Шинзо Абэ нь дэлхийд гуравт орох хүчирхэг эдийн засагтай Япон улсын Ерөнхий сайдаар 2006-2007, 2012-2020 оны хооронд буюу хамгийн олон жил ажилласан нэгэн. Тэрээр 2012 оноос хойш “Abenomics” хэмээн нэрлэгдэх болсон Төв банкны бодлогоор мөнгөний бодлогыг бууруулах, Засгийн газрын зарлагаар төсвийн хөшүүрэг бий болгон эдийн засагт бүтцийн реформ хийх эдийн засгийн бодлогыг зоригтой хэрэгжүүлснээр Японы эдийн засгийг дахин ачаалж чадсан гэдэг.
Шинзо Абэ 1954 оны есдүгээр сарын 21-нд Ямагүчи мужийн Нагато хотод төрж Сэйкэй Их сургуулийн Улс төр судлалын танхимыг Улс төр судлалын магистр зэрэгтэйгээр төгсчээ.
Их сургууль төгссөнийхөө дараа Абэ "Кообэ Сэймоо" компанид ажилд орж удалгүй Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн байдаг. Тэрээр энэ цагаас эхлэн улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байгаад Япон улсын Ерөнхий сайд болсон юм.
Түүний Washington Post, New York Times болон Times cэтгүүлүүдэд өгсөн ярилцлага болон дэлхийн хэмжээний уулзалт, хурал дээр хэлсэн үгнээс онцлон хүргэе.
- Японы эдийн засгийн өсөлтийн ирээдүй нь бид дэлхийн өрсөлдөөний ширүүн далай руу эргэлзэлгүйгээр аялах хүсэл зоригтой байх эсэхээс шууд хамаарна.
- Улстөрчид түүхийн талбарт хөл тавих ёсгүй гэдэгт би итгэдэг. Харин улстөрчид ирээдүйгээ харсан байх ёстой.
- Би улстөрчийн хувьд бүтэлгүйтлийг амссан, ийм ч учраас би Япон улсынхаа төлөө бүхнээ зориулахад бэлэн.
- Манай өмнөх хүмүүс олон зовлон зүдгүүрийг даван туулсан, тэр болгондоо өмнөхөөсөө илүү хүчтэйгээр сэргэж байв.
- Эх орон, бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд илүү их хувь нэмэр оруулахын тулд Япон улс юу хийж чадах талаар үргэлж бодох нь улс төрд оролцож буй хэн бүхний үүрэг гэж би боддог.
- Би Японы газар нутаг, далай тэнгис, Японы ард түмний амь насыг ямар ч үед хамгаалахаа амлаж байна.
- Хятад улс эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлэн эдлэхийн тулд хурцадмал байдлыг биш, олон улсын итгэлцсэн харилцааг хөгжүүлэх хэрэгтэй … Хятад улс үүнийгээ ойлгох нь чухал.
- Хэнд ч ийм зүйл байвал илүү дээр байх болно гэж бодохоос өөр шалтгаанаар хүсдэг зүйл гэж байхгүй.
- Би эх оронч хүн. Эх оронч биш улстөрч байхгүй гэж боддог. Би улстөрч учраас өөрийнхөө зөв гэж үзэж байгаа зүйлээ хэрэгжүүлэхийг хичээдэг, үүнээсээ болж шүүмжлэлд өртдөг. Гэсэн хэдий ч ийм шүүмжлэлд дургүй бол хүний амь насыг хамгаалж чадахгүй гэж бас бодож байна.
- Япончууд бид 21-р зуунд бидний хүсч буй улс орны дүр төрхийг тусгасан үндсэн хуулиа өөрсдөө бичих нь чухал юм
- Би Ясүкүни сүмд очиж эх орныхоо төлөө тэмцэж, өөрсдийгөө эцсийн золиос болгосон хүмүүсийн сүнсний төлөө залбирлаа. Дахиж хэзээ ч дайн хийхгүй, дайны сүйрлийн зовлонгоос ангид дэлхийг байгуулах ёстой гэж би өөртөө амласан.
- Бидний өмнө тулгараад байгаа асуудалд нэн даруй хариу өгөх нь чухал ч бид Японы ирээдүйг арав, зуун жилийн дараа ямар байхыг мартаж болохгүй. Ийм ч учраас өнгөцхөн арга хэмжээ авч болохгүй. Үүний оронд бидний хүрэхийг зорьж буй нийгмийн байдлыг тодорхойлох жинхэнэ шинэчлэлийг хийх нь зайлшгүй чухал юм.
- Японд ерөнхий сайд болсны дараа хоёр дахь боломж гэж байхгүй болдог. Магадгүй энэ удаад ийм зүйл болоогүйн шалтгаан нь Япон улс улам бүр хэцүү нөхцөл байдалтай тулгарч байгаатай холбоотой байх.
- Энэ асуудал бидний хэрхэн амьдарч байгаа “үндэс”-ийг хөндөж байгаа тул ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх эсэхтээ маш болгоомжтой хандах хэрэгтэй.
- Ойрхи Дорнодын тогтвортой байдал нь дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн үндэс болдог. Япон улсын хувьд ч мөн адил. Хэрэв бид энэ бүс нутагт терроризм, үй олноор хөнөөх зэвсгийг үл хайхран орхих юм бол олон улсын хамтын нийгэмлэгт үзүүлэх хохирол хэмжээлшгүй их байх болно.
Эх сурвалж: azquotes.com