Гаалийн байцаагч нар иргэдийн ачаа, барааг нэг бүрчлэн хянаж шалгаж буй дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ.
Иймд тухайн үеийн бараа шалгалт буюу Турк улсаас ирсэн карго ачааны хяналт шалгалттай холбоотой асуудлаар Гаалийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
"Өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 7-нд тухайн мэдүүлэгч ачаа тээшээ тус гаалийн газарт мэдүүлсэн. Нийт 19.9 тонн жинтэй ачаа буюу 472 ширхэг хайрцаг ачааг мэдүүлсэн. Ачаа тээшний өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг заавал байлцуулж байж тухайн ачааг задалж хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулдаг. Энэ тохиолдолд тухайн иргэн буюу мэдүүлэгч дуудахаар ирэхгүй, шалгуулахгүй гэх асуудал үүссэн. Ойлгуулж хэлээд өнгөрсөн тав дахь өдөр хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар 350 ачааг нь шалгаж дууссан. 120 ачаа нь хяналт шалгалтад ороход бэлэн байгаа. Одоогоор тухайн иргэн ирж ачаагаа шалгуулаагүй байна" хэмээн “Чингис хаан” ОУНБ-ын дахь Гаалийн газрын дарга Г.Баасандорж ярилаа.
ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа “Гаалийн харилцаанд орж буй иргэн бараагаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Иргэн Ю бараагаа гаальд мэдүүлсэн боловч 4-5 дахин дутуу мэдүүлсэн. Өнөөдрийн шалгалтын байдлаар 13,500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байгаа нь тогтоогдсон. Одоо 120 боодол ачаанд хяналт, шалгалт хийх дутуу байна. Тэгэхээр энэ тоо яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Гаалийн байгууллага хүндрэл учруулж байна гэж ярьж байсан. Тухайн хүн нь хяналт шалгалтын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг завдсан юм.
Чингис хаан нисэх онгоцны буудалд өдөрт 3-4 онгоц тогтмол буудаг. Ачаанууд рентгенээр шалгаад шаардлагатай ачаан дээр эрэлч нохой ажиллуулдаг. Зарим иргэн биет шалгалт хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан.
Тухайн иргэний мэдүүлсэн ачааг бодит байдалтай тулгаад үзэхээр анхнаасаа худал мэдүүлсэн байж болзошгүй үйлдэл байсан тул нарийвчилсан хяналт шалгалт хийсэн. Харьцуулахад худал мэдээлсэн байсан тул нарийвчилсан шалгалт хийж, гараар шалгасан.
Тухайн иргэний тухайд тээвэрлэлтийн зардлаа худал мэдүүлсэн. Ачаа бараагаа 22 мянган ам.доллар буюу 64 сая төгрөгөөр тээвэрлэлт хийлгэж авч ирүүлсэн. Бид тээврийн байгууллагатай холбогдоод тодруулахад "64 сая биш 308 сая төгрөгийн тээвэрлэлт хийгдсэн" гэсэн. Барааны нэр төрлөө худал мэдүүлсэн. Барааны тоо хэмжээг дутуу мэдүүлсэн. Зарим бараагаа огт мэдүүлээгүй байсан.
Иймд гаалийн байгууллага эрсдэлээ тооцож үзээд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Зайлшгүй шаардлагатай байсан тул байцаагч нараар хүч нэмэгдүүлэн шалгалт хийснийг цахим орчинд ингэж хүний ачааг үздэг, хүндрэл учруулдаг болчихсон юм уу гэх мэтээр сөрөг мэдээлэл өгч байсан" гэв.