Эрт дээр үеэс уламжилж ирсэн төрт ёсны цагаан сарын баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан угсаатан судлаачаас цагаан сарын баярын талаар болон Монголчууд эрт дээр үеэс цээрлэж, билэгдэж ирсэн ёс уламжлын талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ цагаан сарын баяр 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй мөн цагаан сарын идээ ундааг овоотой тахилтай зүйрлэж тавьдаг зэрэг бидний мэдэхгүй олон сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцсан юм.
Энэ талаар ШУА-ийн түүх угсаатны зүйн хүрээлэнгийн нийгэм соёлын хүн судлалын салбарын эрхлэгч Ц.Бямбарагчаа "Монголчуудын цагаан сар гэдэг ойлголт эртнээс нааш тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Ураг удам гэхээсээ илүү төр ёсны уламжлалыг өөртөө агуулсан Монголчуудын түүхэн соёлын өв болсон баяр наадам. Түүхэн сурвалжаас харахад 2000 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй. Янз бүрийн ёсууд байна л даа. Битүү хагалах ёс гэж байна эсвэл айлын эхнэр нөхөр хоёр хонины толгой чанаад эрүүний хоёр талаас нь барьж байгаад заах эсвэл билүү чөмөг хаах битүүлэх ёсны тухай. Идээ бол анхнаасаа Монголчуудын хувьд овоо гэсэн ойлголтыг агуулж байсан. Өөрөөр хэлбэл овоо гэдэг бол хамгийн өндөр дээд газар тавьдаг хамгийн ариун газар гэж үздэг. Тийм учраас овоогоор дамжуулж ертөнцийн мод гэдэг дээр доор хоёр ертөнцийн холболтын үүрэг гүйцэтгэдэг зэрэг утга агуулга байдаг.
Монголоор явсан жуулчдын тэмдэглэлд байдаг. Монголчууд хамгийн хүндэтгэлтэй хүндээ хонь гаргаж өгдөг гэж. Тэгэхээр энэ бол ерөөсөө цэвэр хүндэтгэлийн идээ. Цээр ёс гэдэг бол аль болох хүнээс муу үг гарахгүй, муу үйл хийхгүй гэх зэрэг ийм л зүйлийг хэлж байгаа юм. Зөвхөн хорио цээр гэхгүй билэгдлийн асуудал. Жишээ нь говийн бүс нутагт Монголчууд эртнээс цагаан сарын шинийн нэгний өглөө гараад хамгийн эхэлж хийдэг зүйл байна. Буур аль зүг рүү харж хэвтэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Тухайн буур аль зүг рүү харж байна тэр зүг рүү ирэх жилдээ өнтэй, цаг сайхан байхыг бэлэгддэг. Айл гэрийн үүд босго гэдэг өөрөө хил хязгаар байдаг.
Хүн гарахдаа үүдээр бүдэрч гарвал тэр хүний дайтай гарлага гардаг гэж үздэг. Тийм учраас ороод заавал галд нь мод хийнэ. Галд нь мод хийнэ гэдэг нь галын бурхныг тахиж байгаа хэлбэр. Цээр ёсоор энэ чинь нэг ёсондоо сурган хүмүүжүүлэх арга. Малгай буруу харуулах нэг л ёс байдаг. Хүн нутаглуулахад л өмсдөг. Яагаад явган сууж болдоггүй юм. Явган сууна гэдэг нь хүн нутаглуулахад хэзээ ч хүн сандлаа авч явдаггүй. Тийм учраас хүн явган суудаг. Өнгөрсөн намрынхаа хураасан хамгийн гоё сайхан идээгээ л цагаан сараар тавьж байгаа юм. Үүгээр дамжуулж ирэх жилийнхээ цагаан идээний элбэг дэлбэг байхыг бэлэгддэг учраас аль болох цагаан идээ элбэгтэй байх ёстой.
Ер нь бидний хамгийн ойрын жишээ бол 1952 он. Яагаад 1952 онд тэмдэглээгүй вэ гэхээр тэр жилийн өвөл Чойбалсан нас барсан. Тийм учраас тэр жил цагаан сар тэмдэглээгүй. Тэмдэглээгүй нь бидний мэдэж байгаагаар түүхэнд тэр л байна. Бусад ямар ч үед тэмдэглэж байсан. Цагаан сар бол Монголчуудын хувьд төр ёсны болоод ураг удмын хамгийн том чухал баяр ёслол байсаар ирсэн. Үндэсний ганцхан баяр гэж хэлж болно. Баярын утга учир мөн чанарыг Монголчууд сайн ойлгож байх хэрэгтэй. Тийм учраас та бүхэн энэ үйлийг үргэлжлүүлээд сайхан шинэлцгээгээрэй гэж хэлье" гэлээ.