж нэрлэдэг болоод байсан л даа. Талийгаачдын эмгэнэл ТВ-ээр явахтай зэрэгцээд “Сэтгэлийн эгшиг”-ийг нэвтрүүлдээс болоод…
Харин надад энэ хөгжим өөр мэдрэмж төрүүлдэг. Гуниг. Гэхдээ гаслантай гуниг биш. Гэгээн гуниг.
Яруу найргийн сэтгэлгээнд “Гэгээн гуниг” хэмээх зүйрлэл ариун сайхан мэдрэмжийг илэрхийлнэ.
Гэгээн гуниг яагаад гашуун, гаслант аяз болчихов?
Учир нь энэ хөгжмийн хийлийн хувилбар түрүүлж олонд түгснийх болов уу. Миний бодлоор хийл их “уйланхай” зэмсэг. Дээд өнгөнүүд дээр очих үедээ бүр зүрх урдаг даа. Харин төгөлдөр хуураар тоглосон “Сэтгэлийн эгшиг” арай өөр сонсогддог шүү.
Олны дунд тогтсон ойлголтыг өөрчилж чадах эсэхээ үзмээр санагдсан учраас зөвшөөрчихлөө.
“Ээжийн тухай дуу болгоё” гэж эхлээд бодсон. Гэтэл яг тэр орой ах минь Америкаас утсаар ярьж таарав. Тэгэхэд ойр дотнын олон хүн, дөрвөн ч сайн найз минь гадаадад амьдарч байсан. Бүгд эх нутгаа санаж эмтэрдэг ч буцах гэхээр нэг л болохгүй байгаагаа утсаар ярихдаа хуучилцгаах.
Ингээд л “гадаадад байгаа монголчуудыг эх оронд нь дуудсан дуу хийе” гэдэг санаа агуулж эл шүлгийг бичсэн нь чин үнэн болно. Ахтайгаа утсаар ярьсан нь л энэ сэдэв рүү шууд хөтөлсөн.
Мэдээж аялгуундаа л тохируулж мөр, бадгаа төлөвлөх хэрэгтэй болсон. Яг хэмжээнд баригдана гэсэн үг. Үгийн тоо төдийгүй үг тус бүрийн урт ч хязгаартай.
“Өнө мөнх орон” дууны шүлэг минь маш энгийн ч нарийн анзаарвал бяцхан “нууц” бий. (дахилтын хэсэгт)
Нэгдүгээрт: “Эх орон минь надтай мөнхөд хамт байдаг” гэсэн шууд утга.
Хоёрдугаарт: Дээрх санаагаа зориуд давтсаар утга гүнзгийрэхдээ МӨНХ гэдэг үгээр дамжин шүлгийн гол санаа салаалж, сэм хуваагддаг. Нэг л үгэнд хоёр санаа багтаасан ухаантай.
Тодруулбал, “эх орон минь надтай мөнхөд хамт байдаг” хэмээх утга “эх орон минь намайг мөнхөд дууддаг” гэсэн санаа руу мэдэгдэлгүй шилждэг.
МӨНХ гэдэг үгийг ЗОРИУД сонгосон. Мөнх, мөнх гээд л давтаад байгаа биз? Энэ бол өчүүхэн шүлэгчийн зүрхний ерөөл.
“Монгол үндэстэн 500 жилийн настай” гэж нэрт эрдэмтэн Лев Гумилёв хэлсэн тухай 19 настайдаа сонсоод цочиж, хүүхдэрхэг сэтгэлээр бүр айж билээ. “500 жилийн дараа бид байхгүй болчих юм байх даа?” гээд л…
Сэтгэлд үлдсэн энэ нууцхан эмзэглэлийн цуурайнаас л төрсөн дуу. Гумилёвын үгийг эсэргүүцсэн санаа.
Шарав ах дуундаа сэтгэл хангалуун байсаан. Нэг удаа Соёлын Төв Өргөөнд тааралдаад дээд давхрын нь ресторанд дагуулж орон Аюур бид хоёрыг дайлж, баярласан сэтгэлээ илэрхийлсэн билээ: “Ах нь даана шүү!” гээд л.
Тэр орой "Манайд найрал дуу их ховор. Тиймээс дуурийн театрын найрал дуучдад өгч, энэ дууны шинэ хувилбар гаргана" гэж ярьсан.
