Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзах үеэрээ Украины дайны улмаас нийлүүлэлтийн шок болон үнийн өсөлттэй тулгараад буй улс орнууд руу хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ.
Ерөнхий сайд Моди, "Энэтхэг улсын 1.4 тэрбум иргэн хангалттай хоол хүнстэй бөгөөд Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) зөвшөөрвөл маргаашнаас эхлэн дэлхийг хүнсний нөөцөөр хангахад бэлэн" гэжээ.
Дэлхийн хэмжээнд ургац хураалтын асуудлаас болж Украины дайн эхлэхээс өмнө түүхий эдийн үнэ 10 жилийн дээд түвшинд хүрсэн байна. Орос, Украйн хоёр бол дэлхийн улаан буудайн гол экспортлогч бөгөөд дэлхий даяарх жилийн улаан буудайн борлуулалтын гуравны нэг орчим хувийг бүрдүүлдэг. Мөн тус хоёр улс дэлхийн наранцэцэгийн тосны экспортын 55 хувь, эрдэнэ шиш, арвайн экспортын 17 хувийг бүрдүүлдэг. НҮБ-ын ХХААБ-аас мэдээлснээр ОХУ, Украин энэ жил 14 сая тонн улаан буудай, 16 сая гаруй тонн эрдэнэ шиш экспортлох төлөвтэй байна.
"ОХУ-д тулгарч буй нийлүүлэлтийн тасалдал, хоригийн аюул нь эдгээр экспортыг тэгшитгэлээс хасах шаардлагатай болгоно. Энэтхэгт улаан буудайн нөөц хангалттай байгаа тохиолдолд илүү их хэмжээгээр экспортлох боломжтой" гэж Ром хотод төвтэй НҮБ-ын ХХААБ-ын эдийн засагч Упали Галкети Аратчилаж хэлэв.
Энэтхэг бол будаа, улаан буудайн хоёр дахь том үйлдвэрлэгч юм. Дөрөвдүгээр сарын эхээр хоёр үндсэн нэрийн бүтээгдэхүүнээс 74 сая тонн нь нөөцөд байгаа аж. Үүний 21 сая тонныг стратегийн нөөц болон 700 сая гаруй ядуу иргэдээ хямд хоол хүнсээр хангах боломжийг олгодог Нийтийн түгээлтийн систем (PDS)-д зориулан хадгалж байгаа юм.
Энэтхэг дэлхийн хамгийн хямд улаан буудай, будаа нийлүүлэгчдийн нэг. Энэтхэгээс дэлхийн 150 орчим улс руу будаа, 68 улсад улаан буудай экспортлодог. Тус улс 2020-2021 онд 7 сая тонн улаан буудай экспортолжээ. Олон улсын зах зээл дэх эрэлт нэмэгдэж буйтай холбогдуулан худалдаачид 4-7 дугаар сард 3 сая гаруй тонн улаан буудай экспортлох гэрээ байгуулаад байна гэж албаны хүмүүс мэдээллээ. 2021-2022 онд фермийн экспорт 50 тэрбум доллараас давж, дээд амжилт тогтоожээ.
Энэтхэг улс энэ санхүүгийн жилд 22 сая тонн будаа, 16 сая тонн улаан буудай экспортлох хүчин чадалтай гэж Энэтхэгийн Олон улсын эдийн засгийн харилцааны судалгааны зөвлөлийн хөдөө аж ахуйн профессор Ашок Гулати мэдэгдэв. "Хэрэв ДХБ-аас засгийн газрын хувьцааг экспортлохыг зөвшөөрвөл бүр ч өндөр байж болно. Энэ нь дэлхийн зах зээл дээрх үнийг бууруулж, дэлхийн импортлогч орнуудын ачааллыг бууруулахад ч тусална" гэдгийг онцолсон байна.
Делид төвтэй Бодлогын судалгааны төвийн ахлах ажилтан Хариш Дамодаран "Одоогоор бидэнд хангалттай нөөц бий. Гэхдээ зарим нэг санаа зовоосон зүйл байгаа. Бид дэлхийг тэжээх талаар санаа зовоод бүхнээ зориулж болохгүй" гэжээ. Учир нь гэвэл Нэгдүгээрт, төсөөлж байснаас бага ургац авах вий гэсэн айдас бий. Энэтхэгт улаан буудайн шинэ улирал эхэлж байгаа бөгөөд албаныхан 111 сая тонн ургац хураан авахаар тооцоолжээ.
Гэхдээ Дамодаран зэрэг зарим мэргэжилтнүүд уг тооцоололд итгэлгүй байгаа аж. Бордооны хомсдол, цаг агаарын тогтворгүй байдал болох хэт их бороо, зуны эхэн үеийн хэт халуун зэргээс шалтгаалан тооцоолсноосоо бага ургац хураан авч ч магадгүй гэнэ.
Өөр нэг асуудал нь газар тариалангийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох бордоотой холбоотой. Орос- Украины дайны улмаас Энэтхэгийн бордооны нөөц багассан. Энэтхэг улс азот, фосфат, хүхэр, кали агуулсан ди-аммонийн фосфат, бордоо импортолдог. Орос, Беларусь улс дэлхийн калийн экспортын 40% -ийг эзэлдэг. Дэлхийн хэмжээнд байгалийн хийн үнийн өсөлтөөс шалтгаалж бордооны үнэ хэдийнэ нэмэгджээ.Оросын түрэмгийлэл нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд "ноцтой үр дагавар" авчрах магадлалтай гэж IFPRI судалгааны төв мэдэгдэв. Орос, Украины улаан буудай, бордоо болон бусад түүхий эдийн экспортыг удаан хугацаагаар тасалдуулах нь дэлхий дээрх хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүсийн тоог 8 саяас 13 сая хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж НҮБ-ын Хүнсний аюулгүй байдлын агентлаг тооцоолжээ.
Засгийн газрын хүлээн зөвшөөрсөнөөр Энэтхэгт үр тариа арвин, хүнсний нөөц хангалттай байгаа ч гурван сая гаруй хүүхэд хоол тэжээлийн дутагдалд байгаа юм. Ерөнхий сайд Модигийн төрөлх муж Гужарат ийм хүүхдүүдийн тоогоор гуравдугаарт ордог гэнэ.
"Ерөнхий сайд Моди хүнсний аюулгүй байдлын талаар бодлогогүй алхам хийж болохгүй. Татаастай хүнсний системд зориулж байгаа хоол хүнсээрээ “өргөл өргөж” болохгүй" гэж Дамодаран хэлжээ.
Эх сурвалж: BBC News