Манай улсын дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай. Төрөлжүүлж, олон тулгууртай болгож байж, цар тахлын дараах хүнд үеийг даван туулна гэдгийг эдийн засагчид сануулдаг. Тиймдээ ч эдийн засгаа “аврах” гол шийдэл нь байгальд ээлтэй аялал жуулчлал гэж Засгийн газар бодлогоо тодорхойлж байна.
Цар тахал гарахаас өмнө 400-500 мянган жуулчин Монголыг зорин ирдэг байжээ. Харин сүүлийн хоёр жилд “Ковид”-ын хүндрэлээс шалтгаалж, жуулчдын урсгал бүрэн хаагдсан. Тиймээс ойрын хугацаанд дотоодын болон гадны аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Тухайлбал, 2024 он гэхэд 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавьж байна. Ингэснээр ирэх 4 жилд аялал жуулчлалын салбараас 4 тэрбум ам доллар буюу 10 гаруй их наяд төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцоолжээ. Мөн 40 мянга орчим ажлын байр шинээр бий болох хүлээлттэй байна.
Гадны болоод дотоодын аялагчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газар бол Хөвсгөл нуур. Хөвсгөл нуурыг жил бүр 100 мянган аялагч зорин очдог. Хэдийгээр энэ бүс аялал жуулчлалд жин дардаг хэдий ч хэрхэн бохирдуулахгүй, онгон дагшнаар нь үлдээх вэ гэдэг томоохон сорилт болж байна. Тиймээс Хөвсгөл нуур орчмын тоосжилтыг бууруулах хүрээнд Хөвсгөл нуур Жанхайн даваа- Тойлогт чиглэлд хатуу хучилттай авто замыг энэ жилээс тавьж эхлээд байна.
Энэ жил аялал жуулчлал сэргэж, жуулчдын урсгал 400 мянга давах буюу өмнөх түвшиндээ хүрэх хүлээлттэй байна. Жуулчны баазууд үүдээ нээх бэлтгэлээ аль хэдийнэ базааж эхэлжээ.