Өчигдөр ТЕГ-аас нэр бүхий улс төрчдийн амь насанд заналхийлж зэвсэг цуглуулсан, улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн таван этгээдийг илрүүлэн шалгаж буй талаар мэдээлэв. Ингэхдээ үймээн самуун дэгдээх, өдөөн хатгах зорилготой бүлэг хүмүүсийн нөлөөнд тайван жагсаал хийж буй залуус автахгүй байхыг анхааруулсан юм.
Гэвч ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөрийн хийсэн мэдэгдэл нэг ч баримтгүй хуурай яриа байв.
Хэвлэлийн хурлын үеэр 12 ширхэг галт зэвсэг, олон тооны бууны сум зэргийг үзүүлсэн. Гэтэл эдгээр зүйлсийг ТЕГ-ынхан өөрсдөө бэлдээд тавьчихаж ч болно. Өөрөөр хэлбэл нэр бүхий улс төрчийн аминд халдах гэж зохион байгуулалттай ажилласан гэх ноцтой мэдээлэлд итгэх үндэслэл байхгүй, баримт болгож үзүүлсэн буу зэвсэг нь юуг ч нотолж чадсангүй.
Уг нь мэдээлэл өгсөн мэргэжилтэн хэлэхдээ, “Тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл зэргийг илрүүлсэн” гэв. Харин үүнийгээ баримтаар нотлоогүй учир иргэд итгэхгүй байгаа хэрэг. Тиймээс ч олон нийт дунд ТЕГ-ын өгсөн мэдээллийг, залуусын өрнүүлж буй тайван жагсаалыг хорих гэсэн арга хэмээн үзэж буй хүмүүс ч байна.
Орчин цагт мэдээллийн их урсгалыг "мэдээллийн дайн" ч хэмээн үзэж, ЮНЕСКО-оос 21-р зууны иргэний заавал эзэмших боловсролд мэдээллийн бичиг үсгийн боловсролыг багтаах болсон. Өөрөөр хэлбэл жирийн иргэний үг ч тэр төрийн мэдэгдэл ч тэр худал байх боломжтой. Тиймээс ч fact cheсker гэх мэргэшил хүртэл үүсэж, аливаа мэдээллийг үнэн худал эсэхийг нягталдаг болсон. Гэтэл манай прокурор, тагнуулынхан буюу баримтанд тулгуурлаж ажиллах учиртай мэргэжлийнхэн нэг ч баримт дэлгээгүй нь итгэл үнэмшил төрүүлэхгүйгээс гадна мэргэжлийн бус харагдаж байна. Тагнуулын өгсөн мэдээллийг үнэн гэж үнэмшье гэхээр баримт байхгүй. Худал гэж үл тооё гэхээр төрийн байгууллага байгаад байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн бус, мэдрэмжгүй байж иргэд биднийг ийнхүү төөрөгдүүлээд байна уу? Албаар айлган сүрдүүлэх тактик уу?