Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байгаа билээ. Бид Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатартай энэхүү түүхэн үйл явдалд VIII Богд Жавзандамба хутагтын оролцоо ямар байсан талаар ярилцлаа.
-Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний энэ баярын өдөр бид VIII Богд Жавзандамба хутагтын тухай заавал ярих учиртай. Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтыг түүхэн гавьяа талаас нь та ярьж өгвөл?
-Олон гавьяатай байх. Хүн юм чинь алгатай, цоогтой байж таараа. Аль нэг зүйлсийг хэт дөвийлгөдөг он цагууд байдаг. Хэт муучилдаг он цагууд байдаг. Бид саяхныг хүртэл Богдыг шар феодалуудын эцэг, монголын хөлс, хүч, цусыг сорсон аймаар амьтан гэж төсөөлөгддөг байлаа шүү дээ. Гагцхүү үнэн түүхээр дэлхийн олон улсын геополитикоос арчигдчихсан, Монгол газрын зураг дэлхийн глобус дээр тэмдэглэхээ байчихсан. Манай монголчууд өөрсдийгөө ярьдаг шүү дээ. Монголын түүх бол дэлхийн түүх юм гээд. Гэтэл үнэндээ XVII зууны сүүлээс ХХ зууны эхэн буюу энэ 1911 оны 12 дугаар сарын 29-н хүртэл бол дэлхийн газрын зураг дээр монголын газрын зураг байхгүй байсан. Үүнийг бий болгосон гавьяатай хүн бол Богд Хаан мөн. Хоёрдугаарт, манайхан үздэг юм. Тухайн үеийн хүчтэй байсан Манж Чин гүрэн унахад түүний харьяанд байсан улсууд тусгаар тогтнох нь аргагүй шүү дээ маягийн юм ярьдаг. Яг үнэндээ тэр 1886 оны Шинэ засгийн бодлого гарсан он цагтай зэрэгцээд түүний залгамж улс болох өнөөгийн БНХАУ тухайн цаг үеийн Дундад Иргэн улс гэдэг зүйл байгуулагдах бэлтгэл ажлаа хийж Манжийн төрийг үндсэндээ хятадууд удирдаж эхэлсэн байсан. Тэгэхээр Манж Чин гүрний төрийн уламжлалыг тухайн үеийн Дундад иргэн Улс өөрөө хэлбэл бид чонын амнаас гараад барын ам руу орж байгаа юм. Яг үнэндээ Манж Чин улс Монгол Улс хоёр зарим нь басаалт улс гэж хэлдэг юм. Тэр бүү хэл гэрээг нь харахаар их ойрын хамтарч байгаа улс шиг харагддаг зарим талаараа. Тэр битгий хэл хятадын тэр олон хүний нүүдлээс монгол цус, монгол газрыг хамгаалсан олон зүйл, заалтуудыг манайхан бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас энэ хүний гавьяа бол дэлхийн газрын зураг дээр Монгол гэдэг өнөөдрийнхөөс магадгүй 2-2.5 дахин том газар нутгийг бидний ярьдгаар Даяар монголын газар нутгийг дэлгэж тавьсан гавьяатай хүн гэж би боддог.
-Түүхэн цаг үе, тухайн нөхцөл байдлыг харвал VIII Богд Жавзандамба хутагтыг Хаан ширээнд залахаас өөр арга байгаагүй юу. Өөрөөр хэлбэл, шашинтай хүнийг Хаан болгох ийм нөхцөл байдал л байсан уу?
-Өнөөдөр шиг Монгол Улс эвээ алдчихсан гэдэг юм уу тийм байсангүй л дээ он цаг. Тэр үед 100 хувь соёл нь нэг, шашин нь нэг, үнэт зүйлс нь нэг байсан. Эдгээр гурван шалгуурыг давж гарсан хүн бол гагцхүү Богд Хаан байжээ гэж харж байгаа. Богдыг монголчууд Түвд хүн байсан гэж үздэггүй байсан. Өндөр Гэгээн Занабазарын Алтан ургийн хүн учраас энэ бол манай монголын Чингис хааны язгуур хүн гэж үздэг. Харагдаж байгаа бие нь Түвд биетэй боловч, түүний сэтгэл санаа, оюун тархи нь яалт ч үгүй Алтан ургийн хүн гэж монголчууд тэгж итгэж, сэтгэдэг байсан. Үүний тухай түүхэн баримтууд нь бий. Ер нь гаднын судлаачдын үзэж байгаагаар манайд сууж байсан тухайн үеийн оросын консулуудын бичиж байсан зүйлсийг харахаар бүгд монголд цахруудын дунд зөрчилдөөн байна. Гэвч эцсийн эцэст монголын хувь тавиланг халхууд нь шийдэх нь тодорхой юм. Тэр дундаа монголын хувь тавиланг шийдэхэд Богдын гүйцэтгэх үүрэг хамгийн том нь байх нь гарцаагүй юм гэдгийг бичсэн байгаа юм. Тэгэхээр энэ бол монголчуудын итгэл, үнэмшил. Богд хоёр настайдаа VIII Богдоор тодроод дөрвөн настайдаа хоёр жилийн турш явж байгаад ирсэн. 1974 онд VIII Богдын сэнтийд суухад таван настайдаа тангад хэлээ мартчихсан байсан. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийг монгол багш нар Монгол хүн болгосон байхгүй юу. Одоо орчин үед хүмүүс яриад байна шүү дээ. Чонын дунд, сармагчны дунд, магадгүй нохойн дунд өссөн хүн хэзээ ч нийгэмшихгүй байна гэж. Бүүр тэр рүүгээ зугтдаг. Манай Д.Бум-Очир доктор нэлээд ярьдаг. Тэр шинжлэх ухаанаар батлагдаж, нотлогдсон зүйл. Тэгэхээр хүүхдийг ямар хэлээр, ямар соёлоор угжиж хүн болгоно яг тэр соёлдоо тэр хэлнийхээ төлөө л зүтгэдэг нь тодорхой.
-Орчин цагийн антропологийн хувьд тогтоогдчихоод байна шүү дээ?
-Тийм. Яг үнэн.
-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрт зориулж манай үзэгчдэд мэдээлэл, ярилцлага өгсөн танд баярлалаа. Энэ өдрийн мэнд дэвшүүлье.
-Баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол түмэн маань Үндэсний эрх чөлөөнийхөө хувьсгалын 110 жилийн ойг өргөн сайхан дэлгэр тэмдэглэж байна. Та бүхэндээ баярын мэнд хүргэе.