Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт "Сонор микротиа" ТББ-ыг үүсгэн байгуулагч М.Энхжаргал оролцлоо. Түүний хувьд микротиа оноштой хүүхдүүд сонсож чадахгүй бэрхшээлээсээ гадна чихний дэлбээ нь хөгжөөгүйн улмаас гадаад үзэмжээрээ нийгэмд санаатай болон санаандгүй байдлаар гадуурхагдаж, сэтгэл гутралд ордог талаар ярилаа. Мөн тэрбээр залуу ээжийн хувьд энэ төрлийн оноштой хүүгээ нийгэмд гадуурхуулахгүйн тулд эмчилгээ, хагалгааны зардлыг олох гэж арга ядахдаа элэг бөөрний донор болох тухай ч бодсон талаараа ярьсан юм.
–Сайн байна уу? Та өөрийгөө болон хүүгээ танилцуулаач?
–Намайг Мянганзам овогтой Энхжаргал гэдэг. Сонор микротиа холбоо, ТББ-ыг үүсгэн байгуулсан. Миний хүүг Доржсэмбэ овогтой Цогт-Очир гэдэг. Энэ жил найман настай. Төрөлхийн хоёр чихний суваг битүү, сонсголын бэрхшээлтэй төрсөн. Сувгаас гадна, чихний дэлбээ нь хөгжөөгүй. Сонсохгүй байх бэрхшээлийнхээ хажуугаар харагдах байдлаасаа болоод санаатай болон санаандгүй байдлаар ялгаварлан гадуурхалтад өртөөд байна гэж би боддог юм.
–Ямар байдлаар гадуурхалтад өртдөг вэ?
–Таараад өнгөрч байгаа хүн бүр дагуулаад ширтээд байх тэр мэдрэмжтэй өдөр бүр тулгардаг. Энэ нь хүүхдэд маань сэтгэлзүйн хямрал үүсгэх гээд байдаг. Эсвэл чихийг нь өөрөөс нь шууд асуудаг. Сэтгэл гутрал нь өмдөндөө шээх, хумсаа мэрэх, уур бачуурал зэргээр илэрч, ажиглагддаг.
–Таны хувьд сэтгэлзүйн тал дээр хүчтэй байх шаардлагатай байдаг байх?
–Би ээж хүн шүү дээ. Хүүгээ төрүүлэхдээ арван сар тээсэн. Хүүгээ гарч ирэхийг хүлээгээд сэтгэл санаа их өндөр, эмнэлэг рүү бөөн баяр явж байлаа. Яг хүүгээ төрсөн мөчөөс эхлээд л надад хэцүү бүх хандлага мэдрэгдэж эхэлсэн. Нийгмийн тэр хатуу бүхэн мэдрэгдсэн гэсэн үг. Миний сэтгэл зүйн байдал маш хүнд байсан. Хүүгээ нэг сар гартал бараг ухаангүй шахуу явсан. Бид хугацаа алдсан бол хүүхдийнхээ хэл яриаг авч үлдэх боломжгүй байсан юм. Анх хүүдээ 20 саяын аппарат яаралтай авч зүү гэсэн. Дөнгөж их сургуулиа төгсөөд ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан залуу гэр бүлд энэ мөнгө алхаар цохиулж байгаа юм шиг л хүнд сонсогдож байлаа. Яаралтай авах болохоор хандив цуглуулж эхэлсэн. Яг тэр үед би үнэхээр барын ам руу гараа хийхээс буцахгүй болсон байсан. Шилэн хайрцаг хийгээд ганцаараа Гандан дээр зогссон юм. Хүн ирээд мөнгө хийхээр нь баярлалаа гээд хэлэх гэсэн, хоолой дээр том зүйл зангирчихсан. Баярлалаа гэж хэлж чадахгүй нулимс бөмбөрөөд л зогсоод байлаа. Тэр хүмүүсийн сайхан сэтгэлээс би маш их урам авсан. Маш олон хүнээс сайхан сэтгэлийн дэм авч байсан учир, хүчтэй байхын хажуугаар сайн үйл их хийхийг хичээдэг.
–Аргаа барах үе тулгарч байв уу?
–Анх хүүхдийнхээ сонсголын аппаратын 20 саяыг сонсоод муужирч унаж босож ирээд, түүндээ дасаад байж байлаа. Тэгээд хамгийн төгс хагалгаа хийдэг газрыг сонирхоод үзэхэд 500 сая төгрөг гэсэн. Дахиад л унаж босож ирээд. Би хэнд ч хэлэхгүй, чимээгүйхэн визээ хөөцөлдөөд хэн нэгэн хүнд элгээ өгч буян болоод, дээрээс нь хүүхдийнхээ нэг талын чихний мөнгийг босгочих юм сан гээд бодож үзсэн. Бөөр бас сонирхоод. Яах вэ аргаа л барж байгаа юм. Одоо тэр бодол байхгүй. Би эрүүл саруул байж хүүхдийнхээ дуу хоолой болж чадна шүү дээ. Би хүүхдээ харах тоолонд зогсох ёсгүй юм байна гэж боддог. Ийм бэрхшээл туулж байгаа бүх л ээж над шиг байгаа. Бид хүчтэй байхаас өөр аргагүй. Ажлаа тараад бараа хүргэлтэд явж байна. Мөнгө олж болох зүйл юу байна. Тэр бүхнийг сүвэгчилж хийж байгаа.
