УОК-ын шуурхай штабын нарийн бичгийн дарга Ц.Баярхүү, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр нар ковид-19 халдварын омикрон хувилбарын талаар мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулснаар Засгийн газраас тодорхой үүрэг чиглэлүүд өгсөн. Үүний дагуу УОК хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргалаа. Дэлхийн 100 гаруй улс оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр омикрон хувилбар бүртгэгдсэн. Арваннэгдүгээр сарын 27-ноос манай улс хилийн хяналтаа чангатгаж, гадаадаас ирсэн 5600 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Үүнээс 180 зөөвөрлөгдсөн тохиолдол хилийн хяналтын цэг дээр илрүүлсэн. Ирсний дараа иргэд 10 хоногт гэрийн ажиглалтад байх хугацаатай. Манай ХӨСҮТ-ийн баг 4 дэх хоногт нь PCR шинжилгээ хийхэд 37 тохиолдол илэрсэн. Үндсэндээ 200 гаруй тохиолдол хилийн чанадаас зөөвөрлөгдсөн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан цаашид Омикрон хувилбарыг дотоодод тархаахгүй байх эрсдэлийг бууруулах чиглэлээр өнөөдөр УОК-ын хурлын тогтоол гарсан. Үүнд,
Гадаадаас ирж байгаа иргэдэд арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн 3 хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаад 3 дахь хоногт нь шинжилгээ авч, шинжилгээний хариу сөрөг гарвал гэртээ харих тогтоол гарлаа. Хилийн чанадаас ирж байгаа бүх зорчигчид 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариутай бол онгоцонд сууж байгаа. Ирснийх нь дараа нисэх буудал дээр дахин түргэвчилсэн шинжилгээ авна. Ингээд зочид буудалд 3 хоног тусгаарлан 3 дахь хоног дээр нь дахин шинжилгээ авна. Үндсэндээ нэг хүнээс 3 шинжилгээ авч байж нийгмийн харилцаанд орж гэртээ харих бололцоо бүрдэнэ.
Манай улсад арванхоёр, нэгдүгээр сард томуугийн А, Б хүрээний идэвхтэй дэгдэлт явагддаг. Мөн омикроны дэгдэлт явагдвал манайд эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Бид аль болох омикроны дэгдэлтийг дотоододоо тархаахгүй, хязгаарлаж тодорхой хэмжээнд хяналт тавьж чадсанаараа иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, өрхийн орлого нэмэгдүүлэх ажлаа аль болох чөлөөтэй явуулах боломж бололцоо бүрдэнэ гэдэг үндэслэлээр энэхүү шийдвэрийг гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар омикрон 103 улсад бүртгэгдсэн гэдэг нь омикрон манайд орж ирэх нь цаг хугацааны асуудал гэдгийг өмнөх туршлагаасаа харж байгаа. Тиймээс аль болох эрсдэлийг бага хохиролтой даван туулах, учирч болох эрсдэлийг бууруулах зорилготой ийм шийдвэр гаргаж байна.
Манайд омикрон тархах өндөр эрсдэл бий. Өмнөх давлагаануудын үед халдварын тархалтын түвшин тогтоож, улаан, шар, улбар шар, ногоон түвшингийн журмын зохицуулалтыг гаргаж ирсэн. Гуравдугаар тунгийн ажил үргэлжилж байна. Тиймээс журамдаа өөрчлөлт оруулсан. Өмнөх маш хатуу зохицуулалтуудыг зөөллөж, үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг зорьж байна. ДЭМБ омикроныг бүртгэсний дараа халдварын хүчтэй давлагаа үүссэн. Үүнтэй холбогдуулан Европын улс орнууд олон нийтийн арга хэмжээг цуцалж, зарим хотуудад хөл хорионы дэглэм тогтоох арга хэмжээнүүд авагдсан. Бид үүнийг маш сайн үнэлэх хэрэгтэй байна. Халдварын давлагаа, түвшинг бууруулахын тулд тодорхой хязгаарлалт, хорионы арга хэмжээ хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газар, УОК аль болох хөл хорио тавихгүй, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлоготой байна. Иргэдээ вакцинжуулалтын гуравдугаар тундаа хамрагдахыг уриалж байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан "Бид хилийн нэвтрэх цэг дээр түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна. Мөн хөл хорионд орсон дөрөв дэх өдөр шинжилгээ авч байгаа юм. Хариуг нь үндэслэн Covid-19 гэсэн онош тавьж байна. Үүний дараа эерэг гарсан Covid-19-ийг ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн, ямар хувилбар вэ гэдгийг нь судалдаг.