Хүүхэд байхдаа автобусныхаа мөнгөөр англи ном худалдан авч, хэлээ сайжруулахыг хичээдэг байсан. Үүний үр дүнд тэтгэлэг авч чадсан гэх Good foundation forming ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Энхмөрөнг бид энэ удаа онцолж ярилцлаа. Залуучуудад тэтгэлгээр гадаад суралцах ямар боломж байдаг, мөн тэтгэлэгт хамрагдахын тулд анхаарах ёстой зүйлсийн талаарх зөвлөгөөг уншигч танд хүргэе.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу? Намайг О.Энхмөрөн гэдэг. Би Good foundation forming ХХК-ийн үүсгэн байгуулагч байна. Мөн International American University–н Ази дахь салбарыг хариуцсан захирал. Монголд ирээд дөрвөн сар үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Тэтгэлгээр гадаадад сурах хүсэлтэй залуучуудад та чухал гэсэн зүйлсийг зөвлөөч?
-Тэгэхээр хамгийн түрүүнд тэтгэлгийнхээ мэдээллийг унших нь зөв. Хоёрдугаарт өөрсдийнхөө голчийг сайжруулах. Жишээ нь бакалаврт суралцах гэж байгаа бол 10 жилийн дүн дор хаяж 90-ээс дээш байх хэрэгтэй. Дээрээс нь маш олон сайн дурын ажил хийх нь тэтгэлгийн нэг шалгуур болж өгдөг. Монгол залуучуудын дутагдалтай зан чанар нь шүүмжлэлт сэтгэлгээ бага байдаг. Эссэ маш бага бичдэг гэсэн үг. Өөрийнхөө юу хүсэж байгаа, яагаад мэргэжлээ сонгосон тухай маш сайн эссэ бичиж сурах хэрэгтэй гэсэн үг. Гуравдугаар чухал зүйл бол мэдээж хэл сурах. Англи хэлтэй оронд сурмаар байвал Англи хэлээ сайжруулах хэрэгтэй. Англи хэл бол дэлхийн хэл. Ielts-ийн 6.5-7 оноо, Toefl-ийн 80-90 оноотой байж тэтгэлгийн шалгуур хангадаг. Ингэхийн тулд англи хэлээ маш сайн бэлдэх хэрэгтэй болж байгаа юм. Зарим хүүхдүүд 12 дугаар ангидаа ороод бэлдэнэ дээ гэж бодох нь өрөөсгөл ойлголт. Үнэхээр сайн сургуульд орохыг хүсвэл дунд ангиасаа бэлдэх юм бол дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцэх магадлал маш өндөр гэсэн үг.
-Хэрхэн үр дүнтэй сурах талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Миний хувьд олон сургалтын төв мэдэхгүй байна. Манай сургалтын хувьд чиглэл болгоноор ордог. Яриа нэг өдөр, дүрэм нэг өдөр, бичиг нэг өдөр, сонсгол нэг өдөр, унших нэг өдөр гэх зэргээр дөрвөн чадвар шалгадаг учраас нэмэх нь дүрэм ороод бэлддэг гэсэн үг. Тийм ч учраас үр дүнтэй бэлдэнэ. Гэрээрээ бэлддэг хүүхдүүд байх юм бол орчуулга маш сайн хийх хэрэгтэй. Мөн багаасаа хүүхэлдэйн кино үзээд байх юм бол сайжирна гэсэн үг.
Сургалтад явах гэж байгаа бол ядаж багшийнхаа олон улсын шалгалтын оноог хардаг байх хэрэгтэй гэж бодож байна.
-Таны хувьд хэрхэн Англи хэл сурав?
-Би англи хэл сурахын тулд маш их хөдөлмөр гаргасан. 21 өдөр л багштай байж үзсэн. Бусад үед нь бие дааж хичээллэдэг байлаа. Намайг жаахан байхад урт цагаан дээр 100-гийн ном гэж зардаг байсан юм. Тэрийг автобусныхаа мөнгөөр аваад гэр лүүгээ алхаж очдог. Харьчихаад л О.Алтангэрэлийн толь бичгийг хараад л орчуулж гардаг байсан юм. Ингэж явсаар ганц нэг гадаад хүн таньдаг болчихсон. Өөрийнхөө хэлийг сайжруулах гээд, тэднийг дэлгүүр явахад нь орчуулга хийж өгье гээд л дагадаг байсан. Тэгэхээр хэл сурна гэдэг тухайн хүний онцлог, юу хийх дуртайгаас хамаарна. Нэг гадаад зүйл харвал орчуулдаг. Гадаад хүн таарвал “hi” гээд яриад байх хэрэгтэй. Ичээд байхаар хэл сурахгүй байх тохиолдол байдаг. Эх орондоо ч гэсэн хүмүүстэй яриад сурч болно шүү дээ.
-Тэтгэлгийн талаарх мэдээлэл хаанаас авах вэ?
-Би “Дэлхийн тэтгэлэгт хөтөлбөрийн гарын авлага А-Я” гэдэг ном энэ сард гаргаж байгаа. Үүн дээр манай Монголд олгодог Засгийн Газрын бүх тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мөн дэлхийн шилдэг их сургуулийн талаар тив тивээр ялгасан мэдээллүүд байгаа. Тэрнээс гадна тэтгэлэг хайж болох www.scholars4dev.com гээд маш олон төрлийн веб сайт бий. Эндээс та бүхэн мэргэжлийн хувьд, ямар түвшинд суралцах талаас мэдээлэл авч болно гэсэн үг. Энэ веб сайтад байгаа сургуулиудыг шалгаж үзэхээр ямар тэтгэлэг, яаж шалгуулах ёстой нь гараад ирнэ. Тэтгэлэг авахад хамгийн гол нь хоёр багшийн тодорхойлолт, зорилго тодорхойлсон захидал, Англи хэлний дүн болон голч дүн хамаарна. Би өөрөө Тайванийн Засгийн Газрын тэтгэлгээр суралцсан. Эхлээд бүтэлгүйтсэн. Дараа нь яг авна даа гэж хичээж эхэлсэн. Ингээд англи хэлээ улам сайжруулаад өргөдлөө өгөөд л тэнцсэн. Тэгэхээр хүүхдүүд нэг удаа унаад урам хугарах хэрэггүй. Хоёр удаа, үгүй бол гурван удаа оролдоод үзээрэй. Бас нэг газар өгөх биш маш олон боломжтой газар өгөх хэрэгтэй.