–ТББ–аа хэзээ нээсэн бэ?
Миний хүү чинь 2014 онд төрсөн юм. Ингээд 2016 онд бид анх ТББ-аа нээж байсан. Жилдээ хоёр өдөрлөг зохион байгуулдаг. Энэ нь яг микротиа оноштой хүүхдүүдийг хамруулсан ТББ. Олон улсын микротиа хүүхдүүдийн өдөр байдаг юм. 11 дүгээр сарын 9-нд. Энэ өдрийг тэмдэглэнэ. Хүүхдүүдээ баярлуулна. Нэг нэгэнтэй нь уулзуулна. Би ганцаараа биш, надтай ижил олон хүүхэд байдаг юм байна гэж ойлгуулна. Мөн тэр өдөрлөг дээрээс эцэг эхчүүд маш их урам авдаг. Ийм хүүхэдтэй айлаас заавал нэг хүн ажил хийх боломжгүй байдаг. Энэ хүүхдийг автобусанд суулгаад явуулж болохгүй. Эсвэл хичээл дээрээ сонсголын аппаратаа удаан хэрэглээд, сонсоод маш их ядраад ирнэ. Ийм үед хичээлийг нь яаж заах уу. Аппаратыг нь ямар үед авч тавиад амраах уу гээд л.
–Хүүгийнхээ ирээдүйд туулах зүйлсэд санаа зовж байна уу?
–Миний хүүхэд суваг нээвэл сонсох боломжтой. Би хүүхдээ тэр олон хагалгааг яаж давна даа гэхээс л хааяа өрөвддөг. Яагаад заавал тэр хагалгааг хийлгэх гээд байгаа гэхээр, сонсголын аппаратаар сонсоод болж байна шүү дээ.
Хүмүүсийн хандлагыг өөрчлөхийн тулд л миний хүү дэлбээтэй болох шаардлагатай болоод байгаа юм. Энэ зүгээр байдаг л зүйл.
Хорвоо дээр бүх л төрлийн хүн амьдрах ёстой. Хүн заавал нэг өнгийн үстэй амьдрах албагүй шүү дээ. Бид өөрийн хүссэнээр үсээ будуулж, хүссэн зүйлээ өмсөөд явж байхад хүний бие физиологи яагаад өөр өөр байж болохгүй гэж. Нийгмийн хандлага арай өөр байсан бол магадгүй би хүүхдэдээ дэлбээг нь хийлгэхгүй байсан.
–Хүү нь юунд дуртай, сонирхож хийдэг юм бэ?
–Би хүүгээрээ маш их бахархаж байгаа. Миний хувьд хүүгээ хичээл хий гэж шахдаггүй. Өөрийнх нь сонирхол барилдах. Хүүхдээ улсын аваргын тэмцээнд орно гэж байхад нь "юу вэ багш аа" гээд л гайхаж байсан. Тэндээс мөнгөн медаль авахад нь баярлаад дэвжээгээр нэг юм болсон. /инээв/
–Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролыг сайжруулахад юунд анхаарах шаардлагатай гэж хардаг вэ?
–Би хүүхдээ 29 дүгээр сургуульд өгөөгүй. 29 дүгээр сургуулийн хувьд эцэг эхчүүд маш эмзэг байгаа. Бид эх хэлээрээ ярьж бичиж байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эх хэл нь дохионы хэл. Яагаад тэр хүүхдүүд дохионы хэлээ мэдэхгүй байхад, бичгийн хэл орж байна вэ? Бичгийн хэл заахын тулд дохионы хэлээ эзэмших ёстой. Гэтэл энэ сургуульд дохионы хэлний хичээл долоо хоногт нэг цаг л ордог. Үүнийг маш эмзэг хүлээж авч байгаа. Үүний тулд дуу хоолойгоо өргөнө.
Мөн би хүүхдийнхээ сургуулийг сэтгэл зүйчтэй болгомоор байна. Миний хүүгийн хувьд сонсох асуудлаа шийдсэн байгаа. Гэхдээ 50 хүүхдийн дунд аппаратаар сонсоно гэдэг тархи ядарна. Тиймээс тохируулах хэрэгтэй. Тэр тохируулгыг сургуулийн дэмжлэгийн баг надтай хамтарч хийх ёстой. Би нээрээ худлаа ч үгүй маш сайн судалж байгаа. Хүүхэд маань намайг их хөгжүүлж байгаа.
Ойлгохгүй, сонсохгүй. Тэгэхээр миний хүүд багшийн зааж буй хичээлийг тусад нь заах туслах багш хэрэгтэй. Энэ болгоныг ээж нь ярьсаар л явна, үргэлж.
Ярилцсанд баярлалаа.