Засгийн газрын тэргүүн ам нээх тоолондоо “Хувьсгал хийнэ, хувьсгал эхлүүллээ” хэмээн цээжээ дэлдэх болов. Урт хугацааны бодлого, төлөвлөлтөө танилцуулж буй нь сайшаалтай хэдий ч хоосон сүржигнэл нь хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлд, “Хүнсний хувьсгал хийхээр боллоо” хэмээн зарлав. Үнийн өсөлт тэнгэрт тулж, нийтээрээ барьц алдаж байх зуур өнөөх Ерөнхий сайд маань “Хувьсгал мандтугай” хэмээн өдөр бүр ингэж сүржигнэх нь Ёстой л ”Монголын их амар амгалан” гэлтэй. Ингэж ёжлохоос өөр үг энэ өдрүүдэд даанч үл олдоно.
Инфляци улсын хэмжээнд 15 хувь давсныг Үндэсний статистикийн хороо өнгөрсөн долоо хоногт зарлав. Энгийнээр тайлбарлавал, та цалингийнхаа ийм хувийг үнийн өсөлтөөс болж алдаж байна гэж хэлж болно. Орлого өсөөгүй байхад үнэ хөөрөгдсөн нь өрх болгонд хүнд дарамт болж байна. Товчхондоо, иргэд ойр зуурын хэрэгцээгээ хангахад улам л хүндрэлтэй байдал бий болоод байна. Гэвч, УИХ, Засгийн газраас байгаа оносон бодлого хэрэгжүүлж чадахгүй л будилсаар. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, тээвэр логистикийн асуудал бий болсон ч гэлээ үүгээр далимжуулж, гараа хумхиж суух цаг нь одоо биш. Харамсалтай нь, эрх баригч намыхан тунхгийн шинж чанартай бичиг баримтуудаа ярьсаар… Иргэд үнийн өсөлтөд дарлуулж, ядуурал улам л хүрээгээ тэлсээр…
ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО МАНДТУГАЙ
Эрх баригч намынхныг ажлаа хий гэж шаардахад “Шинэ сэргэлтийн бодлого алсдаа хэрэгжинэ. Сайхан болно” гэдэг ганцхан хариулт хэлдэг болов. Томоохон үйлдвэрүүд барина, зам, дэд бүтэц хөгжүүлнэ… Олон улсын жишигт нийцүүлнэ” гэх төлөвлөгөө нь сайхан хэдий ч ойрын хугацаанд үр нөлөөгөө өгөх ажил түүн дотор нь хуруу дарам цөөн байгаа нь харамсалтай. Ерөөөсөө тэдний хэлдэг үг нь “Биднийг 2024 онд дахиад сонгоод өг. Тэгвэл өнөөдөр ярьж буй хувьсгалаа жинхэнэ утгаар нь эхлүүлье” гэхтэй агаар нэг сонсогдож байна. Хоёрхон жилийн дараа сонгууль болно. Тэр хүртэл хоосон тунхгийн чанартай “Шинэ сэргэлт, хувьсгал” гэх үгсээ ярьсаар л, сүржигнэсээр л байх бололтой, тэд.
АШИГ СОНЖОО, БАЯР ЦЭНГЭЛ… ӨӨР ЮУГ Ч АНЗААРАХГҮЙ
Монгол улсын нийт иргэдийн 29 хувь нь ядуу буюу гурван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн гэсэн судалгаа бий. Үнэ туйлдаа хүрсэн өнөө цагт ядуу иргэдийн тоо хэрхэн өсөж, хэдэн хүн ядуурлын шугам руу гулсаж буй нь ойлгомжтой. Гэвч УИХ-ын гишүүд энэ өдрүүдэд ам уралдан ярьж, цаг зарцуулсан ажил нь баяр наадмын тухай хууль байв. Энэ бол хууль тогтоогчид, эрх баригч намынхан зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцсэн зүйлд л цаг гаргадаг, бусдыг нь хөсөр хаядгийг ганцхан жишээ болов. Уг нь, өнөөдөр ээжүүд хүнд өвчтэй хүүхдээ тэврээд уйлж байна. Иргэд цалин орлогогүй өр зээлэндээ баригдаж байна. Түүхий эд, материалын өсөлтөөс шалтгаалж ААН-үүд дампуурч байна. Тэд уг нь хамгийн эхэнд үүнийг л анхаармаар. Товчхондоо, улс орныхоо амин чухал асуудлыг эрэмбэлж мэддэггүй ийм л хүмүүсээр төр дүүрчээ.
УИХ, Засгийн газар, эрх баригч намынхан сүржигнэлгүй ажлаа л хиймээр байна. Хувийн эрх ашгаа хойш тавьж сурмаар байна. Нөхцөл байдлаа мэдэрч, хөрсөн дээрээ буумаар байна. Ийм л энгийн зүйлсийг ард иргэд шаардаж эхэллээ. Хувсьгал хийх яах вэ, өнөөдрөө нэг анзаараач, амьдрал ямар байгааг хөлөөрөө нэг яваад үзээч, эрх баригчид аа!!!