Өнөөдөр есдүгээр сарын 1. “Хичээл хурдан ороосой” гээд зунжин хүсэн хүлээсэн хүүхдүүдийн нар нь гарах өдөр. Үүний сацуу сургууль гэж юу байдгийг аав, ээжээсээ зунжингаа шалсан зургаан настнуудад хичээлийн анхны өдөр тун сонирхолтой хийгээд содон байгаа нь мэдээж. Зарим хүүхэд “Би хичээлдээ суухгүй. Хамт харья” гээд аав, ээжийгээ даган уйлж байхад цөөнгүй нь “Орой ирээд аваарай” гээд додьгор гэгч нь гүйж явна.
Сургууль орохыг дагаад “Хүүхдийнхээ хичээлийг хэрхэн хийлгэх вэ, яавал сургуульд явах дуртай болгох вэ. Хүүхдийнхээ сэтгэл зүйг яаж бэлдэх вэ” зэрэг олон, олон асуулт эцэг, эхчүүдийн өмнө урган гардаг, жил бүр. Хэрвээ таны хүүхэд хичээлээ хийх, сургуульдаа явах дургүй байвал яах вэ. Сургуульд анх ороход, шилжилтийн насанд нь юун дээр анхаарвал зохилтой вэ, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ. Эдгээр асуудлын хариултыг хайж, хэрхэх учраа эс олж суугаа уншигч бий юү.
Тэгвэл сэтгэл судлаач Ж.Буянхишиг эцэг, эхчүүдэд ингэж зөвлөж байна. Хүүхдийн сэтгэл зүйгээр дагнан мэргэшсэн тэрбээр “Сэтгэлийн боловсрол” пэйж хуудсыг хөтлөн, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм.
СУРГУУЛЬ ҮНЭХЭЭР ГОЁ ОРЧИН ГЭДЭГ ТӨСӨӨЛЛИЙГ ХҮҮХДЭДЭЭ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Нэгдүгээр ангид орж буй хүүхдийн хувьд сургууль шинэ “ертөнц”. Хүүхдээ анх сурагч болоход нь юун дээр анхаарч, сэтгэл зүйг нь хэрхэн бэлдэх чухал вэ?
-Хүүхдийн хувьд сургуульд орно гэдэг маш том алхам. Хүн шинэ ажилд ороход ямар байдаг билээ. Үүнээс өөрцгүй. Сургууль үнэхээр гоё орчин гэдэг төсөөллийг хүүхдэдээ төрүүл, бий болгох хэрэгтэй. Хичээл, сургуультай холбоотой ямар ч сөрөг зүйл ярьж болохгүй. Сурж байсан үеийнхээ хөгжилтэй дурсамж, сургуулийн талаарх гэгээлэг зүйлсийг ярьж өг. Ингэж ярилцах тусам “Сургууль бол гоё газар юм байна. Айх хэрэггүй” гэсэн ойлголт төрнө. Насанд хүрсэн хүн нөхцөл байдлаас шалтгаалан сэтгэл зүйгээ удирддаг. Хүүхэд тэгж чаддаггүй. Тэгэхээр “Заавал сурах ёстой. Хичээлээ хийх хэрэгтэй” гэх мэт хүчилсэн арга барил хүүхдэд тохирохгүй гэсэн үг. Ингэхийн оронд “Сургууль гоё орчин. Миний хүүхэд эрдэм мэдлэгтэй, олон найзтай болно. Өөрийгөө таньж мэднэ” гэх зэргээр сайн сайхан төсөөллийг бий болго. Тэгэх тусам хүүхэд аяндаа сургууль явах, хичээлээ хийх дуртай болно.
Сургуульд анх орж буй хүүхдэд гэр бүлийн дэмжлэг маш чухал. “Ямар дэмжлэг чухал вэ” гэдэг асуулт эндээс ургаж гарна. Хүүхдээ эрт унтуулбал өглөө эрт босно. Үүнтэй адил хүүхдээ бэлдэж, амьдралын зөв дадал, хэвшилд сургах хэрэгтэй. Сургуульд ороход, хичээлдээ суухад ямар байсан талаар нь хүүхдээсээ асууж, ярилцах чухал. Шаардлагатай үед бид хүүхдийнхээ ард байгаа шүү гэдэг мэдрэмжийг мэдрүүлэх нь зүйтэй.
