“Дээс дээс”, “Олуулаа”, “Бага ангийн багшдаа баярлалаа” зэрэг хүүхэд бүхний амандаа аялж өссөн дуунуудын аялгууг зохиосон эрхэмтэй бид хөөрөлдөв. “Би хүүхдийн ертөнцөд амьдардаг” гэж ярих тэрбээр нийт 300 гаруй дуу дохиожээ. Үүнээс 50 гаруй хүүхдийн дуу нь Монголын ард түмний сонорт хүрч, алдаршсан байна. Монгол Улсын Гавьяат багш, Хүүхдийн элч хөгжмийн зохиолч Б.Батболд манай зочин хойморт уригдлаа. Түүний уран бүтээлийн амт шимт, эерэг энерги бүхэн Монголын хөгжмийн урлагт тод тамга, онцгой дардас болон ирснийг бахдахад таатай.
АЙЛЫН ГАНЦ ХҮҮ АЯЛГУУНД ДУРЛАХ БОЛСОН НЬ
"Урлагт сэтгэлээ зориулсан уран бүтээлч болоход гэр бүлийн орчин, аав ээж хоёр минь их нөлөөлсөн" хэмээн гавьяат багш хуучлав. Аав нь хүүхдийн зохиолч, ээж нь бага ангийн багш байсан нь түүнийг мэдрэмж дүүрэн нэгэн болж өсөхөд том түлхэц болжээ. Ээжийнхээ зөвлөснөөр Багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэж, улмаар 1980-аад оны эхээр хүүхдийн дууны аялгуу зохиож эхэлжээ. “Багаасаа хөгжимд их сонирхолтой байлаа. “Бас аавын маань нөлөө их. Миний аав хүүхдийн нэрт зохиолч Л.Соронзонболд гэж хүн байлаа. Бага байхад аавын найзууд манайд их ирж хөөрөлдөнө. Уран бүтээлээ ярилцана. Би ойроос чагнаж өссөний хувьд юм сурч, өөрийгөө олж дээ” хэмээн С.Батболд багш ярив.
ААВ НЬ ШҮЛЭГ ТЭРЛЭЖ, ХҮҮ НЬ АЯЛГУУ ЗОХИОНО
1984 он. Хүүхдийн шинэ Пионерийн ордон байгуулагдав. Энэ үед түүний аав, нэрт хөгжмийн зохиолч Л.Соронзонболд хүүхэд багачуудын шинэ ордонд зориулан шүлэг тэрлэжээ. Ингээд хүүгээ дуудаж, “За, миний хүү. Аав нь ийм нэг шүлэг бичлээ. Чи аялгуу зохио” гээд шүлгээ уншиж өгч. Шүлэг нь ихэд таалагдсан тул шууд л дахилт нь санаанд буугаад иржээ. Ингэж тэд Монголын ард түмний, хүүхэд бүрийн амандаа аялж өссөн, Монголын хүүхдийн ордны сүлд дуу “Багачуудын ордон” дуу бүтсэн түүхтэй.
“Баялаг эрдмийн сангаас хүртээд
Бахдам авьяас эндээс төрөөд
Баяр хөөрөөр дандаа бялхсан
Багачууд бидний хайртай ордон…
Найзууд аа, найзууд аа, ирээрэй
Наран гийсэн ордондоо зочлоорой…” гэх цоглог аятай дуу ингэж мэндэлсэн түүхтэй аж. “Аавынхаа олон ч дуунд би аялгуу зохиож дээ. Аав шүлгээ уншиж өгөх үед би их баясаж, баярлаж сонсоно. Тэгээд л аялгуу бүтээнэ. Бахархал юм даа” хэмээн хуучлав.
