Тэтгэвэрт гарснаасаа хойш буюу сүүлийн 20 орчим жил өөрийн сонирхлоороо хашаандаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалж буй Хан-Уул дүүргийн 5-р хорооны оршин суугч Д.Гантөмөртэй ярилцлаа.
-Хашаа нь 0,7 га хүрэхгүй ч боломжит хэмжээгээ ашиглаж сонирхлоороо ногоо тариалсан гэлээ. Тэгэхээр хэдэн метр квадрат талбайд ногоо тариалсан бэ?
Хашаа маань ойролцоогоор 500 мкв. 250 мкв талбайд нь ногоо тариалсан гэж хэлж болно. Хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, улаан, ногоон чинжүү, юуцай, бууцай, салат навч гэх мэт нарийн ногоонууд тариалсан. Хашааны урд хэсэгт төмс, лууван, хүрэн манжин, ногоон сонгино, байцай бий. Жимсний моднуудаа талбайгаа ашиглаад хашааны захаар тарьсан. Шигүү ургаад хүн ч шургах зайгүй болсон. Үхрийн нүд, долоогоно, бөөрөлзгөнө, монос жимсний моднууд бий.
-Сонирхлоороо тарьж сурсан гэсэн. Сургалтад суусан уу?
Би өөрөө мэргэжлийн хүн биш. Гэхдээ тарьж суръя гээд сонирхолтой, дуртай байсан учраас сургалтад суусаар байгаад тариад сурчихсан. Бараг 20-иод шахам жил тарьж байна. Үүнээс л би өвөлдөө идэх ногоогоо хурааж авдаг даа. Варианы шилээр зүйрлэвэл 100-аад шил өргөст хэмх, улаан лооль дардаг. Дээр нь, амтат, гашуун чинжүүгээ дарж, хатаагаад зоориндоо хадгалчихдаг. Мөн зунжингаа 25-30, 35-40 хоногийн ургацтай салат навч, юуцай, бууцай төрөл бүрийн жижиг ногоогоо хурааж бэлтгэнэ. Хүүхдүүд маань хүртэл надаар заалгаад гэртээ цонхон дээрээ нарийн ногоогоо тариалаад, өвөл шинэ ногоогоор хоолоо хийдэг шүү дээ.
-Тарьсан ногоогоо хэрхэн арчилдаг вэ?
Усалгааг өглөө хийж болдоггүй. Аль болохоор орой нар буусан хойно усалбал шөнөжингөө чийгээ барьж хонодог. Ургалт нь ч сайн байдаг. Арчлаад, зэрлэгийг нь зулгаахад хүн зовоод байх юм байдаггүй. Ажилтай байсан ч оройн цагаар хүлэмждээ орж ирээд бага зэргийн арчилгаа хийхэд л болно. Ямар ч химийн найрлагагагүй эрүүл, органик ногоо тариалж байгаа учраас адууны хомоол, аргалаар бордоо хийдэг.
-Цэцэгнүүд бас нэлээн харагдлаа. Намар ургацаа хураах үе хамгийн гоё байдаг байх даа?
Цэцэг тарих дуртай. Олон төрлийн цэцгүүд бий. Булцуут цэцэг гэхэд 20 гаруй төрлийн өвчинд сайн. Хандалж уудаг. Үхрийн нүдний навч витамин "C"-ээр баялаг учраас хатаагаад мөн хандалж ууна. Намар жимснүүдээсээ хураахад доод тал нь 30, 40 кг жимс хураадаг. Хүмүүст өгнө. Үлдэгдлээр нь жимсний чанамал хийнэ. Шүүсээр нь компот, дарс хүртэл хийдэг.
-Ярилцлагын төгсгөлд та юу гэж хэлэх вэ?
Залуучуудад хандаж хэлэхэд, нэг метр квадрат талбайд ч гэсэн ногоо тарьж болдог юм шүү. Гэртээ ядаж сонгиноо тариад иддэг байгаарай. Байртай бол тагт ч байна. Цонхон дээрээ хурдан ургалттай нарийн ногоогоо өвөл, зунгүй тариад идэж болно. Эрүүл хүнс ногоо иддэг болохоор эмээ нь өөрийгөө эрүүл байдаг гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.