“Долоон насны хямрал” гэж байдаг. Сургуульд орох, дасах үе нь энэ хямралтай давхацдаг. Энэ хямралыг сөрөг зүйл гэж харж, эмээх шаардлагагүй. Хүүхэд цааш хөгжих процессын нэг үе шат гэж ойлгоход болно. Энэ хөгжилд нь эцэг, эхчүүд таатай орчин бүрдүүлэх чухал.
-Хичээлийн эхний өдөр хүүхэд бүр өөр, өөр сэтгэгдэлтэй, ойлголттой гэртээ харина. Сургуулийг үнэхээр гоёор төсөөлсөн хүүхдэд таагүй мэдрэмж төрж, хичээлдээ дургүй болоод харьж ч мэднэ. Хэрвээ тэгвэл ямар арга хамгийн оновчтой бол?
-Хэрвээ тэр нөхцөл байдал үе тэнгийнхний дарамт, багшийн таагүй харилцаа зэрэг гадны нөлөөнөөс үүссэн бол хүүхэдтэйгээ ярилцаж, гарц, гаргалгааг нь олох хэрэгтэй. “Хэрвээ надад таагүй мэдрэмж төрвөл, ямар нэгэн асуудал гарвал эцэг, эх маань намайг хамгаалж, миний талд байх юм байна” гэсэн мэдрэмжийг төрүүлэх тусмаа сайн. Тэр мэдрэмж, итгэлээрээ дараа, дараагийн саад бэрхшээлийг торохгүй давж чадна.
ХҮҮХЭДТЭЙГЭЭ ДОТНО ХАРИЛЦААГАА ХАДГАЛАХ ЧУХАЛ УУ, НЭГ ӨДРИЙН ДААЛГАВАР ЧУХАЛ УУ ГЭДГИЙГ ҮРГЭЛЖ БОДОХ ЧУХАЛ
-“Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн хийлгэх вэ” гэдэг асуудал эцэг, эхчүүдийн өмнө тулгардаг. Хэтэрхий их загнаж, зандарвал хүүхэд хичээлдээ явах, гэрийн даалгавраа хийх дургүй болох эрсдэлтэй. Хичээл заахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ тал дээр би ийм бодолтой явдаг. Зарим багш дургүйцэж магадгүй. Үнэнийг хэлэхэд эцэг, эхчүүд хоёр зүйлийг бодолцох хэрэгтэй. Юу вэ гэвэл, хүүхэдтэйгээ ойр дотно харилцах харилцаа чухал уу, тэр өдрийн даалгавар чухал уу. Үүнийг үргэлж бод. Уур тань хэчнээн хүрч, хүүхдээ загнамаар, зодмоор санагдсан ч тэвч. Тэгж сөргөөр хандахын хэрээр эцэг, эх хүүхэд хоёрын хоорон дахь харилцаа бага багаар бүдгэрдэг. Тухайн хүүхэд өөртөө итгэлгүй, аав, ээждээ сэтгэлээ нээж ярих хүсэлгүй болдог. Сөрөг нөлөө нь асар их гэдгийг ойлгоод, өөрийгөө барих хэрэгтэй.
Аль болох тайван байж, хичээлийг сонирхолтой тоглоом маягаар ойлуулж заах чухал. “Хичээл хийхээр, тоогоо буруу бодохоор аав уурладаг, ээж загнадаг. Яана аа” гэсэн бодол төрүүлж болохгүй. Сургуульдаа явах, хичээлээ хийх улам дургүй болно.
Хүүхдийн хөгжлийн явцад “Мэдрэмтгий үе” гэж бий. Долоон насандаа өөртөө итгэлгүй болсон хүүхдийг 14-тэйд нь яаж ч хөгжүүлж, ярилцаж, дэмжээд нэмэргүй. Өөртөө итгэлтэй болгоход маш хүндрэлтэй. Хамгийн чухал нь хүүхэдтэйгээ сайхан харилцаатай байх. Дотны найз шиг нь байх тусмаа хүүхэдтэйгээ ойр дотно байна. Тэр хэрээр хүүхэд эцэг, эхдээ сэтгэлээ нээнэ, юмаа нуухгүй.
