Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг шаардаж, УИХ-ын эмэгтэй гишүүдэд шаардлага хүргүүллээ.
Иргэдийн төлөөлөл “Хуульд эцэг, эх эрх тэгш үүрэг хүлээж, эрх эдэлнэ гэж заасан байдаг. Гэхдээ бодит байдал дээр хүүхдээ аваад үлдэж байгаа хүн нь ажил төрөл хийх эрхээ хүүхдээ харах байдлаар алдаж байна. Гэтэл үлдээгээд явж байгаа хүнд ямар нэгэн хариуцлага байхгүй. Амьжиргааны доод төвшний хувиар тогтоосон мөнгөн төлбөрийг л төлөх үүрэгтэй байна.
-"Гэр бүлийн тухай хууль байгаа ч үүний хэрэгжилтэд анхаарах газар байхгүй байна. Сум, дүүрэг, хорооны хариуцсан ажилчид нь ажлаа хийхгүй байна.
Хуулийн хэрэгжилтэд анхаарч, хуулиа шинэчилж найруулаад, сайжруулаад өгөөч гээд ээжүүд энд зогсож байна” гэлээ.
Иргэдийн зүгээс “Анх удаагаа шаардлага хүргүүлж байна. Үүний дараа дахин дахин шаардлага хүргүүлсээр байх болно” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Манай улсад өрх толгойлсон эмэгтэй 80 мянга, эрэгтэй 20 мянган хүн байна. Хүүхдийн тэтгэлэг төлдөг 4000 гаруй иргэн бий. Үүний зөвхөн гуравны нэг нь л тэтгэлгээ төлдөг байна.
-"Гэр бүлийн тухай хууль төрд ороод 11 жил гацсан. Дээр байгаа хүмүүс бүгд гэр бүлийн асуудалтай учраас энэ хуулийг шийдэж өгдөггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
Энэ бол нийгмийн маш том асуудал. Бидний хүргүүлж байгаа шаардлагыг нэн яаралтай хуульд тусгаж, бидэнд жаахан ч гэсэн дэм өгөөч. Бид ажил хөдөлмөр хиймээр байна. Улиралд өгдөг 420 мянган төгрөгөөр амьдрахад үнэхээр хэцүү байна. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа хөрсөн дээрээ буугаад ажиллаач. Өрх толгойлсон ээжүүдийн асуудалд ач холбогдол өгч ажиллаач" гэсэн юм.
-"Өнөөдөр өрх толгойлсон ээж, аавууд УИХ-ын 13 эмэгтэй гишүүн болон төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр бэлдсэн. Бид өмнө нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай уулзаж, санал хүсэлтээ хэлэхийг хүссэн. Туслахаар нь дамжуулахад С.Одонтуяа гишүүн амарсан байгаа гэсэн. Улс оронд тулгамдсан маш олон асуудал байхад амарч явчхаад, өнөөдөр албан тушаал, давхар дээл ярихаар хуралдаж болдог юм байна. Тэгвэл ажлаа хий гэсэн шаардлагыг хүргүүлж байна" гэж ярилаа.
Иргэдийн хүргүүлж буй шаардлагад:
Монгол улсын гэр бүлийн тухай хууль нь 1999 онд батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хоёр удаа нэмэлт өөрчлөлт орж байсан. Одоо хэрэгжиж байгаа хууль нь хүүхдүүд болон ээж, аавуудын эрхийг зөрчиж байна. Яаралтай гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэхийг шаардаж байна.
- Энэ оны тавдугаар сард эмэгтэй гишүүдийн санаачилсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орлого өндөртэй бол түүний 50 хувиар, орлого багатай бол одоогийн хэрэгжиж байгаа амьжиргааны баталгаажих төвшинд нас харгалзахгүй тогтоох
- Гэр бүл салахад нөлөөлсөн буруутныг тогтоож, хариуцлага тооцдог болох
- Хосууд гэрлэлтээ цуцлуулаагүй ч хоёр талд амьдарч байсан хугацаандаа гэрлэлт цуцлуулсны дараа нөхөн төлбөрийн тэтгэлгийг нөхөж олгох
- Эхнэр болон нөхрийн аль нэг нь гадаад руу гарч ажиллахаар болсон бол гэрлэлтийн гэрээ байгуулж, тэндээ очоод алга болсон тохиолдолд элчин сайдын яамаараа дамжуулж, хүүхдийн тэтгэлгийг гаргуулах
- Гэр бүл салахад эцэг эхийн үүргийг хариуцлагатай болгож, хүүхэд асран хамгаалах эрх, үүргийн талаар гэрээ байгуулдаг болох
- Өрх толгойлсон ээжүүдийн төлөөллийг Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт ажиллуулахыг шаардаж байна.
Эдгээр шаардлагуудыг ирэх намрын чуулганы эхний хэлэлцэх хууль болгож, яаралтай баталж өгөхийг шаардаж байна. Эс бөгөөс бид дараагийн арга хэмжээнд шилжихийг анхааруулж байна” гэж иргэд хэллээ.