Бид өдрийн турш нойрмоглож, ажил хийх сонирхолгүй болох, бие нь зовуурлах тохиолдол элбэг байдаг. Тэгвэл бидний тархи энергигүй болсон учраас үйл хөдлөл, сэтгэн бодох чадвар удааширдаг байна. Яагаад тархи энергигүй болдог, мэдрэлийн ядаргаа гэж үнэхээр байдаг эсэх болон хэрхэн тархиа гэмтэхээс сэргийлж болох талаар УНТЭ-ийн мэдрэлийн эмнэл зүйн төвийн их эмч Б.Энхзоригтой ярилцлаа.
-Тархи гэж чухам ямар эрхтэн бэ? Яаж ажилладаг вэ?
Толгой бүх юмыг удирдана. Тархи чинь унтах, сэрэх, босох, бодох, сэтгэх, ажиллах, зүрхний цохилтыг хурдан, удаан болгох хүртэл бүгдийг нь удирддаг. Байнгын зогсолтгүй ажилладаг. Тархи нь хүний идэж байгаа хоол хүнс, гаднаас авч байгаа энергийн 20 хувийг дангаараа ашигладаг. Гэхдээ биеийн жингийн таван хувийг эзэлдэг хэрнээ бусад эрхтнээс илүү их энерги шаарддаг. Хоолоо идэхгүй болохоор хүн удаан болчихдог, юм хийж чадахгүй, сэтгэхгүй болчихлоо гэдэг чинь тархины хэсэгт энерги багасахтай холбоотой. Шөнө ч амардаггүй. Өдөр нь цуглуулсан мэдээллээ цэгцэлж байдаг. Тархинд ажилладаггүй хэсэг гэж ерөөсөө байхгүй. Кинон дээр тархины тав, арван хувийг ашигладаг гээд байдаг. Тийм юм гэж байхгүй гэсэн үг. Тархинд судаснууд ороод судсаараа дамжиж цус ордог. Судасны ханаараа дамжиж нэвчиж тэжээлээ дамжуулдаг. Тархи нь бусад эрхтнийг бодоход эмзэг эрхтэн. Хөлийн булчин эсвэл элэг ч юм уу гэмтлээ гэж бодоход буцаад сэргэдэг, нөхөн төлждөг. Харин тархи гэмтчихвэл буцаж сэргэдэггүй. Хүний тархи 20 нас хүртэл хөгждөг. Үүнээс хойш байгаа нөөцөө л ашиглана. Нэг үгээр шинэ мэдрэлийн эс үүсэхгүй гэсэн үг. Гэмтвэл тархинд байгаа эсүүд цөөрөөд л байгаа юм.
-Тархи юунаас болж гэмтдэг вэ?
Гэмтээж байгаа хүчин зүйлд архи, тамхи, агаарын бохирдол, үйлдвэрлэлийн тоосжилт зэрэг нь ордог. Энэ нь судсаар дамжихдаа жижиг судсыг бөглөөд байдаг. Гэтэл тархин дотор маш их хэмжээний жижиг судаснууд байгаа. Тэгэхээр ийм байдлаар удаан үргэлжлээд тархинд тэжээл очихгүй бол тархины тухайн хэсэг үхэж эхэлдэг. Нэгэнт үхчихсэн тархи дахиж төлжихгүй шүү дээ. Тархины нэг хэсэг ажиллахгүй үед нөгөө хэсэг нь дангаараа ажиллаж чаддаг. Гэхдээ хязгаарлагдмал нөөц шүү дээ. Тиймээс олон удаа гэмтээж болохгүй. Зөнөсөн гэдэг чинь тархины ой санамж удирддаг хэсэг гэмтчихэж байгаа гэсэн үг. Тархийг хэр бага гэмтээнэ төдий чинээ урт насална.
-Тархиа гэмтээхгүйн тулд юун дээр анхаарах шаардлагатай вэ?
