Дээр харагдаж байгаа сургууль нэртэй, нурах шахсан балгас шиг орчинд хүүхдүүд сурч, боловсорч буй талаар мэдээлэл цахим сүлжээнд энэ сарын 7-нд нийтлэгджээ. Энэ бол хүүдийн 411 дүгээр хорих ангийн харьяа 110 дугаар сургууль юм. Монгол Улсад насанд хүрээгүй 30 гаруй иргэн ял эдэлж буй талаар ШШГЕГ-аас мэдээлсэн.
Эдгээр ял эдэлж буй хүүхдүүд зарим эрхээ хасуулан энд хоригдож байгаа ч Монголын төр тэднийг хаях учиргүй. Тэд ямар ч нөхцөлд байсан сурч боловсрох эрхээ эдлэх ёстой. Орчныг нь бүрдүүлэх ч учиртай.
Бид энэ асуудлаар хүүхдийн хорих 411 дүгээр анги руу нэвтэрч, “Хоригдол хүүхдүүд сурах эрхээ эдэлж байна уу" гэх сэдвээр газар дээрээс нь сурвалжилга бэлтгэх хүсэлтээ хуулийн дагуу, албан бичгээр энэ сарын 12-нд ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албанд гаргасан.
Үүнээс ес хоногийн дараа буюу өчигдөр албан бичгийн хариуг үзэхэд бидний гаргасан хүсэлтээс тэс хөндлөн агуулга бүхий шалтгаанаар хорих анги руу нэвтрэх боломжгүй гэсэн хариулт өглөө.
Бид хүсэлт гаргахдаа хоригдол хүүхдүүдээс ярилцлага авах, царай дүрсийг нь гаргах талаар дурдаагүй. Харин тэднийг сурган хүмүүжүүлж буй багш, хорих ангийн захирагч нарыг эх сурвалжаа болгон, ёс зүйтэй сэтгүүл зүйн хүрээнд тэдний сурах орчин нөхцлийг бодитоор сурвалжлахыг хүссэн. Гэтэл бидэнд ирүүлсэн хариунд, хоригдлууд ярилцлага өгөхийг зөвшөөрөөгүй гээд манай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн байв.
Бидний хүсэлтэд хариу илгээсэн Хорих ял эдлүүлэх албаны мэргэжилтэн, хурандаа Ч.Цэнгэлбаяраас хорих анги руу нэвтрүүлэхгүй байх шалтгааныг тодруулсан юм.
-Өрөг.мн сайтаас гаргасан хүсэлтийн хариуд тэс хөндлөн шалтгаан гаргаж, хорих анги руу нэвтрүүлэхгүй гэсэн байна. Бид хоригдол хүүхдүүдээс яриа авна гээгүй шүү дээ. Үүний шалтгааныг хэлж өгөөч?
-Сургуулийн үйл ажиллагааны талаар бид их мэдээлдэг. Хүүхдүүд тэнд сурах эрхээ эдэлж байгаа. Яагаад үүнийг сурвалжлах гээд байгаа юм. Сенсацтай байж магадгүй гээд ингэж байгаа юм уу. Яагаад үүнийг сурвалжлах гээд байгаа чинь сонин байна. Тэнд ерөнхий боловсролын бүх хичээл орж байгаа. Хоригдлуудад боловсролын түвшингээс нь хамаарч багш нар сургалт явуулдаг.
-Бид энэ талаар бодит сурвалжлага бэлтгэхийн тулд ШШГЕГ-аас зөвшөөрөл авах хэрэгтэй байгаа юм. Яагаад зөвшөөрөл өгөхгүй байна вэ?
-Та бүхэн өөрсдөө 411 дүгээр хорих анги дээр очоод уулзаад үзэхгүй юү даа. Ангийн даргын зөвшөөрлөөр хорих анги руу нэвтэрнэ гэсэн хуулийн заалт байгаа.
-ШШГЕГ-аас зөвшөөрөл өгч байж бид очиж нэвтэрнэ шүү дээ.
-Тэгвэл би хорих ангийн даргатай холбогдоод орой хариу хэлье.
Ингээд бид ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас хорих анги руу нэвтрэхэд ШШГЕГ-аас заавал зөвшөөрөл авах ёстой эсэх, хорих захирагч ийн зөвшөөрлөөр нэвтэрдэг эсэх талаар тодруулахад,
“Хорих ангиуд бол төрийн тусгай байгууллага. Төрийн тусгай байгууллага руу нэвтрэхэд ШШГЕГ-т заавал албан бичгээр хүсэлт гаргаж, зөвшөөрөл авах учиртай” гэв.
Хорих ял эдлүүлэх албаны мэргэжилтэн, хурандаа Ч.Цэнгэлбаяр ажлаа мэдэхгүй болоод биднийг өөрсдөө очоод хорих ангийн захирагчаас нь зөвшөөрөл ав гэж хэлэв үү, эсвэл тэнд хүүхдийн сурах эрх зөрчигдөж, үүнийг нь хаацайлах гэсэн оролдлого байв уу.