2022 оны 1-р сарын 1-ээс ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ хуулийн талаар таны заавал мэдэх ёстой 10 зүйлийг хүргэе.
Энэхүү хуулийн хамрах хүрээ нь өмнөх хуулиасаа өргөжсөн. Өөрөөр хэлбэл албан болон албан бус ажил хийж байгаа хөдөлмөр эрхэлж буй хүн болгонд энэ хууль хамаарч үйлчилнэ.Мөн Хөдөлмөрийн маргаантай асуудлыг хурдан шуурхай, бага зардлаар шийдвэрлэх боломжийг хангах үүднээс шүүхийн өмнөх шатанд ААН, байгууллага дотроо шийдвэрлэх, эсвэл сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх хороогоор асуудлыг шийддэг болсон. Мөн Хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой суурь эрхүүдийг хангаж өгснөөрөө онцлог юм.
1. Ялгаварлан гадуурхалттай холбоотой, ажлын байрны дарамт хүчирхийлэл, албадан хөдөлмөрлөхийг хориглохтой холбоотой, эвлэлдэн нэгдэхийг хориглохтой холбоотой, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтууд энэ хуульд орсон.
2. Хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхгүй гэсэн заалт нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл ажилтнаас ямар нэг байдлаар бичиг баримт, эд зүйл, мөнгөн хөрөнгө барьцаалж болохгүй. Гэхдээ диплом, баримт бичгийг байгууллага хуулбарлан авч болно. Хөдөлмөр эрхлүүлэхийн тулд барьцаа шаардсан бол МХЕГ-т, хөдөлмөрийн эрхийн маргаан шийдэх хороонд хандаж, гомдол мэдүүлэх эрхтэй.
3. Ажлын байранд хүчирхийлэл, бэлгийн дарамт учруулсан бол яаж шийдэх вэ гэдгээ эсвэл урьдчилан сэргийлэх дүрэм журмыг байгууллагадаа тогтоох ёстой. Тогтоогоогүй бол Зөрчлийн тухай хуулиар байгууллагад хариуцлага хүлээлгэнэ.
4. Хувь хүний нууцыг хадгалж, хамгаалахтай холбоотой зохицуулалт орсон. Өөрөөр хэлбэл, ажилтны талаарх мэдээллийг хязгаартай цуглуулах ёстой. Ажил үүрэгтэй харилцах зорилгогүй бол ажилтны хувийн мэдээллийг нь цуглуулахгүй байх хэрэгтэй.
5. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
6. Уул уурхайд ажиллагсад 14 хоног ажиллаж, 14 хоног амарна.
7. Ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.
8. Ажилтанд оноох сахилгын шийтгэлийг дараах таван хэлбэртэй болгосон.
Мөн хөдөлмөр эрхлэлтийн гэрээг цуцлахдаа,
·Хамт олонд хэлэхгүй хаалттай сануулах
·Хамт олны дунд нээлттэй сануулах
·Үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах
·Албан тушаал бууруулах
·Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгажээ. Сахилгын арга хэмжээний дээрх таван заалтыг заавал үе шат дараалан биш, ажил олгогч өөрөө сонгож хэрэглэж болно. Ажил олгогч нь ажилтны зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулна.
9. Зайнаас ажиллах, гэрээсээ ажиллах, туршилтын ажилтан, дагалдан ажилтан, малчин, туслах ажилтан нарын хөдөлмөрийн гэрээг зааглан зохицуулсан.
10. Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох буюу шинэ хөдөлмөрийн хуульд заавал ээж нь гэж хүйс заахгүйгээр эцэг нь ч эх нь ч хүүхдээ асрахад чөлөө авч болох зохицуулалтууд оруулжээ.