Төрийн албан хаагчид ажлын байрны дарамтад удаа дараа орж, даргынхаа хувийн ажилтан шиг ажилладаг талаарх гомдол манай редакцид ирсэн юм. Ажилдаа цагтаа тарж чаддаггүй, нэмэгдэл урамшуулал авна гэж горьдохын ч хэрэггүй гээд олон дарамтыг төрийн албан хаагчид нэрлэж байна. Эхлээд хоёр иргэний жишээг хүргэж байна.
ИРГЭН А: ДАРГА “ӨРӨӨНДӨӨ БАЙЖ БАЙ” ГЭЭД АЖЛААС ГАРГАДАГГҮЙ
Би нэг төрийн байгууллагад ажилладаг. “Хурган” дарга нар өрөөндөө тамхиа баагиулаад л гаднаас хүн авчраад яриад суучихна. Явна гэж байхгүй. Хувийнхаа ажлыг амжуулж байгаа нь тэр шүү дээ. Өөрийг нь явахаас өмнө ажлаас гарчих юм бол дарамтална. Байж бай л гээд байна. 500 гаруйхан мянган төгрөгийн цалинтай ч өдөр шөнөгүй ажиллуулна. Илүү цагийн мөнгө төгрөгөө олгоно гэж байхгүй. Орой 23 цаг хүртэл ажил дээр байлгадаг мөртлөө өглөө ганц хоёр минут хоцорчихоор нийлүүлж байгаад цалинг нь хасна гээд л байнга дарамтлаастай. Үнэхээр хэцүү байдаг. Ялангуяа, дунд шатны дарга нар нь илүү их дарамт үзүүлдэг.
ИРГЭН Н: ДАРГЫНХАА ХЭЛСЭН ЮМАНД ЯВАХГҮЙ БОЛ ЭЛДВЭЭР ДАРАМТАЛДАГ
Төрийн байгууллагад ажиллаад гурван жил болж байна. Дарга заримдаа өрөөндөө дуудаад “Манай хүүхдийг цэцэрлэгээс нь аваад ир. Замдаа хүнээс ийм тийм юм авчир гээд явуулчихдаг. Энэ нь надад маш хэцүү байдаг. Нэг удаа татгалзахад “Чи их том болжээ. Аргагүй ээ. Гурван жил болж байгаа хүн ингэж томорч эхэлдэг юм биз дээ" гэж байсан. Тухайн үедээ надад ямар нэг үйлдэл үзүүлээгүй ч цаагуураа "чангалж", элдвийн шахалт үзүүлэх нь тодорхой. Ингээд л юм хэлэхгүй өнгөрдөг".
Уг нь, Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг найман цагаар ажиллуулна. Үүнээс урт хугацаагаар ажиллавал илүү цагийн хөлс тооцно гэж заасан байдаг. Мөн баяраар ажилласан бол цалинг хоёр дахин нэмэгдүүлж олгох тухай заасан. Ажилтан үүнийгээ шаардаж авах эрхтэй. Гэвч ажлаас халагдах вий, гадуурхалтад өртөх вий гэж болгоомжилсондоо “хэлээ хазаад” өнгөрдөг байна.
ОРОЙТОЖ ТАРАХ НЬ “ДАРГЫН ГАВЬЯА” БУЮУ Д.СУМЪЯАБАЗАРЫН ТЭНЭГЛЭЛ
Хотын дарга Д.Сумъяабазар 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр иргэдэд таалагдахын тулд хэлж байсан нь үг нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байна. Тэрээр “Би Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд зургаан сарын хугацаатай очсон. Очоод хүмүүсийг дэгэнд нь оруулсан. Оройн 23 цаг хүртэл ажил тардаг байсан. Намайг явсны хойно манай ажилчид явдаг байлаа” гэж ярьсан нь бичигдэн үлджээ. Хэдийгээр Д.Сумъяабазар уул уурхайн яаманд ажил оволзуулж, бүтээмжтэй ажиллаж байлаа ч энэ нь хүний эрхийн зөрчил төдийгүй аль эртний, хоцрогдсон хандлага, сэтгэлгээний хоцрогдол юм. Ажилтнаа дарамталснаа гайхуулж ярих түүний үг бахархал биш гэдгийг төрийн албанд ажилладаг дарга нар ойлгосон цагт хүний эрхийн зөрчил тэр хэмжээгээр буурна гэдгийг ч ойлгох хэрэгтэй болжээ.
