Дэлхийд олон төрлийн хөгжим байдаг ч Монголыг илтгэх ганц хөгжим нь морин хуур хөгжим юм. Аялгуу бүр нь амьд, өнө удаан түүхтэй, аль эрт 13-р зууны эхэнд Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн билээ. Тэгвэл морин хуур, уртын дууг хослуулан дуулдаг ҮУИТ-н уртын дуучин Т.Баатархүүтэй бид ярилцлаа. Тэрбээр үндэсний гэсэн тодотголтой бүхнийг настай хүмүүсийнх гэж боддогоо болих хэрэгтэй. Ардын урлаг, орчин цагийн хөгжмийг хослуулах олон арга бий гэсэн юм.
-Сайхан шинэлж байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу? Сайхан шинэлж байна уу та бүхэн. Намайг Түмэндэмбэрэлийн Баатархүү гэдэг. Хөгжим бүжгийн коллежийг МУАЖ Д.Түвшинжаргалын удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр төгссөн. 2015 оноос Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.
-Уртын дуучин мэргэжилтэй учраас хослуулж морин хуур тоглож сурсан уу?
Хөгжим бүжигт дуулаачийн ангид орсон. Тэгсэн морин хууртай дуулж бэлтгэлээ хийдэг. Морин хуур хөгжим маш их таалагдаад давхар сурмаар санагдаж тэгээд концерт мистер багшдаа шавь ороод анх энэ хөгжмийг сурч байсан.
-Морин хуур хөгжмийн онцлог юу вэ?
Н.Жанцанноров гуайн үгээр хэлчхээс бусад сонгодог хөгжим шиг тийм чадалтай хөгжим биш. Гол нь амьтай байдаг. Тиймээс амьд эгшиг аялгуу гардаг гэж Н.Жанцанноров гуай тайлбарласан байдаг. Үүнтэй би маш их санал нийлдэг. Дэлхийн олон орны хөгжим дундаас Монголыг тодорхойлох нь морин хуур шүү дээ. Хууртай айлыг бүтэн айл гэж үздэг байж л дээ. Тэгээд хуураа гэртээ залдаг байж. Монгол хуур гэж ямар байх ёстой вэ тэрүүгээр нь хадгалж байгаа. Тэр нь юу вэ гэвэл чавхдас нь адууны сүүл, царыг нь ямааны арьсаар хийсэн. Говь нутагт царыг нь ботго, ингэний цавины арьс зэргээр хийдэг. Энэ ширэн цартай, хялгасан чавхдастай хуур бол яг монгол хуур. Хадаг тавьдаг нь хуураа хүндэлж байгаагийн илрэл юм. Монголчуудын хадгийг хэрэглэх ёс, заншилтай давхар холбоотой. Хуур хөгжмийг жавар үргээнэ гэж ярьдаг. Монголчуудын олсон энэ ухаан өвөг дээдсийн ухаанаар бол зөн билэг, арга билгийн ухаанаар гэрт байгаа, хаа тогтсон газар муу юм мэдээж байдаг. Тэрийг хөөн зайлуулдаг олон зүйлсийн нэг нь хуур хөгжим. Хөгийг нь зөв тэгшлээд сайхан тоглоход муу юм үргээдэг.
"УРТЫН ДУУ БОЛ ЯАГААД Ч НАСТАЙ ХҮНИЙХ БИШ"
-Уртын дуу, морин хуур гэхээр зарим залуучууд их хол хөндий хүлээж авдаг юм шиг ээ. Зөвхөн настай хүмүүсийн хөгжим, дуу мэтээр ойлгох нь ч бий? Таны хувьд үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
Манайхны нийтлэг алдаа ардын дуу, уртын дуу, найр наадам, дээл хувцас зэрэг Монголчуудын үндэсний гэсэн болгоныг настай хүмүүсийн, өвөө, эмээ нарынх л гэж боддог. Энэ л хамгийн том буруу байна. Энийг л болимоор байна. Уртын дуу бол яагаад ч настай хүнийх биш. Ерөөсөө л Монголчуудын өөрсдийнх нь багаасаа л дуулж өссөн. Тэр байтугай анх уйлах нь хүртэл уртын дуу байлаа шүү дээ. Бараг тэгээд хэлчхэж болно. Уртын дууны хэмнэлээр, уртын дууны ая аялгуугаар хүүхдээ бүүвэйлж өсгөн, хүмүүжүүлсэн ард түмэн шүү дээ. Ардын урлаг жам ёсоороо хөгжих ёстой. Урагшлах ёстой. Тэрний нэг нь орчин цаг үетэйгээ нийлүүлээд залуучууд юу хүсэж байна. Нийгэм цаг үе ямар уур амьсгалтай байна тэрийг мэдээж дагалдаж, уялдаж явах ёстой. Залуучуудын, бидний алдчих гээд байгаа зүйл нь нэг зүйлээ хэтэрхий их барьчих гээд trap, R&B, хип хоп урсгал ч юм уу гоё байвал тийшээ бүгдээрээ хошуурчхаад байдаг. Энийг чинь гоё хослуулаад явах зөндөө олон гарц гаргалгаа байна.