Гэмтээхгүй байхын тулд тархиа гаднаас нь доргиож болохгүй. Мотоцикл, морь унадаг хүмүүсийг дуулга өмс гээд байдаг. Боксчдыг ч гэсэн IQ-г шалгаад муудаад ирэхээр нь хэтэрхий их гэмтэл авч байна гээд бокс тоглох эрхийг нь цуцалдаг. Зүрх судасны өвчин буюу даралт ихдэлт, өөх тос ихдэх зэрэг нь тархи руу очих тэжээлийг бөглөчихдөг. Даралт хэтэрхий их байхаар судасны ханаар тэжээл нь нэвчиж орж чадахгүй болчихдог. Хэтэрхий их даралт ороод ирвэл тархи өөрийгөө хамгаалах процесс хийгээд шууд зогсоочихдог. Тэгэхээр хэвийн даралттай байснаар тархи руу тэжээл очно. Тодорхой цагийн хуваарьтай хоол идэх хэрэгтэй. Нэг сайн идчихээд өдөржингөө гүйгээд байж болохгүй. Шаардлагатай үедээ шаардлагатай энергиэ авдаг учраас ажлын ачааллаасаа шалтгаалж хооллох хэрэгтэй. Магадгүй шөнийн ажил хийдэг бол шөнө тархины чинь ачаалал нэмэгдэх гээд байгаа учраас оройны хоол нь чухал, өглөө эрт ажил ихтэй байдаг бол өглөөнийхөө цайг сайн уух хэрэгтэй.
-Хүний нас нэмэгдэх тусам тархины эсийн тоо буурдаг. Тэгэхээр энэ нь шинэ юм сурахад нөлөөлдөг үү?
Эсийн тоо чухал биш. Хоорондоо хэр холбоотой байна вэ гэдэг нь чухал. Нэг эс нөгөө эс рүүгээ нарийхан утаслагаар бие биетэйгээ холбогддог. Тэр шинэ холболт үүсэж байгааг бид юм сурч байна гэдэг. Тэр холболтууд бат бөх байх тусмаа тухайн зүйлээ сайн сурна.
-Холболтыг сайжруулахын тулд яах ёстой вэ?
Ерөөсөө л олон дахин давтах хэрэгтэй. Нэг үйлдлээ олон дахин давтаж байж автоматаар шүдээ өдөр бүр угаадаг шиг л хийдэг болно.
-Тархины хэсэг бүр нь өөр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг уу?
Духны хэсэг өөрийгөө удирдах, зан аашийн хувирлын хариуцдаг. Зулайн хэсэг хөдөлгөөний хэсгийг хариуцдаг. Саажилттай болсон байна гэдэг нь тархины зулайн хэсэг гэмтсэн байдаг. Ярьж чадахгүй, сонсоод ойлгохгүй болчихсон гэдэг чинь чамархай хэсэг гэмтсэн гэсэн үг. Солонгос кинон дээр тархи гэмтээд юм харахаа болчихлоо гээд байдаг. Тэгэхээр тэр хэсэг дагзанд бий. Дагзны хэсэг нь гэмтээд цус хурчихсан ч юм уу, дарагдал үүсчихдэг. Гаднаас ирсэн юмыг нүд хүлээж аваад тархи руу өгөөд тархины дагзны хэсэг тэрийгээ боловсруулаад харж байна гэсэн үг. Тэгэхээр нүд зүгээр хэрнээ дагз гэмтчихвэл хараагүй болчихно.
-Тархинд хүчилтөрөгч дутагдвал юу болох вэ?
Тархи хүчилтөрөгчийн хэрэгцээ өндөр учраас агаарт сайн гарах хэрэгтэй. угаартчихлаа гэдэг чинь тархинд очих ёстой байсан хүчилтөрөгч очихгүй болохоор ухаан алдчихаж байгаа юм. 5-аас дээш минут болоход хүчилтөрөгчийн хэрэгцээ багасаад тархи үхээд эхэлдэг. Тэгэхээр угаар чинь хортой. Живсэн хүн ч мөн адил хүчилтөрөгчгүй болж тархи сэргэдэггүй.
