Монголын утга зохиолын салбарт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнэ эзэлж, түүчээлж яваа уран бүтээлчид бол “Тамга” нэгдлийнхэн. 2014 онд нэгдэн, нэгдлээ үүсгэн байгуулсан тэд дараа жил нь буюу 2015 онд Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” утга зохиолын дугуйланг хичээллүүлж, нэгэн үеийн залуусыг уриалан дуудаж, шүлэг найраг, бүтээл туурвилыг нь нийтэд хүргэх зорилгоор “Залуу нас” сонинг 14 хоног тутамд эрхлэн гаргасан нь “Тамга”-ынхны ажлын эхлэл байв.
“Тамга” нэгдлийн гишүүд уран бүтээлийнхээ дээжээс сорчлон, шинэ номоо өлгийдөн авлаа. Тэд уншигч танаа өргөн барьсан ном нь “Морьтой хүн”.
Номоо ийн нэрлэсэн нь олны анхаарлыг ихэд татна. Яагаад ийн нэрлэсэн талаараа номынхоо өмнөх үгт “Монголчууд морьтойгоо байхад явгарахгүй…” гэдэг дээ. Ардын энэ мөнхийн хэлц олон зуун дамжин улбаалсаар ирсэн нь дамжиггүй. Юутай ч морьтойгоо байхад үйлс өөрөө дэлгэрнэ. Морьтой монголыг түүх ч гэрчилнэ. Учир иймээс эгэлхэн уран бүтээлч бидний нөхөд эл номоо “Морьтой хүн” хэмээн нэрийдсэн юм” гэж онцолжээ.
“Болор цом”-ын эзэн, зохиолч, яруу найрагч О.Цэнд-Аюуш, утга зохиол судлаач, шүүмжлэгч, “Сити” их сургуулийн ахлах багш Х.Чойдогжамц, түүхч, яруу найрагч Н.Батболд, яруу найрагч, сэтгүүлч Э.Гантулга, сэтгүүлч, яруу найрагч Н.Минжинсайхан, сэтгүүлч, яруу найрагч М.Мөнхтунгалаг, зохиолч, судлаач С.Баттулга, эдийн засагч, утга зохиол судлаач Д.Ганболд нар хамтран “Морьтой хүн”-ийг хамтран гаргаснаараа онцлог.
Ингэснээр унишигчид эл номоос найман өөр өнгө, найман өөр ертөнцийг “тольдох”, унших боломжтой.