Үнэхээр уураа барьж дийлдэггүй, хүүхдээ загнадаг, зоддог эцэг, эхчүүд цөөнгүй. Тийм аав, ээжид гаргалгаа бий. Өдөр өнжүүлэхэд өгөх ч юм уу цагийн багшаар хүүхдэдээ хичээлийг нь заалгахад зүгээр. Хэрвээ тэгвэл хүүхэдтэйгээ харилцаагаа хадгалж үлдэнэ, хичээлийг нь ч хийлгэчихнэ.
ГУРВАН НАС ХҮРТЭЛ НЬ ХҮҮХДЭД УТАС, ТЕЛЕВИЗ ОГТ ҮЗҮҮЛЖ БОЛОХГҮЙ
-Бага насны хүүхдүүдэд сэтгэл зүйн ямар асуудал түлхүү тулгарч байна вэ?
-Дэлгэцийн донтолт. “Хүүхдээ утаснаас яаж холдуулах вэ. Утас оролдохыгнь яаж болиулах вэ” гэж хүмүүс их асуудаг, зөвлөгөө авдаг. Эцэг, эхчүүдэд тулгамдаж буй №1 асуудал энэ болчихоод байна. Гүн донтохын хэрээр эмчлэхэд хүндрэлтэй. Хүүхдээ дэлгэцийн хамааралтай болгохоос хамгаалъя л гэвэл гурван нас хүртэл нь утас, телевиз битгий үзүүл. Гурван нас хүрснийх нь дараа 30 минут үзүүлэн, бага, багаар дасга.
Хүүхдийг утас үзэх завгүй байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Утсаар үзэж буй зүйл нь аав, ээжтэйгээ хамт байхаас илүү сонирхолтой байгаа учраас л татагдаж байгаа шүү дээ. Бодит амьдрал нь сонирхолтой, хөгжилтэй байвал хүүхэд аяндаа утаснаас татгалзана. Гэр бүлийнхэнтэйгээ байхыг, тоглож наадахыг чухалчилна. Тиймээс дугуйланд явуулах, аялах, хөгжилтэй тоглоом тоглох зэргээр хүүхэдтэй цаг гаргаж, хөгжилтэй байлгахад анхаарвал зүгээр.
За, тэгээд түрүүн дурьдсан “Долоон насны хямрал”-ыг тодотгоё. Хүүхэд сургуульд ортлоо гэрийнхээ хамгийн хүндэт гишүүн байдаг. Сургуульд сурч, нийгмийн харилцаанд орон, огт танихгүй хүмүүс, хүүхдүүдтэй харилцах, мөр зэрэгцэн алхах амаргүй. Сэтгэл зүйн хямралд ордог шалтгаануудын нэг нь энэ.
ХҮҮХЭД БОЛ ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ТОЛЬ
Хүүхэд бол аав, ээжийн, гэр бүлийн толь. Эцэг, эхэд нь сэтгэл зүйн ямар хямрал, асуудал байна. Тэр нь хүүхдэд илэрдэг. Эцэг, эх нь хүүхдэдээ яаж хандана. Хүүхдийн сэтгэл зүй үүнээс маш шалтгаалдаг. Жишээлбэл, нэг охинд аав, ээж нь маш шаардлага тавьдаг байж. “Чи энэ шалгалтад тэнцэх ёстой. Ийм байх ёстой” гэдэг байна. Үүний цаад шалтгаан, зорилгыг охин огт мэддэггүй. Аав, ээждээ загнуулахгүйн тулд л хичээдэг. Тэгэхээр өргөн агуулгаараа энэ бүхэн охины бус аав, ээжийнх нь хүсэл. Тийм болохыг хүсээд чадаагүйдээ охиноо хүргэх гэсэн байж ч мэднэ. Иймэрхүү тохиолдол маш их гардаг.
-Та “Долоон насны хямрал” гэлээ. Одоо хүүхдүүд зургаан настайдаа сургуульд орж байгаа. Тэгэхээр хоёрдугаар ангиасаа энэ төрлийн хямралд өртдөг гэсэн үг үү?
-Долоон нас гэж тодотгож байгаа боловч хүүхэд бүрд харилцан адилгүй. Зургаан насанд нь эхлээд, долоо хүртэл үргэлжлэх нь бий. Яг долоон нас хүрэхээр хүүхдийн сэтгэл зүй хямардаг гэвэл өрөөсгөл ойлголт.