-Залуу хүн ч гэсэн мартамхай болж болох уу? Энэ нь хэвийн үзэгдэл үү?
Тархинд нэмэлт ачаалал өгөхөөр ажиллаад л байдаг. Тэгэхээр байнга хийдэггүй зүйлээ мартаж болно. Мартахгүй байя гэвэл байнга хийгээд хэвшил болгох л хэрэгтэй. Эхний удаа хийхэд хамгийн хэцүү. Тэгэхээр шууд автоматаар хийхийн тулд олон дахин давтамжтай хийх л хэрэгтэй.
-Хоногт бага цагаар унтах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
Бага унтахаар тархи мэдээллээ цэгцэлж амждаггүй. Мэдээллүүд хуримтлагдаад их болчхоно. Боловсруулагдаагүй учраас хаана юу байгаа нь мэдэгдэхгүй эмх замбараагүй гэсэн үг. Тэгэхээр удаан болчихдог. Том хүн өдөрт 6-8 цаг унтах ёстой. Ингэснээр мэдээллээ бүтэн боловсруулдаг. Үүний тулд чанартай унтах ёстой. Дунд нь сэрэхгүй байх ёстой. Шөнө гэрэл тусахгүй, чимээ шуугиан гарахгүй, биед ямар нэгэн зовуур байхгүй байх ёстой.
-Хүмүүс мэдрэлийн ядаргаанд орчихлоо, ядраад байна гээд байдаг энэ юутай холбоотой вэ?
Хөдөлгөөн байхгүй болохоор биед орсон энерги боловсорч, задрахгүй зогсонги байдалд орчихдог. Тэгэхээр байгаа энерги чинь дуусна шүү дээ. Үүнийг бид тархи ядарлаа, мэдрэлийн ядаргаанд орчихлоо гэж яриад байдаг. Биед чинь байгаа энерги байхгүй болчхоор хөшчихдөг. Булчингууд хөдөлгөөнгүй байснаас болоод өвдөлт өгдөг. Үүнийг хүмүүс тархи нь өвдчихлөө гэж яриад байдаг. Тиймээс биеийн бүх хэсэгт цус очиж байж бие амарна. Бие тайван байж, өвдөлтгүй байвал шөнө тайван унтана. Тайван унтана гэдэг чинь мэдээллээ сайн боловсруулна. Тархи ядраад хийж байгаа ажлаа удаан хийгээд байвал түр завсарлага авах хэрэгтэй. Тархи нэг ажлаа хийгээд байхаар циклд ороод автомат болчихдог. Зохион бүтээх гэдэг юм чинь байхгүй болчихдог. Тэр эргэлдээг нь гаргаж байж буцаад ажилдаа орж байж бүтээмж нь сайжирдаг.
-Ядаргаанд орчлоо гээд хүмүүс янз бүрийн эм тариа, витаминыг дураараа хэрэглэдэг. Тиймээс эмчилгээний тухай зөвлөнө үү?
-Дураараа эм тариа хэрэглэж эмчилгээ хийж эхлэхээсээ өмнө эхлээд өвчнөө ойлгох хэрэгтэй. Өвчнөө ойлгохгүйгээр мянган эм, эмчилгээ хийгээд ч эдгэхгүй. Тухайн хүн хамгийн эхлээд өөртөө илэрсэн өвчнөө таньж мэдэж, ойлгосноор тэр хүний өвчин эдгэрнэ. Иймд тухайн өвчтөн хамгийн эхлээд өөрөөсөө эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө эмчилнэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Эмээс илүүтэй ядаргааг үүсгээд байгаа шалтгаан, хүчин зүйлээс салж байж ядаргаа алга болно. Тэгэхээр эхлээд хөшиж, чилсэн булчингаа суллаж, энергиэ боловсруулж дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнсээ зохицуулахаас эхэлнэ. Энэ ямар ч эмээс илүү хурдан тэнхрүүлнэ.
-Ярилцсанд баярлалаа.