“UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын нэрэмжит “My Voice” шоу тэмцээний нэгдүгээр шатанд Төв аймгийн залуу уран бүтээлч Г.Тэмүүжин МУГЖ, дуучин Т.Ариунаагийн "Нандин учрал" дууг эрэгтэй хүнээс гарахааргүй уянгалаг хоолойгоор эвлэгхэн дуулж олныг гайхшруулсан бол хоёрдугаар шатанд поп дива Б.Сарантуяагийн дуулснаар олны хүртээл болсон “Салхины хээ” дууг тун ч гайхалтайгаар дахин тайзнаа амьдруулсан юм. Г.Тэмүүжин үндэсний өв соёлын нэг хэсэг болсон хархирааг энэхүү дуунд шигтгэж өгсөн нь шинэлэг зохицол болж үзэгчдийн зүгээс ч магтаал, сайшаалыг харамгүй хүртэж буй. Ингээд Төв аймгийн “Монгол туургатан” театрын хөгжимчин Г.Тэмүүжинтэй "My Voice" шоуны эргэн тойронд болсон сонирхолтой үйл явдал, яагаад урлагийн чиглэлээр явах болсон зэрэг олон зүйлсийн талаар ярилцлаа.
-Сайн байна уу, Сайхан шинэлж байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу? Сайхан шинэлцгээж байна уу? Та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Намайг Ганбатын Тэмүүжин гэдэг. Би Төв аймгийн Эрдэнэ суманд төрж өссөн. Одоогоор Төв аймгийн Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит "Монгол туургатан" театрт цохивор хөгжимчин мэргэжлээр ажиллаж байна.
-“My Voice” шоунд хэрхэн оролцохоор болсон бэ?
“My Voice” үндэсний контент уралдаанд орох болсон шалтгаан нь манай гэр бүл нөлөө үзүүлсэн. "Ийм гоё төсөл, үндэсний контент шоу эхэлж байна гэж байна. Чи бүртгүүл, ор" гэж шахаад. Би тухайн үедээ ажилтай тэгээд ч би бэлтгэлгүй байгаа гээд ямар дуу дуулахаа ч мэдэхгүй дотроо бодож байсан. Тэгсэн чинь манай том эгч явж очоод бүртгүүлчихсэн байсан юм билээ. Тэгээд ямар дуу дуулахаа найзтайгаа зөвлөлдсөн. Найз маань гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаагийн “Нандин учрал” дууг сонгож дуулъя гээд. Гэтэл миний санаанд ерөөсөө буудаггүй. Юу яриад байгаа юм бэ чи чинь одоо би эр хүн юу гэж эмэгтэй хүний дуулсан дуу дуулж байдаг юм гэсэн чинь эмэгтэй дууг эрэгтэй болгож сэргээж дуулах юм бол арай гоё үнэ цэнтэй. Дээр нь чи өөрийн гэсэн хэв маяг, орон зайтай дуулах юм бол нэгдүгээр шат маш гоё болох байх гэж хэлсэн. Тэгээд "Нандин учрал" дууг дуулж хоёрдугаарт шатанд шалгарсан.
Хоёрдугаар шатанд 56 оролцогч сонгож авсан. Хоёрдугаар шатанд 56 дууны нэр гарч ирээд оролцогчид маань шууд сугалж дуугаа сонгосон. Миний хувьд дуугаа сугалахдаа Монгол улсын гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа гэж алдартай хүний “Салхины хээ” гээд маш хэцүү дууг сугалчихдаг юм даа. "Салхины хээ" гэж энэ дуу 1999 онд уран бүтээл болж гарч ирсэн юм билээ. Дуу эхлэх юм бол ерөөсөө амьсгаа авах зайнаас гадна дуусдаггүй дуу. Бадаг дахилт нь ерөнхийдөө мэдэгдэхгүй, туульсын хөвөрч явдаг тийм дуу. Ямар ч байсан хөгжмийн найруулгыг бага зэрэг өөрчилж өөрийнхөөрөө дуулах гэж оролдсон. Энэ ташрамд хэлэхэд UBS телевизийнхээ хүчирхэг хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хувцаслалт тайз, нүүр будалт, дуучдын бэлтгэх заал, орон зай бүх юмыг бэлддэг. Маш олон хүн тайзны ард ажиллаж байдаг.