-Таны хувьд цагаан сартай холбоотой ямар гоё дурсамж байдаг вэ?
Хувь тараана гэж байдаг байсан тэрийг битүүний өдөр авах их гоё байсан. Цагаан сараар айлд золгох, бэлэг хураах бага насны үеийн цагаан сарыг бодогдуулдаг. Шинийн хоёрны саранд 18, 19-тэй залуу халуун нас, хайр дурлалдаа шатаж явах үедээ хайртай хүнээ эхнэр минь болгож өгөөч гэж гуйж байсан. Бараг анхны хайр байхаа даа. Мэдээж хүссэнээр ч болоогүй л дээ. Яалт ч үгүй тэр цагаан сарын үеэр бодогддог. Одоо шинийн хоёрны сар гарахаар тэрийгээ бодоод инээд хүрээд байдаг юм.
"НАЙРАНД ДУУЛЖ БОЛОХГҮЙ ДУУ ГЭЖ БИЙ"
-Гаднын улс руу явахад монгол ахуй, монголыг санагдуулж байсан зүйл нь юу вэ?
Гадаадад оччихоод эргэж ирээд Монголын салхи гэдгийг хамгийн их ойлгож байсан. Бүгчим оронд байж ч таарсан юм уу ирээд л онгоцны буудал дээр бууж, наашаа явахдаа машины цонх онгойлгоход салхины мэдрэмж өөр байсан. Яагаад Монголын үнэртэй салхи гэж үгтэй дуу байдгийг ойлгосон. Б.Шарав гуайн алдарт дуу байгаа шүү дээ. Монголын тал нутаг ямар уудам юм бэ гээд тэр дуунуудыг хил алхаж байж л ойлгосон.
-Монголчууд уртын дуу ая хөгжимд цээрлэх ёс гэж бий юу?
Монголчуудын энэ найр наадам, уртын дуу, морин хууртай холбоотой цээрлэх ёсууд бас их байдаг. Мэдээж дуулсан дуугаа, тоглосон ая аялгуугаа дунд нь таслах, дутуу орхих, дутуу тоглох ч юм уу энэ бол мэдээж цээртэй байсан. Дуундаа, амнаас гарч байгаа үг болгондоо сайн сайхныг бэлгэдэж байсан учраас муу үгийг бараг унагадаггүй байсан юм билээ. Ялангуяа манай уртын дуун дээр цээрлэх ёс их байдаг. Дуулж болохгүй дуу, найранд дуулахыг цээрлэдэг гэсэн зөндөө дуунууд байдаг. Тэр чигээрээ гуниг харуусалтай дууг найранд дуулахыг цээрлэдэг.
-Ярилцлагын төгсгөлд залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Good night гэдэг үгийг хүн болгон мэднэ. Hi гэж жоохон хүүхэд ч мэднэ. Гэхдээ сайн уу гээд монгол үгээрээ мэндэлчих л хэрэгтэй. Яг үүнтэй адилхан өөрийнхөө мэдэж байгаа засаж болох өөрийнхөө бие дээр хэрэгжүүлж болох энэ зүйлээсээ өв уламжлалаа л хэрэгжүүлээсэй бодож байгаа. Түүнээс биш учиргүй ном товхимол уншаад л, хөдөө гадаа очоод настай хүнээс юм асуухдаа биш шүү.
-Манай уншигчдад цагаан сарын мэндчилгээ өөрийнхөө зүгээс дэвшүүлэхгүй юу?
Дайн болж байхад ч гэсэн хуучин цагт наадам таслаагүй юм гэсэн. Цагаан сараа таслаагүй юм гэсэн. Энэ нь цаагуураа бас нэг зүйлийг илэрхийлж байгаа байх. Өргөн дэлгэр битгий тэмдэглэ гэж цаанаас хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ах, дүү олноороо төрсөн гэр бүл дотроо тэмдэглэхийг хориогүй. Хориглож угаасаа болохгүй. Тэгэхээр таны дэргэд байгаа, халуун ам бүлээрээ сууж байгаа гэрийнхэнтэйгээ, ах дүү нартайгаа энэ сайхан ёс уламжлалаа дээдлээд, эрүүл саруул сайхан шинэлээрэй гэж хэлье. Удахгүй энэ аюулт өвчин арилж, монгол даяараа холын хамаатан садантайгаа уулзалдаж, наадам, цагаан сар үндэсний баяраа өргөн дэлгэр тэмдэглээсэй гэж хүсэж, ерөөл дэвшүүлье.
-Ярилцсанд баярлалаа