ЗАГНУУЛДАГ, ШҮҮМЖЛҮҮЛДЭГ ХҮҮХЭД ААВ, ЭЭЖЭЭСЭЭ СЭТГЭЛЭЭ ХААЧИХДАГ
-Одоо цагт үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт бас нэг том асуудал болчихоод байна. Улам дарамтлуулах вий гэж айгаад, эцэг, эхдээ хэлж чадахгүй яваа хүүхэд олон. Үүнийг эцэг, эх нь мэдэх боломжтой юу?
-Хүүхэд өөрөө хэлж чадахгүй байна гэдэг чинь эцэг, эхчүүд нь хангалттай хэмжээнд дотно харилцдаггүй, ярилцдаггүй гэсэн үг. Ямар нэгэн байдлаар шүүмжлүүлдэг, загнуулдаг хүүхэд аав, ээжээсээ сэтгэлээ хаачихдаг. Хэрвээ тэгээгүй байсан бол өөрт тулгамдсан асуудлын талаар үгээр юм уу үйлдлээрээ илэрхийлнэ. Хүүхэд өсвөр насанд хүрэхээрээ аав, ээжээсээ илүү мэргэжлийн хүний үгийг илүү сонсдог, сэтгэлээ уудлах хандлагатай болдог. Тэгэхээр хэрвээ ийм асуудалтай тулгарвал эцэг, эхчүүд мэргэжлийн хүнд хандвал илүү үр дүнтэй.
ХАЙР, ХАЛАМЖААР ДУТСАН, СТРЕССТЭЙ ХҮҮХЭД ХУМСАА МЭРДЭГ
-“Хүүхдэдээ цаг хангалттай гаргахгүй, хайр, халамжаар дутааж байна” гэж өөрийгөө ухамсарладаг эцэг, эх хэд билээ. Хайр, халамжаар дутаж буй хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хайр, халамжаар дутсан, стресстэй хүүхэд хумсаа мэрэх нь олонтаа. Мэдээж хумсаа мэрсэн л бол тэгж байна гэсэн үг биш. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Ер нь дийлэнх хүүхдэд ийм шинж тэмдэг илэрдэг. Ер нь нойлоос ой, таван сар хүртлээ хайр, халамж хангалттай хүртээгүй хүүхэд хумсаа мэрдэг гэсэн судалгаа бий. Тухайн хүүхэдтэй тулж харилцаж байж л үүнийг тодорхойлно.
Хүүхэд ямар нэгэн зүйлд донтож, утас оролдож байгаа нь хайр, халамжаар дутагдаж буйн бас нэг илрэл. Аз жаргал бүрэн мэдрэхгүй, ганцаардаж буйнх. Хайр, халамж, аз жаргалыг донтож буй зүйлээсээ олох гээд эрэлхийлж байж ч мэднэ.
Эцэг, эх нь хангалттай цаг, зав гаргахгүй, хайр халамжаар дутааж буй хүүхдийн ааш зан эрс өөрчлөгддөг. Сэтгэл зүй нь тогтворгүй, хямарч буйгаас л тэгдэг. Үүнээс сэргийлэх хамгийн чухал зүйл бол харилцаа. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ярилцаж, дотны найз шиг нь харилцаж, элэн далангүй байх хэрэгтэйг дахиад тодотгоё.
Улсын сургуульд явдаг хүүхэд олон сурагчтай сураад, анхаарал нь төвлөрөхгүй, хэт бужигнаснаас болоод бухимддаг, сэтгэл зүй нь хямарч байгаа нь анзаарагддаг. Амьдралын боломж, өмссөн, хэрэглэж буйгаасаа ичих, санаа зовох, сэтгэлээр унах тохиолдол бий. Үүнд ч мөн аав, ээж нь нөлөөлдөг. Эцэг, эх нь хүүхдийнхээ дэргэд “Тэр намайг тэгж ярьж, ийм хувцас өмсвөл хүмүүс ингэж бодох байх” гэх мэтээр ярьдаг. “Хүмүүсийн бодол чухал юм байна” гэх бодол, төлөвшил хүүхдэд суухад энэ нь нөлөөлдөг. Тэгээд “Би муухай хувцастай. Хүмүүс, манай ангийнхан юу гэх бол, дооглох вий” гэх зэргээр бодож, бусдын бодолд их ач холбогдол өгдөг болчихдог. Тэгэхээр аав, ээж нарт асуудал их байна. Тийм болохоор эцэг, эхчүүд өөрсдийнхөө сэтгэл зүйг маш сайн төлөвшүүлэх хэрэгтэй. Тэгж байж таны хүүхэд сэтгэл зүйн хувьд эрүүл өснө, бие хүн болж төлөвшинө.
