100 буудалт даамын дэлхийн аварга Мөнхмандах болон түүний ээж Янжинсүрэн нартай ярилцлаа. Тэд даамын спорт бол хүнд зөв хүмүүжил, тэвчээр хатуужил олгож, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг тухай ярьсан юм.
Сайн уу, өөрийгөө танилцуулаарай.
Намайг Цогбадрахын Мөнхмандах гэдэг. Би 10 настай. МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 5б ангид сурдаг.
Даамын спортын Дэлхийн аварга болсонд баяр хүргэе.
Баярлалаа. Би сая Турк улсын Анталья хотод зохиогдсон Дэлхийн өсвөр залуучуудын аварга шалгаруулах 100 буудалт даамны тэнцээнд оролцоод ирсэн. 100 буудалт даамны үндсэн төрөлд хоёрдугаарт орж, мөнгөн медаль авсан. 100 буудалт даамны блиц төрөлд түрүүлж, алтан медаль авсан.
Медаль аваад, шагналын тавцанд зогсож байхад маш гоё мэдрэмж төрсөн.
Даам тоглох ямар онцлогтой вэ?
Даам тоглох нь хүний оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлдгээрээ онцлог. Хүмүүсийг тэвчээртэй байж зөв шийдвэр гаргахад нь тусалдаг.
Чиний мөрөөдөл юу вэ?
Би том болоод сайн хүн болно гэж боддог.
Аав, ээждээ хандаж юу гэж хэлмээр байна?
Намайг үргэлж дэмжиж, тусалдагт маш их баярлалаа. Аав, ээж, гэр бүлийнхэндээ хайртай шүү.
Түүний ээж Х.Янжинсүрэнтэй хүүгээ хэрхэн дэмждэг, энэ спортоор хичээллүүлэх нь ямар давуу талтай талаар ярилцлаа.
Миний хүү инженер болно. Автомашин зохион бүтээнэ гээд л хөөрхөн зүйлс ярьдаг.
Хүү нь хэзээнээс даамын спортоор хичээллэж эхэлсэн бэ?
Би хүүгээ таван настай байхад нь даамны дугуйланд явуулж байсан. Нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас сууж сургах зорилготой явуулсан. Даам оюун ухаан, сэтгэн бодох чадварыг нь сайжруулах зэрэг олон ач холбогдолтой учраас сонгосон. Гэхдээ хүүгээ ийм том амжилтад хүрнэ гэж бодоогүй.
Хүү нь ямар ямар амжилт гаргаж байсан бэ. Амжилт гаргаад ирэхэд нь танд ямар мэдрэмж төрсөн бэ?
Миний хүү анх дугуйландаа яваад нурав, дөрвөн сарын дараа анхны тэмцээндээ оролцож, анхны хүрэл медалиа авч байсан. Түүнээс хойш оролцсон бүх тэмцээндээ амжилттай оролцож, медалиас мултардаггүй болсон.
Монголын маш олон тэмцээнд оролцсон. Гадаадад анх 2019 онд долоон настайдаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алт, хүрэл медаль авсан. 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дахиад алт, мөнгөн медаль авч, “Хошой аварга” болсон. Дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцож, алт, мөнгөн медаль авлаа. Хүүгээ тэмцээнд түрүүлж, шагналын тавцанд гараад, төрийн дуулал эгшиглэх үед сэтгэл маш их хөдөлж,их бахархсан.
Даамын спортоор хичээллэх нь хүүхдэд юу сургадаг вэ?
Даамыг нэг барьсан бол энэ буруу гээд болих ямар ч боломжгүй. “Барьснаа нүү” гэсэн дүрэмтэй байдаг. Түүнтэй адил амьдралд нь ямар нэг асуудал гарах үед шууд буруу шийдвэр гаргахгүй, бодож, зөв шийдвэр гаргадаг хүн болоосой гэж даамаар хичээллүүлж байна.
Мөн цагийн зөв зохион байгуулалт сурсан. Энэ нь миний хүүгийн ирээдүйд маш хэрэгтэй гэж боддог. Хичээлээ хийх үедээ хийж, тоглох үедээ тоглож, дугуйландаа долоо хоногт хоёр удаа явж, гэрийн даалгавраа хийдэг. Миний хүү үеийн хүүхдүүдээсээ арай бага унтаж, арай бага тоглож, их хичээж өнөөдрийн амжилтад хүрсэн.
Хүү нь хожигдсон эсвэл хожсон үедээ ямар байдаг вэ?
Амьдралд унаж, босож болдог. Хожиж, хожигдож болдгийг миний хүү багаасаа мэдэрч өсөж байна. Заавал бүгдийг хожих ёстой, амьдралд бүх зүйл нь шулуун шударга байна гэж байхгүй.
Хожигдохоороо гомддог, уйлдаг. Тэр үед нь ээж нь тайтгаруулдаг. Ээж нь хүүгийнхээ дасгалжуулагч, халамжлагч, сэтгэл зүйчийг нь хийдэг. Хожихоороо баярлаж, хөөрөөд дараагийн тэмцээндээ хурдан тоглох. Хожигдохоороо сэтгэлээр унаад дараагийн тэмцээндээ муу тоглох магадлалтай. Тиймэрхүү үед нь ээж нь “Миний хүү нэг удаа алдаа гаргасан. Үүнээс хойш алдаагаа битгий бодоорой. Дахиад ийм алдаа гаргахгүйн төлөө тоглоорой. Хүүхэд буруу, зөрүү аргаар хожиж болохгүй. Жинхэнэ цэвэр оюун ухаанаараа тоглох ёстой. Үнэхээр чадахгүй, алдаа гаргавал хожигдож болно” гэдгийг үргэлж хүүдээ хэлдэг.
Та хүүгээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
Найзынхаа амжилтыг хамт хуваалцдаг. Уналтад нь найздаа зөвлөдөг. Чи намайг хожсон учраас миний найз биш гэж бодож болохгүй. Бусдын баяр, жаргалыг хуваалцаж чаддаг. Сайхан сэтгэлтэй хүн болоосой гэж хүүгээ боддог.
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.