ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж буйтай холбоотойгоор цахим сүлжээнд “Орос Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай адил байж”, “Оростой хийж буй худалдаа экспортын 1.3%, сүүлийн 20, 30-н жилийн гадаад худалдааны нийт алдагдал бараг ДНБ-тэй тэнцэнэ”, “Канад Орос, Беларусийн бараанд 35% ийн татвар нэмсэн нь Оросоос манайд ногдуулдаг татвараас даруй 2 дахин бага” гэх мэт постууд олноор тарсан.
Энэ агуулгыг нягталж өгөх хүсэлт уншигчдаас ирснийг Factcheck.mn нягталсныг хүргэж байна.
Factcheck:
Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад 2011 онд 96 сая долларын экспорт хийсэн нь 1995 оноос хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна. 2008 оноос хойш буюу 2009, 2016 онуудыг эс тооцвол импорт 1 тэрбум ам.доллар давж иржээ.
Монгол Улс 1990 оноос хойш 2020 он хүртэлх 30 жилд ОХУ-тай нийт 25.9 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 23 тэрбум буюу 89% нь импорт байна. Тус улсаас импортоор авч байгаа шатахуунд жилд тэрбум гаруй ам.доллар зарцуулж байна. Харин экспорт дунджаар нийт гадаад худалдааны 11 хувийг эзэлж байна.
2020 онд л гэхэд 1.5 тэрбум долларын худалдаа хийж, 1.4 тэрбум долларын алдагдал хүлээжээ. Тухайн жилд Монгол Улсын ОХУ-д хийсэн экспорт худалдааны 3.9 хувийг эзэлжээ.
(сая ам.доллар) | 1990-2020 он |
---|---|
ОХУ-тай хийсэн гадаа худалдаа | 25877.4 |
Экспорт | 2860.3 |
Импорт | 23015.7 |
Алдагдал | 20155.4 |
Энэ 30 жилд ОХУ-тай хийсэн гадаад худалдааны алдагдал 20 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
ОХУ дангаараа Монгол Улсад татвар ногдуулдаггүй, өөрөөр хэлбэл, Монгол Улс ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлоход Евразийн гаалийн бүсэд нэвтэрч байна гэсэн үг.
ОХУ, Казахстан, Беларусийн төрийн тэргүүн нар 2014 оны тавдугаар сарын 29-нд Алма-Атад уулзахдаа хуучин гаалийн холбоог өргөтгөх замаар Евразийн эдийн засгийн холбоог байгуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд Армен, Киргиз улсууд 2015 онд нэгдсэн бөгөөд Монгол Улс 2015 оноос Евразийн комисстой хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна.
Үүнээс гадна Евразийн эдийн засгийн холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад үйлчилдэг тарифын хөнгөлөлт буюу GSP хөнгөлөлтийн тарифыг манай улсад олгодог. Монгол Улс хөгжиж буй орон гэдгээрээ нэн тааламжтай тарифыг ашиглах бөгөөд үүнээс 25 хувийн хөнгөлөлт эдэлдэг байна.
ОХУ-д буюу Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф нь Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүн бүрд ялгавартай байна. Үүн дээр НӨАТ нь 20 хувь байдаг ба үүнийг тухайн худалдан авагч төлдөг.
Тиймээс Монгол Улс ОХУ-д хамгийн түгээмэл экспортолдог зарим бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг тооцож үзье.
- Адууны хөлдөөсөн махыг ОХУ-д экспортлоход ЕАЭЗХ-ны гаалийн тарифын дагуу 15%-ийн татвартай. Энэ бүтээгдэхүүн нь GSP-ийн жагсаалтад орсон тул дээрх 25%-ийн хөнгөлөлт тооцогддог тул нийт төлөх татвар 11.5% болж буурдаг байна.
- Жонш, зэсийн баяжмал зэрэг нь GSP-ийн жагсаалтад хамаардаггүй. Харин ЕАЭЗХ-нд гаргах татвар нь зэсийнх 3% бол жоншных 10% байна.
- Хонины ноос болон нэхмэл даавуун бүтээгдэхүүнүүдийн татвар 3-10% байдаг ба GSP-ийн хөнгөлөлт тооцогдохоор 2.25-8.7% болж буурдаг байна.
- Хивсэнд ногдуулах татварыг м2 тутамд 0.25 евро гэж тооцдог бол 80 градусаас доош агуулгатай архи, согтууруулах ундааны литр тутамд 1.5 еврогийн татварыг ногдуулдаг байна.
ОХУ-ын хэрэгжүүлдэг, Евразийн эдийн засгийн холбооны татварын энэхүү систем нь бусад улсад ч ижил мөрдөгддөг болохыг эдийн засагч Д.Адьяасүрэн тайлбарлалаа.
Энэ мэтчилэн 10 мянга орчим бүтээгдэхүүн тус бүрийн тарифын хувь хэмжээ ялгаатай ажээ.
Иймд дээрх мэдээлэл нь дэгсдүүлсэн, ТАШАА мэдээлэл байна.
Эх сурвалж: Factcheck.mn