"БИЕ БИЕНЭЭ ХҮНДЭЛЖ, ЧАДАХ ЧАДАХААРАА ТУСЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БОЛЧИХСОН НИЙГЭМ"
-Яагаад урлагийн замыг сонгох болсон бэ? Юу таныг хөгжим, дуу руу ингэт л нь хөтөлж дурлуулав аа?
Урлагийн замыг сонгох ёстой шалтгаан нь миний ээж, аав шууд холбоотой. Хамгийн сайхныг ээж, ааваасаа мэдэрч байсан. Аав, ээжийнхээ хөгжимдөж, дуулахыг харахад бага байхдаа их гоё мэдрэмж мэдэрсэн. Тэр ч утгаараа хөглөгдөн Төв аймгийн Эрдэнэ сумын хөгжмийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Александр Андрей гэж багшийнхаа шавь болж хоёрдугаар ангиасаа одоог хүртэл багшаасаа суралцаж урлагийн замаараа, дуртай амьдралаараа амьдарч явна. Ерөнхийдөө миний хобби бол урлаг. Тиймээс би урлагт дуртай биш бүр хайртай.
-Одоо Төв аймгийн театрт ажиллаж байгаа гэсэн. Театрт ажиллахын давуу тал нь юу вэ?
Орон нутгийн театрт ажилласнаараа маш их давуу талтай шүү дээ. Яагаад гэвэл бид хэд чинь дутуугаа дүүргэдэг. Манай бүжигчдээс хоёр пар дутчих юм бол манай драмын хоёр гараад бүжиглэчихдэг. Орон нутгийн театр ажилласнаараа өөрөө хүн давхар хөгжиж байдаг гэж ойлгодог шүү.
Жүжигчний мэдэхүй, тайзан дээрээ яг яах ёстой вэ, драмын жүжигт тоглоход ямар хэцүү байдаг, юунаас эхлээд юу хүртэл явдаг үнэн төрхийг би биеэрээ үзсэн. Би энэ театрт тав дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд гэртээ хоёр сайхан охиноо харна. Аавыгаа дуурайсан. Би чинь бас хааяа охидууддаа хоолыг өгөхдөө ширээ хэмнэлтэй тогшдог. Тэгээд охиндоо сэрээ, халбагыг нь өгөхөөр охин минь яг л тэгж дуугаргаж тогшдог. Сонсгол маш сайтай.
-Эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж байсан бэ? Гэр бүлийнхээ тухай танилцуулахгүй юу?
Миний эхнэрийг Б.Гүнбилэг гэдэг. Эхнэртэйгээ долоон жилийн өмнө танилцаж байсан. Долоон жилийн өмнө би чинь бэлхүүсээрээ татсан урт үстэй байлаа. Эхнэр минь үсчин, гоо сайханч мэргэжилтэй. Тэгээд очиж үсээ угаалгасаар байгаад л аваад суучихсан даа. Манай гэр бүл дөрвүүлээ аз жаргалтай сайхан амьдарч байна.
Ээж, аав маань их даруухан хүмүүс байдаг. Одоог хүртэл ээж, аавыгаа харж байхад хүнлэг чанар сайтай, аль болох нээлттэй, их ойлгомжтой сайхан тусч хүмүүс байдаг. Тийм болохоор би тэр чанарыг нь алдагдуулахгүй, өвлөж авч явах юмсан, чадах юмсан гэж их боддог. Одоо би хүн амьтан ингээд, тэгээд өгөөч ээ гэх юм бол өө тэгье, чадъя гээд л уриалгахан зөвшөөрч тусалдаг. Хүнд тусаллаа гээд надаас юу унах юм бэ тийм ээ. Өнөөдөр бие биенээ хүндэлж, чадах чадахаараа тус дэм болохгүй бол болохгүй болчихсон нийгэм шүү дээ.
"ХӨГЖМИЙГ БИ АМЬТАЙ ГЭЖ БОДДОГ"
-Ингэж сайхан дуулахад хөгжмийн ая эгшгийг мэдэрч хөгжим тоголдог авьяастай нь салшгүй холбоотой байх даа?
