Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороололд байршилтай “Эрчим Арт” ХХК-ийн захиалгаар “Хатан цамхаг” ХХК-ийн гүйцэтгэж буй 80 айлын гурван блок байр өдийг хүртэл ашиглалтад ороогүй, оршин суугчдыг хохироож байна гэсэн гомдлын мөрөөр бид сурвалжиллаа. “Шинэ-72” хотхоны байр өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтад орох байсан ч хойшилсон. Учир нь, нэг байрыг хэд хэдэн хүнд давхардуулан борлуулснаас болж асуудал үүссэн гэж оршин суугчид тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, иргэдийг хууран мэхлэх замаар нэг орон сууцыг хэд хэдэн хүнд борлуулснаас чухам хэн нь орон сууцандаа орох вэ гэдэг нь бүрхэг болжээ. Энэ асуудлаар оршин суугчид цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа юм байна.
Ц.ТУЛГА ЗАХИРАЛ “ЭНЭ БАРИЛГЫГ ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД ОРУУЛБАЛ ХОХИРЛЫГ НЬ ЧИ БАРАГДУУЛААРАЙ” ГЭЖ ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА
Байр худалдаж авсан иргэдийн төлөөлөл дараах байр суурийг бидэнд илэрхийлсэн юм.
Иргэн О.Цолмон:
Би 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр байр захиалан байгуулах гэрээ байгуулж, хуучин эзэмшигчээс нь нэр шилжүүлж авсан. Анх байр авахад лифт л дутуу байсан. Ус, дулаан зэрэг шаардалагатай бүх зүйл бэлэн, хүн амьдрахад боломжийн болсон байсан юм. Анхандаа гадны тохижилт л хийгдчихвэл хугацаандаа ашиглалтад орно гэж тайлбарласан ч тэгээгүй. Ингээд байр ашиглалтад орох хугацаа нь болоход “Хил, гаалийн асуудлаас үүдээд, барилгын материал гацаж байна” гэдэг хариулт өгсөн. Бид асуудлыг ойлгож хүлээсэн.
Гэтэл одоо нэг хаалганд 4-5 айлын давхардал үүссэн байна. Ц.Тулга захирал оршин суугчдыг цуглуулж мэдэгдэл хийхдээ “Энэ байрыг ашиглалтад оруулах боломжгүй болсон. Харилцагч БНХАУ-ын иргэнд дуудлага худалдаагаар зарж, та нарын хохирлыг барагдуулна” гэдэг мэдээлэл өгсөн. Би хэвлэл мэдээллийн байгууллагад хандах, эсвэл хувийн фэйсбүүктээ пост оруулахаар Ц.Тулга захирал “Чи олон хэвлэлд яриа өгөөд, энэ байрыг олон нийтийн анхааралд оруулчихвал банк надад зээл өгөхөө больчихно. Зээл бүтэхгүй бол энэ олон хүний хохирлыг чи ганцаараа төлөх үү, чи даах юм уу, араа мэдээрэй” гэх зэргээр заналхийлж байна.
“НАЙЗЫНДАА, АХ ДҮҮСИЙНДЭЭ АМЬДАРЧ, ХЭЦҮҮ БАЙНА”
Түүнчлэн, байр худалдан авсан иргэд түрээсийн байраар аргацааж, таньдаг айл, хамаатан садныхаараа хоноглож, хүндхэн байдалд орсноо бидэнд ярьсан юм. Энэ талаар нэгэн иргэн ярихдаа “Би 2018 оны наймдугаар сарын 7-нд гурван өрөө байр худалдаж авахаар төлбөрөө 100 хувь төлөөд, гэрээ хийсэн. Гэтэл одоо хүртэл байрандаа орж чадахгүй, дөрвөн жил түрээсийн байраар явж байна. Энэ хугацаанд 20 гаруй сая төгрөг түрээсэнд төлсөн. Одоо байр түрээслэх мөнгөгүй болсон учраас найзындаа амьдарч байна. “Шинэ-72” хотхонд хөдөөнөөс олон хүн захиалга өгсөн байна. Тэр хүмүүс энд юу болж байгааг сайн мэдэхгүй байна. Тиймээс давхардлын асуудал цаашдаа ч нэмэгдэх л байх.
