“Улаанбаатар хотын иргэдийн орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн урьдчилсан мэдээллийг барилгын компаниуд болон арилжааны банкнуудад танилцуулж, харилцан санал солилцох хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 10-нд боллоо.
Тус төслийг Азийн хөгжлийн банк болон “Уур амьсгалын ногоон сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлэх зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай байгуулсан бөгөөд энэхүү төсөл нь 2019 оноос хэрэгжиж байна.
Иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг барих ажил 2022-2027 оны хооронд 6 жилийн хугацаанд 5 үе шаттайгаар хэрэгжинэ. Ингэхдээ Улаанбаатар хотын зургаан шинэ дэд төвүүдэд нийт 100 га талбайд гэр хорооллыг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон 10 мянган айлын орон сууц бүхий эко хороолол болгон өөрчлөх юм. Төслийн 1 дүгээр үе шат Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Төслийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд нийцсэн хотын дэд бүтэц, нийтийн зориулалттай барилга байгууламжийг барих бөгөөд Нийслэлийн өмчлөлд байх “Түрээсийн орон сууц”, нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи бүхий “Орлогод нийцсэн орон сууц”, "Зах зээлийн үнэлгээтэй орон сууц”-ыг барьж байгуулах ажлыг гүйцэтгэнэ.
“Эко Хороолол ба Орлогод Нийцсэн Орон Сууцны Сан”-г төсөл хэрэгжүүлэх нэгж болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК үүсгэн байгуулж, удирдах ба тус сангийн санхүүжилтээр “Орлогод нийцсэн орон сууц”, “Зах зээлийн өртөг бүхий орон сууц”-ыг барьж, байгуулна.
Дээрх төсөл хэрэгжсэнээр:
-Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцаар хангах,
– Эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг багасгах
– Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах
– Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах
– Дэд төвийн иргэдэд үзүүлэх нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
– Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
– Төсөлд хамрагдах иргэдийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамруулж, дэд төвүүдэд ажлын байр нэмэгдүүлэх
зэрэг олон талын үр шимийг иргэд шууд хүртэх боломж бий болох талаар хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.