Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хэдэн арван мянгаар тоологдох монгол үндэстэн, Монголын нутагт аж төрж байсан иргэд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн гэсэн тоо баримтыг судлаачид гаргасан байдаг. 1937-1941 онд Москва хотод нийт 60 гаруй үндэстэн, ястан бүхий 32 мянган хүмүүсийг хэлмэгдүүлэн цаазалснаас 400 гаруй нь Монгол иргэн юм.
ЗСБНХОУ-д хэлмэгдсэн 249 иргэний гэгээн дурсгалд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’ өчигдөр байгууллаа.
Эдгээр хэлмэгдсэн 249 иргэний үр хүүхэд, төрөл төрөгсөд, хэлмэгдүүлэлтийн үед хагацал зовлон үзээгүй нэг ч айл байгаагүй талаар ярьж байна. Өвөө эмээгийнхээ дурсгалыг мөнхлөхөөр ирсэн эдгээр ахмад настнууд залуу үеийнхэндээ, түүхээ судалж, эх орныхоо үнэ цэнийг сэтгэлдээ тээн хайралж явахыг захисан юм.
ЗАЛУУС МИНЬ ТҮҮХЭЭ МЭДДЭГ, ҮНЭ ЦЭНЭЭ УХАМСАРЛАДАГ БАЙГААРАЙ
Намайг Даваажавын Батсүх гэдэг. Хэнтий аймгийн Батноров сумын хүн. Би ардын хувьсгалын анхны долоон удирдагчдын нэг Лосол гэх хүний дүү байгаа юм. Лосол гуай манай ээжийн ах гэсэн үг л дээ. Би тэр хүнийг сайн мэдэхгүй ээ. Харж уулзаж байсан удаагүй. Ижийгээсээ дурсамжийг нь сонсож өссөн юм. Тэр жилийн наадмын дараагаар ахыг минь Орос руу онгоцонд суулгаад л аваад явсан гэж ярьдаг. Зүүн аймгийг товхинуулна гээд аваад явсан гэсэн. Тэр цагаас хойш ах минь эргэж ирэлгүй алга болсон гэдэг. Сүүлд “Долоон бурхан харвадаггүй” гэдэг киноноос тухайн үед яг юу болсон талаар дөртэй болж, зүрх сэтгэлдээ буулгасан юм. Лосол гуайн ах нь бас Хэнтий аймгийн Дулааны энгэр гэдэг газар 1938 онд цаазлагдсан юм билээ.
Миний хувьд эхээс ганцаараа. Тэр хоёр ахыгаа зүрх сэтгэлдээ тээж, хүндэлж, бахархаж дурсдаг даа. Өнөөдөр манай улс хэлмэгдсэн олон зуун хүнийхээ ажил үйлсийг үнэлээд, “Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл” байгуулж байгаад нь би үнэндээ баярлаж байна. Үүнийг хэлмэгдсэн хүмүүсээ ард түмэнд мөнхөлж байна гэж би ойлгож байгаа. Манай ээж Лосол ахтайгаа хамгийн сүүлд уулзсан үеэ л их дурсаж ярьдаг байлаа. Бодвол муу ижий минь ахыгаа санаж бэтгэрдэг байсан юм байлгүй. Тэр үед зовлон зүдгүүр учраагүй айл гэж байгаагүй шүү дээ. Бүгд хагацал, шаналантай нүүр тулж явсан улс. Лосол ахын ганц сонингийн зураг л бий. Тэр нь одоо надад байдаг юм. Хэцүү цаг хугацааг бидний болон биднээс дээд үеийнхэн он удаан жил туулж явсан шүү дээ. Одоо цаг сайхан болжээ. Өнгөрсөнд үлдэх мөрөө эргэн харж, залуус минь түүхээ мэддэг байгаарай. Үнэ цэнээ мэддэг байгаарай гэж эгч нь захимаар байна.
ОЛОН МЯНГАН ХҮНИЙ АМЬ, ХАЛУУН СЭТГЭЛ ШИНГЭСЭН ЭХ ОРНОО ХАЙРЛААРАЙ
Намайг Ч.Нэргүй гэдэг. Хэлмэгдсдийн үеийн зүрх шимширсэн түүхийг би олон хүний дурсамж ярианаас мэднэ. Миний эмээ 1978 онд өөд болсон л доо. Амьд ахуйдаа бидэнд өвөөгийн хэлмэгдсэн түүхийн талаар ярьж өгсөн юм. Миний өвөө бол Агданбуугийн Амар. Монгол улсын ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдсон хүн. Өвөө эмээ хоёр хотод амьдардаг байсан юм. Тухайн үед Нацагдоржийн номын сангийн орчим юм уу даа, байртай байсан юм билээ. Тэр үед л өвөөг баривчилсан гэдэг. Ингэхдээ хот, хөдөөгийн гэрийг нь улсаас хурааж авсан гэсэн. Өөрийн өмчтэй байх эрхийн асуудал бол энүүхэнд. Хүний эрх гэдэг зүйл байгаагүй цаг хугацаа шүү дээ.
Миний хувьд өнгөрсөн түүхээ мартахгүй, үр хойчдоо сануулж, ийм аюултай зүйл болсон шүү гэдгийг тухайн үеийн зовлонг туулаад гарсан хүмүүс үр хойчдоо хэлж өгөөсэй. Бидний амьдарч байгаа эх орон хичнээн хүний амь, халуун сэтгэлээс бүрдсэн бэ гэдгийг мэдэх чухал шүү дээ.
САЙХАН ЦАГ ҮЕД САЙН ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛ ӨӨРИЙН ХОХЬ ШҮҮ
Би Давга овогтой Цэрэн гэж хүний хүү Рагчаа байна. 1935 онд миний аав лам нарын хилс хэрэгт хэлмэгдсэн хүн. Аав минь арван жил хоригдоод гарч ирсэн. Өнөөдөр хөшөөн дээр аавынхаа нэрийг хараад гомдол төрж, бас баярлаж байна. Тухайн үед олон лам нарыг хөнөөсөн шүү дээ. Хэлмэгдүүлэлт биш алан хядлага маягийн зүйл болсон гэж хэлж болно доо. Азаар аав минь амьнаас холуур өнгөрсөн юм. Тэр үед лам нарын үр хүүхдийг их дарамталдаг, хавчдаг байлаа шүү дээ. Ад шоо үзүүлсэн олон намрыг үдсэн. Одоо санахаар бараг л арван жил байх. Нийгмийн шоовдор хүүхэд шиг өссөн. Миний санахаар аавыг явснаас хойш манайх гэдэг айлд инээд гэж зүйл байгаагүй санагддаг. Гарч ирснийх нь дараа ч муу аавыг минь мөрдөж байцаана. Зовлон их байсан. Өмч хөрөнгө гэх зүйл юу ч үлдээгээгүй. Хуйг нь хамаад явсан шүү дээ.
Тухайн үед бид сайн сайхан амьдрахыг хүссэн ч боломж нь байгаагүй юм шүү. Ажил хийгээд л байдаг. Шагнал урамшуулал гэж үгүй. Цалин хөлсөөр боож хаана. Сүүлийн үед л жинхэнэ утгаараа ажиллаж амьдарч эхэлсэн. Одоо залуус юугаар ч үнэлэшгүй эрх чөлөөгөө эдэлж байгаа. Бүх зүйл нээлттэй байна. Маниусын үед хичнээн хүнд байсан гэж санана. Ийм сайхан цаг үед ажиллаж хөдөлмөрлөж, хүний дайтай явж чадахгүй бол өөрийнх нь хохь гэхээс аргагүй.