Д.СҮНЖИД: ӨӨР НАМЫН ХҮН, ӨӨР ТАЛЫН ХҮН ГЭЖ АЖИЛТНАА ДАРАМТЛАХ ТОХИОЛДОЛ НИЙТЛЭГ БАЙНА
Ажлын байрны дарамттай холбоотой асуудлыг бид ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээс тодрууллаа. Тэрбээр ажлын байрны бэлгийн дарамтаас гадна, үг хэлээр доромжлох, хувийн шинж чанартай, ажил үүргийн хуваарьт байхгүй зүйлийг ажилтнаас шахаж шаардах тохиолдол их байгааг онцолсон юм.
Тэрбээр ярихдаа “Ажлын байрны дарамт хүчирхийллийг өмнө нь зөрчил гэж үздэггүй байлаа. Харин Хөдөлмөрийн тухай хуульд энэ асуудлыг зааж, ажил олгогч ажлын байрны дарамт хүчирхийллийн гурван төрлийг зааж өгсөн. Сэтгэл санааны, биемахбодийн, бэлгийн дарамтыг дарамт гэж үзнэ гэж заасан. Үүнийг байгуулага дотоод журмандаа тусгаж өгөх ёстой. Жил тутам Хөдөлмөрийн эрх зүйтэй холбоотой гомдол өсөж байгаа дүнтэй байна. Үүний дийлэнх нь дарамт хүчирхийлэлтэй холбоотой байна. Өмнө нь ийм гомдол 170 орчим ирдэг байсан бол энэ жилээс 100-аар даруй нэмэгдээд байна.
ХЭҮК-оос үндэсний хэмжээнд, 3000 орчим хүний дунд судалгаа хийлгэсэн. Энэ судалгааны үр дүнд хот хөдөө, эрэгтэй эмэгтэй ялгалгүй ажлын байрны дарамтад өртөж байна гэсэн дүн гарсан. Жишээлбэл, “ажилтныг хүсээгүй байхад ажлаас гар гэдэг. Өргөдлөө өг гэж шахдаг. Өөрийнхөө нөхцөлийг тулгадаг. Манай талын, өөр талын хүн гэх зэргээр намчирхаж, ялангуяа, сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хүнд дарамтад оруулж байна.
Гэтэл ажил олгогч ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт хамаарахгүй асуудлыг ажилтнаас шаардах эрхгүй. Тохиролцоод үүрэг хүлээсэн ч хийлгэх ажил нь эрхэлсэн ажлын хүрээнд л байх ёстой. Хэрвээ зөрчвөл хөдөлмөрийн харилцаан дахь сахилгын хариуцлага хүлээнэ. Зөрчлийн тухай хууль дээр бэлгийн дарамт гэдэг нь л хуульчлагдчихаад байгаа юм. Харин бусад төрлийн дарамтыг байгууллага дотоод журмаараа зохицуулах ёстой. Байгууллагын удирдлага дотоод журам батлахыг үүрэг болгосон байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй бол арга хэмжээ тооцох заалттай” гэлээ.
Энд зөвхөн ажлын байран дахь сэтгэл санааны дарамтын талаар хөндлөө. ХЭҮК-оос 2021 онд төрийн захиргааны албан хаагчдыг хамруулан хийсэн судалгаагаар гурван хүн тутмын нэг нь ажлын бэлгийн дарамтад өртдөг гэсэн судалгаа гарсан юм.
Видеог дээрээс үзнэ үү.