БАГА АНГИЙН БАГШДАА БАЯРЛАЛАА
Сургуулийн босгоор алхсан хүн бүрийн амандаа аялдаг дуу бол “Бага ангийн багшдаа баярлалаа”. Энэ дуунд хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл, эрдмийн саруул танхимд хөл тавьсан үеийн дурсамж бүхэн бичигддэг үлддэг гэлтэй. Энэ дууг С.Батболд багш 1986 онд зохиожээ. “Ээж минь бага ангийн багш болохоор би сэтгэл зүрхээрээ мэдэрч аялгуугаа зохиосон. Дуу минь 30 гаруй жил дуулагдлаа. Хүүхдийн дууг хүүхдүүд өөрсдөө л амьдруулж, амилуулж, авч явдаг онцлогтой нь сайхан” хэмээн зохиолч баяр баясал дүүрэн ярьсан. Тэр үнэхээр л хүүхэд шиг баярлаж, хүүхэд шиг гомддог” болов уу гэмээр. “Би хүүхдийн ертөнц рүү эргэлт буцалтгүй орчихсон хүн. Өөрөөр хүүхэд болж байж л хүүхдийн сэтгэхүйд тохирсон уран бүтээл урган гарна” хэмээн тэр ярихад нүүрнээс нь гэнэн цайлган төрх, баяр бахдалын харц эрхгүй мэдрэгдэнэ. Үнэхээр ч
“Үзэг барьсан турьхан гарт минь
Үг холбох аргыг заасан
Бага ангийн багшдаа баярлалаа
Балчирхан би чинь бичиж сурлаа” гэж хэмээн дуулахдаа тэр яг л хүүхэд шиг, Эрдмийн баяртаа догдлон очсон жаал хүү мэт санагдаж байв. Түүнийг хүүхэд, хөгжим хэмээх цомхон хоёр үгээр л тодорхойлж болмоор. “Хүүхдийн дуу хүүхдийг байгальдаа хайртай, хүмүүжилтэй, Монгол өв соёлоо мэддэг хүн болоход их тустай. Хүүхдэдээ дуу дуулж өсгөөрэй гэж залуу аав ээжүүдэд захимаар санагддаг хэмээн С.Батболд багш хэлсэн.
АВЬЯАС ТЭТГЭВЭРТ ГАРДАГГҮЙ
Гавьяат багш С.Батболд цар тахлын хоёр жилд зүгээр суугаагүй ажээ. “Би Монгол хүүхэд” хэмээх шинэхэн цомгоо гаргасан байна. Тэрбээр “Би нас сүүдэр 60 гарчихлаа гээд зүгээр суугаагүй. Хүүхдэд зориулсан бүтээлээ жаргаж туурвисаар л байна. Энэ бол миний амьдрал. Энэ бол миний ажил” хэмээн инээмсэглэв. Нээрэн ч С.Батболд багш “Авьяас тэтгэвэрт гардаггүй” гэдгийг тод жишээ, гоц гоц үлгэр дууриалал ажээ. Өнгөрсөн онд Монгол Улсын Гавьяат багш хэмээх хүндтэй шагнал хүртсэнийг нь дуулаад “Ийм хийж бүтээсэн хүнтэй эрхэмд харин ч алдрыг нь хождуулж олгож дээ” гэж санагдсан. Тэрбээр “Цэцэг” зэрэг олон хамтлагийг төрүүлэн гаргасан, Харангын Лхагвасүрэнгээс авахуулаад Монгол урлагийн тод одуудыг бэлтгэсэн, гарын багш нь гэдгийг ч бид энд дурдалгүй өнгөрч боломгүй.
Ийнхүү өөрийн амьдралаа хүүхдийн ертөнцөд зориулсан эгэл нэгэл эрхэм бидний дунд аж төрж байна. Түүнийг Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэгний зүтгүүрчин, машинист гэж тодорхойлж болмоор. Аав ээж минь бага байхдаа, ах эгч минь балчир насандаа түүний дууг сонсож л хүн болсон. Би ч өөрөө чагнаж л торнисон. Бидний хүүхдүүд ч түүний дуунд дурлаж, хүмүүжиж, гэж Монгол ахуйдаа уусан өсөж байгааг харах хичнээн сайхан. Түүний аялгуу дуусашгүй, дундрашгүй…
Хөрөг ярилцлагыг дээрээс үзнэ үү.