-Өөрт нь, хүүхдэд нь асуудал тулгарахад эцэг, эхчүүд сэтгэл зүйчид хандаж хэр сайн төлөвшиж байна вэ?
-Хэн нэгэн сэтгэл зүйчид хандлаа гэхээр хүмүүс аягүй хүндээр хүлээж авдаг. Бараг л галзуурах шахаад, өөрийгөө хянаж чадахаа байгаад хандаж гэж боддог. Гэтэл сэтгэл зүйчид хандана, зөвлөгөө авна гэдэг бол тэгж гайхах зүйл огт биш. Ер нь монголчууд сэтгэл зүйчид хандаж, асуудлаа шийдэх гарцыг эрэлхийлж хэвшиж, төлөвшсөөр байна. Цаг үе ч үүнд нөлөөллөө. Сэтгэл зүйн эрүүл мэнд чухал гэдгийг цар тахал, хөл хорио улам мэдрүүллээ.
“ТЭГЭХ, ИНГЭХ ЁСТОЙ” ГЭЖ ЗААЖ СУРГАСАН ХАРИЛЦАА 14-ӨӨС ДЭЭШ НАСТАЙ ХҮҮХДЭД ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ
-Шилжилтийн насны үед хүүхэд, эцэг эхчүүдийн хооронд багагүй үл ойлголцол гардаг. “Манай хүүхэд яг яачихаад байгаа юм бол. Ойлгогдохгүй байна” гээд гайхаш тасраад суугаа эцэг, эх олон. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-14 настайгаас нь хойш зааж сургасан, тэгэх, ингэх ёстой гэсэн харилцаа ямар ч үр дүнгүй. Хүүхэд хүлээж авдаггүй гэсэн үг. Тэгэхээр ямар харилцаа чухал байх вэ. Дотны найз нь юм шиг харилцах чухал. Тухайн хүүхэд эцэг, эхээсээ илүү найзуудтайгаа ярилцахыг илүүд үздэг байж болно. Тэглээ гээд аав, ээждээ дургүй гэсэн үг биш. Тухайн хүүхдийн эрх шүү дээ.
Өсвөр насанд хүүхэд дотроо маш их зөрчилддөг. “Би хэн юм бэ” гэдэг асуултыг өөртөө анх удаа тавьдаг. Өөрөө өөртэйгөө зөрчилдөөд, яах учраа олохгүй байхад аав, ээж нь “Чи яагаад байгаа юм бэ. Яачихав аа” гээд гайхахаар, асууж шалгаахаар улам бухимддаг. Үүнийг аав, ээж нь мэдэрч, хүлээцтэй хандах хэрэгтэй. “Хүүхдээ үргэлж ойлгодог, ард нь асаалттай танк шиг байдаг” гэдэг ойлголт, мэдрэмжийг өгөх чухал.
-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Хүүхдийн сэтгэл зүйн талаар ярьвал зүгээр гээд өөр үлдсэн зүйл юу байна вэ?
-Хоёулаа хүүхдийн сэтгэл зүйд тулгардаг асуудлуудын талаар түлхүү ярилцлаа. Ийм асуудал тулгарсан, сэтгэл зүй нь хямарсан хойно бус урьдчилан сэргийлэх чухал. Эрүүл мэндийн урьдчилсан үзлэг шиг. Хоёулангийнх нь яриаг нас, насны хүүхэдтэй эцэг, эхчүүд унших нь ойлгомжтой. Энэ бүх асуудлаас урьдчилан сэргийлэх боломж бүх аав, ээжид бий. Хүүхдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ ярилцаж, дотны найз шиг байх чухлын чухал юм шүү. Хүүхэд аав, ээжийнхээ жижигрүүлсэн хувилбар байх албагүй. Тусдаа тэс өөр ертөнц. Хэдэн настай байх нь хамаагүй. Тэр талаас нь хүндэлж, ойлгож харилцах хэрэгтэй.