Барилгын компаниас “Бид зээл хөөцөлдөж байгаа. Зээл бүтэхээр давхардлыг арилгаж, та бүхний хохирлыг барагдуулна. Байранд оруулах тухай толгой компанитайгаа ярилцаж байж шийдвэрлэнэ” гэдэг тайлбар өгсөн. Гэтэл бодит байдал дээр банкууд том зээл байтугай, жижиг зээл ч гарахгүй байна. Зарим оршин суугч энэ зээл хоёр жил яригдаж байгаа тухай ярьж байна. Үнэхээр хоёр жил яригдаж байгаа бол бүтэхгүй нь тодорхой шүү дээ.
Би энэ барилгын хамгийн анхны захиалагчдын нэг. 100 хувь төлбөрөө төлсөн айлуудаа байранд нь оруулаач. Бид эхний ээлжид ордер нэхэхгүй. Эхлээд орох оронтой л болмоор байна. Гудамд гарах гээд байна” хэмээн ярьсан юм.
“ЗЭЭЛ БҮТЭХЭЭР ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛНА”
Бид энэ асуудлаар “Хатан цамхаг” ХХК-ийн захирал Ц.Тулгаас тодрууллаа. Тэрбээр ярихдаа “Шинэ-72 гэдэг фэйсбүүк группт “Эрчим Арт” ХХК болон манай компанийн захиалагчид байдаг. Одоогийн байдлаар 380 орчим гишүүнтэй. Тэнд зөвхөн захиалагчдаас гадна, өөр хамааралгүй хүмүүс ч орсон байсан. Түүнийг нь иргэд ийм олон захиалагчтай байна гэж ойлгон, худал “цуурч” байна. “Эрчим Арт” өмнө нь өөр захиалагчтай байсан бөгөөд манайд өгсөн барилгын захиалагчдаа өөрийн тал руу шилжүүлнэ гэсэн ч шилжүүлээгүй тохиолдлууд байгаагаас шалтгаалан давхцал үүссэн.
Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн үед иргэдийн мөнгийг буцаана. Мөн “Эрчим Арт” ХХК-тай зөвлөлдөн, хэн нь хүнээ татах асуудлыг шийдвэрлэнэ.
Бид зээл авахаар хөөцөлдөж байгаа ч банкууд зээл гаргахгүй гэсэн учраас одоогийн байддлаар гацсан байна. Банкууд хувь хүний болон байгууллагын мэдээллийг хуулийн дагуу нууцалда. Тиймээс зээлийн хүсэлтийн тухай мэдээллийг ил гаргаж, иргэдэд харуулах боломжгүй юм.
Таныг “хэвлэл мэдээллийн байгууллагад хандах, олон нийтийн анхаарлыг татсан пост өөрийн цахим хуудас оруулбал энэ олон хүний хохирлыг өөрөө барагдуулаарай, хариуцлага хүлээлгэнэ, араа мэдээрэй” гэх зэргээр иргэдийг заналхийлсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ асуудлаар та тайлбар хийнэ үү?
Би энэ барилгыг балгас байхад нь өдий зэрэгтэй болгосон. Хэн үүнийг хийснийг ч мэдэхгүй байж хүнийг худал турхирч, гутаан доромжилж, хүний эрхэнд халдаж байгаад нь гомдолтой байна. Би хэнийг ч заналхийлээгүй.
Нэг хаалганд 4-5 айл давхцсан байна гэдэг нь үнэн үү?
Худал. “Ковид”-ын үед барилга нь удах юм байна, мөнгөө буцаагаад авъя гэсэн нэлээн хүмүүс байсан. Тэр хүмүүсийн нэрийг гаргаж, зээл олдсон үед буцаалт хийх хүмүүсийн жагсаалт гаргасныг иргэд давхцал гэж хараад байна.Одоогийн байдлаар барилга баригдаж дуусаагүй, хөрөнгө оруулалт байхгүй учир зогссон байдалтай байна” гэлээ.
Ийнхүү иргэд орон сууцанд орохоор захиалга өгсөн ч дунд нь хохирч, хэзээ гэр оронтой болох нь тодорхойгүй байна. Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Энэ асуудлаар иргэд цагдпаагийн байгууллагад цалилангийн хэрэг үүсгэн өргөдөл гомдол хүргүүлж байгаа юм. Одоогийн байлаар цагдаагийн газар хэргийг шалгаж байна. Олон хүний эрх ашгийг хөндсөн энэ асуудлыг бид үргэлжлүүлэн сурвалжилж, хүний эрхийг зөрчихгүй байх талаар асуудал хөндөх болно.