Японы Гадаад харилцааны сайд Ё.Хаяши Монгол Улсад дөрөвдүгээр сарын 30-ны орой Казахстан улс дахь айлчлалаа дуусган, хүрэлцэн ирэв. Тэрбээр Монгол, Японы харилцааны 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан хэд хэдэн стратегийн болон эдийн засгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч , санал солилцсон билээ. Тэгвэл Японы Гадаад харилцааны сайд Ё. Хаяшигийн хэвлэлийн төлөөлөгч О.Юукико сэтгүүлч нартай мэдээлэл солилцлоо.
Японы Гадаад харилцааны сайд Ё.Хаяши тавдугаар сарын 1-нд Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг болон Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэтэй уулзсан. Үүний дараа, Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, Япон хэлтэй бизнес эрхлэгчидтэй уулзсан байна.
Тавдугаар сарын 2-ны өдөр Гадаад харилцааны сайд Ё. Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд бараалхаж, Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг очиж үзнэ. Мөн Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан "3 тэрбум мод" хөтөлбөрийг дэмжин дурсгалын мод суулгах юм.
Айчлалын талаар хэвлэлийн төлөөлөгч О.Юукико мэдээлэхдээ, 2025 онд Осака хотод болох "Дэлхийн экспо"-д Монгол Улс оролцохыг Гадаад хэргийн сайд Ё.Хаяши уриалсан байна. Тус уриалгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авсан.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чингис хаан олон улсын нисэх буудлын цаашдын үйл ажиллагаанд хамтран ажиллахыг Ё. Хаяшигаас хүссэн юм.
Хэвлэлийн төлөөлөгч О. Юукико Монгол Улсыг Орос, Хятадын дунд орших геополитикийн чухал байрлалтайг онцолж, 50 жилийн ойн хүрээнд "Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн дагуу 2023 онд 16 төрийн албан хаагчийг Япон улсад магистрын тэтгэлэгт хамруулхаа мэдэгдэв. Мөн энэ оныг Япон, Монгол Улс хооронд хүүхэд залуучуудын найрамдалт солилцооны жил болгон зарласны дагуу "Genesis" хөтөлбөр зохион байгуулах талаар хэлэлцээ хийнэ.
Япон Улс нь Монгол Улсын "гуравдагч хөрш" бөгөөд стратегийн чухал түншлэлийнхээ харилцааг улам бэхжүүлэх зорилготой Японы Гадаад харилцааны сайд Ё.Хаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайд болон Ерөнхий сайдтай санал солилцоно. Мөн бүс нутгийн болон Хойд Солонгосын баллистик пуужингийн туршилт, Орос-Украины дайны талаар санал солилцсон ба Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол улс галыг зогсоох нь чухал гэжээ.
Цар тахалын хүрээнд сүүлийн хоёр жил хоёр орны хамтын үйл ажиллагаа удаашралтай байсан ч энэ удаагийн айлчлалаар Ё.Хаяши нүүрсхүчлийн хийг бууруулах ажиллагаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүсэлтэй ажээ.
БНМАУ, Япон улсын хооронд 1971 оноос дипломат харилцаа тогтоох урьдчилсан хэлэлцээр хийж эхэлсэн байдаг. 1972 оны хоёрдугаар сард БНМАУ Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоох түүхэн үйл явдал болж, тус сарын 24-ний өдрийн 11:00 цагт Москва хот дахь Япон улсын Элчин сайдын яамнаа БНМАУ-ын Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Н.Лувсанчүлтэм, Япон улсын Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд К.Нийзэки нар БНМАУ, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосныг нотолж, нот бичиг солилцжээ.
Энэ ёслолд Монголын талаас Москвад суугаа ЭСЯ-ны зөвлөх Б.Дашцэрэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Хунжав, атташе Б.Нацагдорж, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Э.Түмэнжаргал нар, Японы талаас Элчин зөвлөх Т.Хасэгава, зөвлөх К.Чиба, нэгдүгээр нарийн бичгийн дарга К.Нишида, атташе Х.Үэда нар байлцжээ. Энэ өдрийг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон өдөр гэж хоёр тал албан ёсоор тооцож байхаар тогтсон түүхтэй.