Олон улсын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед манай улсын эдийн засгийн өнөөгийн төлөв байдлын тухай, цаашид хэрхэх асуудлаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
Хятадын гадаад хэргийн сайд Ван и манай улсад айлчилсан, олон улсын нөхцөл байдал эгзэгтэй энэ мөчид түүхий эдийн үнэ уналттай байна. Бид хангалттай хэмжээнд нүүрсээ экспортолж чадахгүй байна. Энэ нь оны төгсгөл гэхэд ямар нөлөө үзүүлэх вэ?
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал олон талын, өндөр ач холбогдолтой боллоо гэж харж байна. Эрчим хүч, дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөх, харьцангуй нааштай ажил боллоо.
Бидний гол харах зүйл нь айлчлал ач холбогдолтой боловч, нөлөөлийн хувьд дунд, урт хугацаандаа манай улсад илүү таатай үр дүн гарна.
Харин өнөөдөр бидэнд тулгамдсан асуудал бол яах аргагүй гурав болон дөрөвдүгээр улиралд Монгол улсын эдийн засаг ямар байх вэ, энэ жил эдийн засаг өсөлттэй гарч чадах уу зэрэг асуудал байгаа юм.
“АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮН ӨНӨӨ МАРГААШДАА ГАРАХГҮЙ”
Нүүрс экспортын хэмжээ өнөөдрийнх шиг ахицтай байж чадахгүй бол оны төгсгөлд төсвийн орлого татарч, эдийн засагт дарамт ирж болзошгүй гэсэн дохиог өгч байна.
ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ИНФЛЯЦ 16.1 ХУВЬТАЙ ГАРЛАА
Эдийн засаг хүнд үед Монгол улсын нийт өр 33 тэрбум ам.долларт хүрээд байна. Бид өрөө төлж чадах уу, эсвэл дефолт зарлах уу?
Өрийн асуудал Монгол улсын тулгамдсан асуудал гэдэгтэй санал нэгтэй байна. Дефолт зарлах эсэх нь санхүүгийн чадвартай холбоотой үзүүлэлт.
Дефолт зарлах хэмжээнд хүрээгүй гэж яриад байгаа нь Монгол улс төлбөрийн дарамтад орохгүй гэсэн үг болохоос, Монгол улсын эдийн засгийн нөхцөл суурь нь сайжирсан гэсэн санаа биш.
Олон улсын рейтингийн байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалаад байна. Энэ нь бид өнөөдрийн нөхцөлд төлбөрийн асуудалд орохгүйг илэрхийлж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтад хэрхэн анхаарал хандуулах ёстой гэж та харж байна вэ?
Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал нь тодорхой. Үүнийг ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн айлчлал илтгэж байна. Одоо явуулж байгаа бодлогоо үргэлжлүүлэх нь чухал.
Эдийн засгийн харилцааны хувьд энэ цаг үеийг ашиглан сэргээх, идэвхтэй ажиллах боломжтой цаг үе гэж харж байна.
Дэлхийн нийт биднийг сонирхдог. Харамсалтай нь гол асуудал бидэнд байдаг. 2014 онд хөрөнгө оруулалтын хуулиа дахиад л шинэчилсэн. Яагаад Монгол улсаас хөрөнгө оруулалт дайжаад байдаг вэ гэхээр манай хөрөнгө оруулалтын орчин амласан шигээ тогтвортой байдаггүй. Нэг бодлого нь хэвээр үргэлжилдэггүй. Дээрээс нь, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, харилцан ашигтай, тогтвортой орчин бий болж чаддаггүй.