Үнэхээр л “Сэтгэлийн эгшиг” хөгжим эх орны тухай дуу болж хувирснаасаа хойш найрал дуучдын гурван ч хувилбарыг үзээд байна. Шарав ах өөрөө гурвууланг нь харсан, сонссон.
Поп опера, дуурийн найрал, поп гээд ямар ч хэлбэрээр дуулж болж байгаа нь Шарав ахын аялгуулаг, гэгээлэг, авьяаслаг хөгжмийн л хүч. Миний шүлгэнд сүйдтэй юм байхгүй л дээ.
“Шарав гуайн эхнэртээ зориулсан ая шүү дээ. Юун эх орон болоод явчихав аа?” гэх мэтээр зарим нь ярьдаг. “Бүтээлээс бүтээл төрүүлэх” нь хөгжмийн урлагт ч, утга зохиол, дүрслэх урлагт ч хэвийн зүйл.
Сэтгэл зүрхний ГҮНЭЭС төрсөн сайн бүтээлүүд цуурайтах чадвартай, хувирах, хөгжих боломж ихтэй байдаг. Хайртай ханьдаа зориулсан хөгжмийг нь үхлийн “мэдэгдэл” шахам болгож хувиргасанд Шарав ах таатай байгаагүй нь лав. Тиймээс ч өөр утга агуулгатай дуу болгож чадсандаа би баяртай явдаг аа.
“Өнө мөнх орон”-г Отгонжаргал маань их "сүнслэг" зөөлөн, уянгалаг, дуулсан. Увертюра хамтлаг харин сүрлэг, драмтай дуулдаг. (Үзэл санаатай)
Дашчанрав, Дашням хоёрынх болохоор монгол эрчүүдийн эрдүү хүчирхэг ба ухаалаг зөөлөн хоёр араншинг илтгэсэн, их гоё хувилбар. “Хурд”-ын Отгонбаярын найруулгаар шуранхай орж ирсэн нь сэтгэл хөдөлгөсөн, мэдрэмжтэй хувилбарыг төрүүлсэн дээ.
“Увертюра”-ийн клип хаагдаж, зарим улс төрч эсэргүүцсэн ч сураг сонсогдсон. Надад лав тэр клип хүчтэй сэтгэгдэл төрүүлж, сэртхийлгэсэн дэг. Энэ дуу Москвад Улаан талбайд мөн дуулагдсан гээд л олон түүх ярьж болох нь.
Шүлгээ эхний хэлбэрээр нь анх удаа нийтлэв. Дуучид амьсгааны хувиарлалтдаа тохируулан зарим үгийг төдийгүй нэг хоёр мөрийг хасч дуулсаар багахан өөрчлөгджээ.
ӨНӨ МӨНХ ОРОН
Та зүрхэнд мөнх!
Цэв цэнхэр нутаг минь
Цээжний гуниг арчих
Цэвэр ялдам салхин минь
Их салхины орон!
Та харцанд мөнх!
Тэв тэнүүн нутаг минь
Тэртээ алсад хөхрөх
Тэгш дүүрэн тэнгэр минь!
Хөх тэнгэрийн орон!
ДАХИЛТ:
Та зүрхэнд мөнх
Зүүдэнд мөнх
Харцанд ч мөнх
Хүүгээ дуудсаар
Алсын алсаас уулсаараа даллана.
Анир гүмхэн талаараа даллана.
“Хүрээд ир!” гэж аав шиг дуудна.
“Хүүг минь өршөө!” гэж ээж шиг хурайлна.
Эх орон!
Эх орон!
Уйлсан ч санагдах юм аа.
Дуулсан ч санагдах юм аа.
Та сэтгэлд мөнх!
Энх саруул нутаг минь
Эвий хайраар ивээх
Ээжийн дүр шиг мөнх орон!
Өнө мөнх эх орон!
Өнө мөнх орон!
Өнө МӨНХ…
Өө тийм, “Эвийн” хайр биш шүү, дуучид аа! ЭВИЙ хайр.
Эх хүн үрээ эвийлдэг шиг эх орон минь биднийг ЭВИЙЛДЭГ гэсэн л утга.
“ЭвийН” хайр гэчихээр чинь эв найрамдал, энх тайвны хайр болох гээд байна аа.
Монгол бахархлын өдрийн мэнд” гэжээ.