БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир их, дээд сургуулийн элсэлтийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалт дууссантай холбоотойгоор өнөөдрөөс их, дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажил эхэлж байна. Ур чадвар шаардсан хичээлүүдийн шалгалтыг өнөөдрөөс Пүрэв гараг хүртэл зохион байгуулахаар ажиллаж байна.
Ур чадвар шалгалт дууссаны дараа элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ёстой. Учир нь дүн гараагүй байхад хураамж төлж ур чадварын шалгалтаа өгөхдөө эргээд ЭЕШ дүн нь оноо нь хүрээгүй бол ур чадварын шалгалтын дүн нь хүчингүй болох эрсдэлтэй. Тиймээс ийм дарааллыг тогтоож, тодорхой чиглэлүүдийг их, дээд сургуулиудад өгсөн.
Нийт 88 их, дээд сургуулиар элсэлтийг зохион байгуулж байгаа. Элсэлтийн эцсийн үр дүн долдугаар сарын 8-ны өдрөөр дуусгавар болохоор тодорхой чиглэл өгсөн.
Мөн БШУЯ-наас орон нутгаас элсүүлэх үйл ажиллагааг онлайнаар зохион байгуулна гэсэн чиглэлийг өгөөд буй. Харин их сургуулиуд сурталчилгааныхаа үйл ажиллагааг зохион байгуулах нь заавал онлайнаар байх албагүй.
Томоохон буюу МУИС, ШУТИС, АШУҮИС зэрэг их сургуулиудын хувьд элсэлтийн үйл ажиллагааг онлайнаар өөрсдөө бие даан зохион байгуулах ажлыг эхлүүлээд байгаа" гэв.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүрэм дэгийг зөрчихгүй байх үүднээс шалгалтын үеэр цагдаа, харуул хамгаалалтын зохион байгуулалтын арга хэмжээ давхар явсан. Энэ үеэр орон нутагт сурталчилгаа хийж, шалгалт авч буй байрны гадна зохион байгуулалтыг алдагдуулах байдал ажиглагдсан. Түүнийг тухайн үед нь шалгалтын зохион байгуулалтыг хариуцаж байсан комиссынхон холдуулсантай холбоотойгоор биднийг орон нутагт ЭЕШ зохион байгуулахыг хорьж байна гэх гомдол, санал зарим их дээд сургуулиас гарсан.
ЭЕШ зохион байгуулж байх үеэр мэргэжлийг сонгуулах элсэлтийн сурталчилгаа хийж, суралцагчийн сэтгэл санаанд нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх чиглэлийг зөв ойлгох ёстой.
Бид элсэлтийн ажиллагааг онлайнаар бүртгэж, хуваарь сонголтын ажлыг онлайнаар хийх ажлыг хийж байна. Өмнө нь аймгийн төв дээр хуваарь дуудахаар олон хоног хүүхдүүдийг хүлээлгэж, чирэгдэл учруулдаг байсныг цар тахлын үед өөрчилж онлайн зохион байгуулалтад орсныг үргэлжлүүлнэ гэдгийг хэлье" хэмээлээ.