Хоорондоо нэгдэж, нэгдсэн нэг холбоотой болсон Монголын сагсан бөмбөгчид FIBA-ийн албан ёсны тэмцээнд оролцох эрх нь нээгдээд байгаа билээ. FIBA-д бандуулж, 5х5 төрлөөр олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхээ хасуулаад байсан Монголын шигшээгийнхэн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хамгийн сүүлд 2013 онд өрсөлдсөн. Түүнээс хойш Азийн наадмыг эс тооцвол шигшээ багаараа олон улсын тэмцээнд оролцоогүй.
Монголын шигшээ багийнхан есөн жилийн дараа Азийн АШТ-ий эхний шатны тоглолтоо эх орондоо, монголчуудынхаа өмнө хийнэ. Тус тэмцээний D хэсгийн тоглолтыг манай улсад хийхээр болсон нь сагсан бөмбөгчдөд ийм боломж олгосон юм.
Өнөөдөр эхэлж, энэ сарын 14 хүртэл үргэлжлэх Азийн аваргын урьдчилсан шатанд Монгол, Вьетнам, Тайланд, Таити, Малайз гэсэн дөрвөн орны шигшээ өрсөлдөнө. Тэднээс гурав нь дараагийн шатанд оролцох эрх өвөртөлнө. Тус тэмцээний Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалаас тодрууллаа.
-Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг хэрхэн авсан бэ?
-Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн дөрөвдүгээр сард шинэчлэгдэн, ээлжит хурлаа хийсэн. Үүний дараа манай холбоо Азийн АШТ-ий урьдчилсан шатанд шигшээ багийнхаа тоглох хэсгийг эх орондоо зохион байгуулах санал ФИБА-д гаргасан. ФИБА Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ удирдлагын саналыг дэмжээд, энэ тэмцээнийг манай улсад зохион байгуулах эрх өгсөн.
Энэ тэмцээн 2025 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд оролцох эрх олгохоороо онцлог. Хамгийн эхний шат гэсэн үг.
-Монголын шигшээ 5х5 төрлөөр хамгийн сүүлд аль тэмцээнд оролцсон билээ?
-2018 оны Жакартагийн Азийн наадамд оролцсон. Гэхдээ энэ наадам FIBA-ийн албан ёсны тэмцээнд багтдаггүй.
-Тэгэхээр FIBA-гийн албан ёсны тэмцээнд оролцоогүй бүр ч удсан юм байна.
-Тэгсэн, FIBA-ийн албан ёсны тэмцээнд сүүлийн 10-аад жил оролцоогүй. Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хамгийн сүүлд 2013 онд өрсөлдсөн. Тэгэхээр энэ тэмцээнд шигшээ багаараа есөн жилийн дараа оролцох гэж байгаа гэсэн үг.
-Монголын шигшээ эх орондоо өрсөлдөх дөрвөн багтай өмнө нь яаж тоглож байсан бол?
-2018 оны Жакартагийн Азийн наадамд Тайландын багтай тоглож байсан. Малайзын багтай тоглож байсан байж магадгүй. Бусадтай нь тоглож байсан эсэхийг сайн мэдэхгүй байна.
-Шигшээ багийн 12 тамирчныг эцсийн байдлаар өчигдөр (уржигдар) зарлалаа. Тамирчдаа ямар шалгуураар сонгов?
–Манай холбоо шигшээ багийн алба байгуулж, шигшээ багийн дасгалжуулагчдыг томилсон. Дасгалжуулагч нар ярилцаад, бэлтгэл дээр хэн хамгийн сайн байна, аль, аль байрлал дээр хэн тоглох вэ, эсрэг багуудтай тоглоход ямар давуу тал үүсэх вэ гэх мэт олон талаас нь харж, харгалзаж байгаад багаа бүрдүүлсэн. Дасгалжуулагчийн багийн хамтын шийдвэр л дээ.
-Шигшээ багт Д.Дэлгэрням багтаагүйд цөөнгүй хүн гайхаж байна. Түүнийг яагаад багтаагаагүй вэ?
-Д.Дэлгэрнямын хувьд, Парисын олимпын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оноо цуглуулах тэмцээнүүд эхэлчихсэн байгаа. Тиймээс нэгдүгээрт, тэрбээр 5х5-ынхаа бэлтгэлд хамрагдаж амжаагүй. Хоёрдугаарт, дасгалжуулагчдын баг энэ шийдвэрийг ажилласан. Яг эцсийн сонгон шалгаруулалтад манай холбоо оролцоогүй. Тиймээс дагсалжуулагчдын багийн өмнөөс “Ингэсэн, тэгсэн” гээд би тайлбар хийх боломжгүй.
-Цаашид Монгол Улсад сагсан бөмбөгийн илүү чансаатай, томоохон тэмцээн зохион байгуулах боломж байгаа нь мэдээж. ФИБА-д хүсэлт гаргасан тэмцээн бий юү?
-Эх орондоо хийх боломжтой тэмцээнүүдийнхээ эрхийг аваад, Монголдоо зохион байгуулах зорилго байгаа. ФИБА-ийн төлөвлөгөө ямар байх нь вэ. ФИБА-тай нэлээд сайн ярилцах хэрэгтэй болно. Монголынхоо 16, 18, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй бүх багаа ФИБА-ийн бүх боломжит тэмцээнд оролцуулахыг зорьж байна.