Хөгжмийг би амьтай гэж боддог. Хүний хэлэх гээд байгаа юмыг хэлээд байдаг юм шиг. Манай багш хөгжмийн багш учраас эхлээд урлагийн хүн болох юм бол эхлээд хөгжмийн боловсролтой бол, дараа нь чи хүссэн дуун дээрээ өөрөө ямар ч хөгжмийг тоглож дуулж болно гэсэн тийм онолыг анх зааж байсан.
-Таны хувьд найз нөхөр гэж хэн бэ? Ярианаас тань ажихад найзтайгаа их зөвлөлддөг юм шиг санагдлаа?
Найз нөхөр гэх юм бол ерөөсөө шууд ямар ч газар үнэнийг хэлдэг хүнийг хэлдэг. Болж, бүтэхгүй бүгдийг нь хэлдэг. Болж байгааг нь дэмжээд жаргал, зовлон бүх үе дээр хамт байж чаддаг тэрийг л би найз нөхөд гэж боддог. Энэ уралдаан тэмцээнд ороход миний ард найз минь хоёулаа дуулалтаа ингэе, найруулгаа ингэе, тэгье гээд л үнэхээр чадлаараа тус дэм болж байгаа. Найздаа баярлалаа гэж хэлье.
MY VOICE ШОУГАА ДУУССАНЫ ДАРАА ӨӨРТ ТОХИРСОН ЖАНРАА СОНГООД ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ
-Үсээ хэр удаан ургуулж байна вэ? Үстэй нь холбоотой сонирхолтой зүйлс олон болдог байх даа?
Одоо миний үсний ийм байгаа нь эхнэрийн маань л ач шүү дээ. Урт үстэй анх дөрөв, таван жил болж байсан. Аав болсноосоо хойш авсан. Эргээд ургуулахгүй бол зохихгүй юм байна гээд үзэл бодол бас өөр шүү дээ би чинь тэгээд буцаагаад ургуулсан. Амьд хөгжимд дуртай, хайртай. Урт үстэй, үсээ задгай тавиад тайзан дээр кайф мэдрээд дуулах сайхан байдаг. Урт үснээс чинь болж их юм болно. Нэг удаа өвөл нэлээн урт үстэй байхдаа чихээ дараад боочихдог байсан. Өвөл нэлээн хүйтэн. Цүнхээ үүрчихсэн багшийн дээд дээр алхаж байсан чинь араас машин сигналдаад болдоггүй. Өөр хүн рүү л сигналдаж байгаа байлгүй гээд тоохгүй алхаж байтал сигналдаад л болдоггүй. Тэгсэн хажууд нэг машин ирлээ. Сигналдахаар нь харсан чинь мөн биш, мөн биш гээд л тэгэхээр нь яасан хөгшөөн гэсэн чинь би хэлээ биз дээ эрэгтэй гэж, барьсан шүү чамтай гээд би бүр тухайн үед инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг муухайн санагдаж байгаа юм чинь. Доромжлоод ч байгаа юм шиг хөөе чи юу гэнээ хөөе гэсэн чинь хазаа гишгээд яваад өгсөн. Хойно нь энэ ямар хогийн гарууд вэ гээд л уурлаад үлдэж байгаа юм чинь. Тийм онигоо болж байсан.
-Цаашид та юу хийхээр төлөвлөж байна вэ?
Миний дуулах дуртай жанр, урсгал гэх юм бол поп рок урсгал байдаг. Цаашдаа ямар ч байсан энэ контент шоуныхаа ард амжилттай сайхан гарсныхаа дараа поп рок энэ урсгалаараа өөрийнхөө дуртай би яг хэн бэ, би яг юу дуулах гээд байна гэдгээ илүү тодорхойлоод шинэ уран бүтээл хийе гэж зориглож байгаа.
Монголын өв соёл болсон уламжлалт цагаан сараараа идээ ундаа нь элбэг дэлбэг, хамгийг гол нь эрүүл саруул, энх тунх байж шинэ сараа сайхан угтаарай гэж сар шинийн мэндийг олон түмэндээ дэвшүүлье.
-Ярилцсанд баярлалаа