Оросын ажиглагчид болон цөмийн зэвсгийн мэргэжилтнүүдийн дунд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж буйгаа мэдэгдсэн нь сул дорой, найдваргүй байдлын илэрхийлэл боллоо хэмээн шүүмжиллээ. Мөн цөмийн зэвсэг хэрэглэх тухай яриа хэлээ нь бүхий л хүчирхэг гүрний удирдагчдийн хувьд сайн шинж биш гэж шинжээчид дүгнэжээ.
ОХУ-ын эдийн засаг нь БНСУ-тай харьцуулахад ам.долларын нөөцөөр бага, газрын тос, байгалийн хийн зах зээлээс хамааралтай ч цөмийн хошуу бүхий 6000 зэвсэг нь ОХУ-ыг супер гүрэн болгож байгаа цорын ганц зүйл гэдгийг шинжээчид онцолж буй юм.
Путин цөмийн зэвсгээ идэвхжүүлж буйгаа АНУ болон түүний холбоотнуудыг Орос-Украины асуудалд цаашид хөндлөнгөөс оролцох, оршин тогтноход нь заналхийлж байгаа эдийн засгийн арга хэмжээнээс сэргийлэх зорилготой гэж тайлбарласан юм.
Путины мэдэгдлийн бодит үр дагавар юу болох нь одоогоор тодорхойгүй байна.
Түүний шийдвэрийг бөмбөгдөгч онгоцонд цөмийн бөмбөг ачиж, зөөврийн хөөргөгч дээр тив хоорондын баллистик пуужингуудыг тарааж, эсвэл олон тооны цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцнуудыг далайд гаргах шийдвэрт хүргэх үү эсвэл илүү захиргааны процесс буюу айлгах тактик байх уу гэдгийг урьдчилан хэлэхэд хэцүү байгаа юм.
Одоо НАТО-гийн холбоотнуудын хувьд тулгамдсан асуудал бол Украины оршин тогтноход шаардлагатай дэмжлэгээ хадгалахын зэрэгцээ хурцадмал байдлаас гарах өөр гарц байгаа гэдгийг Путинд тодорхой харуулах явдал юм гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: The Guardian