Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд ирэх жилээс эхлэн төвөөс хөдөөд шилжин суурьших залуусыг дэмжих бодлого барьж байна. Тухайлбал, хөдөө орон нутагт төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байна. Мөн албан хаагчдын цалинг 100 хүртэлх хувиар нэмэгдүүлэх эрхийг орон нутагт нь олгоод байгаа юм. Түүнчлэн, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгон бууруулахаар ярьж байна. Энэ хүрээнд жилд 5600 орчим өрхийг зээлд хамруулах боломжтой хэмээн тооцоолжээ. Энэ талаар өнгөрсөн долоо хоног УИХ-ын нэгдсэн чуулган болон холбогдох байнгын хороодоор хэлэлцсэн юм.
Үүнээс гадна, орон нутагт үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээж өгсөн заалтуудыг ч ирэх оны төсвийн төсөлд тусгаад байна. Тухайлбал:
- Дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлнө.
- Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна.
- Уул уурхайн компаниас бусад, орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно.
- Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувииар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасаж татварын дэмжлэг үзүүлэх юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.