1970-аад оны үеийнх шиг стагфляц ойрын жилүүдэд үргэлжлэх эрсдэлтэй байгаа төдийгүй түүхий эдийн үнэ огцом өсч байгааг Дэлхийн банк анхаарууллаа. Үүнд хөгжиж буй орнууд хамгийн их хохирол амсах төлөвтэй байгаа аж.
Дэлхийн банк мягмар гарагт 2022 оны эдийн засгийн өсөлтийг нэг хувиар бууруулсан юм. Тус байгууллага өндөр инфляц, удаашралтай өсөлтийн холимог "стагфляц" эрсдэлд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Стагфляц гэдэг нь эдийн засагт ажилгүйдэл, үнэ хоёр зэрэг өсдөг сөрөг үзэгдэл юм. Дэлхий дахинд стагфляц болно гэж эдийн засагчид таамаглаж буй.
Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс “Олон орны хувьд эдийн засгийн уналтаас зайлсхийхэд хэцүү байх болно” хэмээн мэдэгдсэн байна. Дэлхийн банк энэ оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 1-р сард өгсөн 4.1%-иас 2.9% болгон бууруулжээ.
Энэ онд нефтийн үнэ 42 хувиар өснө гэж таамаглаж буй бол эрчим хүчний бус түүхий эдийн үнэ 18 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Дэлхийн банк өнөөгийн үнэ өсөж буйг 1970-аад оны нефтийн шоктой харьцуулжээ.
Дэлхийн банкнаас "Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв" шинэ тайландаа "Нэмэлт сөрөг цочрол нь дэлхийн эдийн засаг 1970-аад оны үеийг санагдуулам стагфляцийн үеийг туулах магадлалыг нэмэгдүүлнэ" хэмээн анхааруулжээ.
"Дэлхийн ихэнх орнуудад хөрөнгө оруулалт сул байгаа тул “буурай” өсөлт арван жилийн турш үргэлжлэх болно" гэж Малпасс хэлсэн байна. "Олон улс оронд инфляц сүүлийн арван жилийнхээ дээд цэгтээ хүрчээ. Нийлүүлэлт аажмаар өсөх төлөвтэй байгаа энэ үед инфляц удаан хугацаанд өндөр байх эрсдэлтэй" гэдгийг ч "Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв" шинэ тайланд дурдсан байна.
Стагфляцийн шалтгаан нь Украины дайн, Хятад дахь Ковид-19-ийн хөл хорио, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан явдал гэнэ. Энэ нь дэлхий даяарх үнийн өсөлтөд нөлөөлж байна гэж Малпасс тайлбарлаад Орос Украин руу довтолсон нь дэлхийн эрчим хүч, улаан буудайн худалдааг ноцтойгоор тасалдуулж, коронавирусын тахлаас сэргэж байсан дэлхийн эдийн засагт цохилт болсон гэжээ.
Эх сурвалж: DW News