Монгол улсын иргэд эх орондоо, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ эрхийг нь хангаж өгнө гээд ард түмний саналыг аван УИХ-д гарсан эрх мэдэлтнүүд талцан баялгаа булаацалдсаар буй.
Гэтэл Улаан чулуут хогийн цэг дээр иргэд өнөөдрийг хүртэл гэр барин амьдарч байна. Энд ажиллаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь сургуульд сурдаггүй. Өдрийнхөө хоолыг олж идэхийн төлөө хог ухаж, ажилладаг талаараа ярьсан юм.
Хогийн цэгт арваас дээш жил ажиллаж байгаа хүмүүс нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаагаас шалтгаалан хүүхдүүддээ чанартай хоол ч идүүлж чадахгүй байгаадаа харамсаж буйгаа хэллээ.
ИРГЭД:
- Би энд ажиллаад 12-13 жил болж байна. Ам бүл дөрвүүлээ амьдардаг. Ажил сайн үедээ 70-80 мянган төгрөг хийнэ. Миний хувьд охиныхоо хүүхдийн төлөө л явж байна. Зээ маань сая эмнэлэгт хэвтээд гарлаа. Үхрийн махаар хоол хийж өг гэж эмч хэлсэн. Тэгээд л ийм тийм витамин бичиж өгсөн. Яг үнэндээ үхрийн мах авах мөнгө нь ч алга. Өнөөдрийн амьдрал ийм л байна.
- Амьдрал хэцүү байна шүү дээ. Гурил будаа ямар үнэтэй байгаа билээ. Биднийг ажилд нас заагаад авахгүй. Тэгээд хийсэн ч гэсэн цалин харж яаж амьдрах вэ дээ. Эндээ боломжийн хөөрхөн ашиг олчхоод байдаг. Би энд ирж хоол цай зардаг юм. Хэдэн хүүхдээ хүний дайтай хүн болгочихлоо. Тэдэнд туслах гээд л, үхэн үхтлээ хэдэн төгрөг хуримтлуулаад өгье гэж бодох юм. Өөр санах зүйл алга.
- Хогийн цэг дээр гэр барьж амьдраад 7-8 жил болж байна. Уг нь хашаа байшин байсан. Түүнийгээ барьцаанд тавиад бизнес хийдэг баатар болсон байхгүй ээ. Мөнгө л олж байвал юу ч хамаагүй түүж байгаа юм. Дунджаар 20-30 мянган төгрөг олдог. Энэ мөнгө яаж амьдралд хүрэх вэ дээ. Би хүүхэдтэйгээ уулзаагүй бараг долоон жил болж байна. Энд 7-8 жил амьдарч байгаа нь архинаас болсон гэж ойлгож болно. Манай энд амьдралаа дээшлүүлэх гэсэн хүн их байгаа. Бүр дордсон ч хүмүүс байна. Би бол нохой шиг амьдарч байна. Үүнд өөрийгөө л буруутгадаг. Намайг архи уу гээд ам руу цутгасан хүн байхгүй шүү дээ. Архиа болимоор байна. Гэвч больё гэхээр нийгэм хэцүү санагдах юм. Намайг хүлээж авах хүн байхгүй шүү дээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гол хэрэглээний бараа бүтээгдэхүүн 120 хувь өссөн байна. Харин цалингийн хэмжээ ердөө 50 орчим хувиар нэмэгджээ. Үүнээс үүдэн монголд хоёр хүн тутмын нэг нь ядууралд орж буйг эдийн засагч Г.Батзориг хэллээ.
Тэрбээр, "Үнийн өсөлт нь орлого бага айл өрхүүдэд илүү эмзэг тусаж байгаа. Энэ хүнд үед дундаж болон дунджаас доогуур өрхүүдэд чиглэсэн зорилтот халамжийн бодлого хэрэгжүүлдэг олон улсын туршлагууд их байдаг. Манай бодлого хавтгайрсан тал руугаа орчихсон. Жишээ нь Зүүн Ази номхон далайн орнуудтай харьцуулахад хүн амынхаа 80 хувьд халамж олгочихсон. Тэгэхээр халамжийн бодлогыг зорилтот бүлэгт шилжүүлж болно гэсэн үг. Ядуурал гэхээр зөвхөн нэг хүний ядуурлыг хараад байж болохгүй. Үе залгамжлах ядуурлын тухай анхаарах хэрэгтэй юм. Дани эсвэл Голландын ядуу гэр бүлд төрлөө гэхэд, би гурван үеийн дараа дундаж давхаргад орох боломжтой гэсэн судалгаа байдаг. Бид зах зээлийн системд шилжээд хоёр үе л өнгөрөөж байна. Энэ мэт судалгааг хийх л хэрэгтэй" гэлээ.